Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын гишүүд хэлэлцэж, дэмжлээ. Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Олон нийтийн цагдаа гэдэг зүйл байдаг. Хуулийг нь харах юм бол нэлээд зардал мөнгө гарахаар юм шиг. Сэргийлэх гэдэг нэр томьёог хэрэглэж цагдаагаас ялгаж болдоггүй юм уу. Хошууч генерал цолтой юм шиг том хоёр таван хошуутай нөхдүүд суугаад байна. Цол тэмдэг олгодог олон улсын жишигт тааруулж болох уу? Дээр нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тусгай нэгж гэж оруулж өгмөөр байна. Мөрдөн байцаах, цагдаа хоёрыг хамт байлгаж болдоггүй юм уу. Мөрдөн байцаагч, цагдаа хоёр нь хамт яваад ажлаа хийдэг болвол ажилд нь үр дүн гарна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:
-2013 онд баталсан хууль бол Цагдаагийн байгууллагын тухай хууль байсан. Харин Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд цагдаагийн нийгмийн асуудал гэх мэт зүйлийг цогцоор нь тусгаж, оруулсан байгаа юм. Цол тэмдэгтэй холбоотой асуудлыг 2013 оны хуулиар албан тушаалын цолтой болгож, замбараагүй байдал үүсгэсэн. Тэгэхээр алба хаасан хугацаа зэргийг харгалзан цол тэмдэг олгоно гэж тусгасан.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Хуулийн төслийг дэмжиж байна. Энэ хуулийг өмнө нь батлагдсан хуультай зохицуулах шаардлага байж магадгүй, анхаараарай. Шүүхээр нотлогдоогүй шалгагдаж байгаа гэмт хэргийн талаар улс төрийн зорилготой сенсаци тарьдаг байдлыг хориглох хэрэгтэй. Хүн амины гэмт хэрэг юм уу сая гарсан архитай холбоотой асуудлыг бол нийтэд зарлаж болох байх. Гэхдээ шүүхээр нотлогдоогүй зарим асуудал дээр улс төрийн зорилготой дайраад орчихдог тохиолдол гардаг. Ийм зүйлийг холбогдох хуультай уялдуулж хориглох ёстой.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:
-Энэ хуулийн төсөлд хуулиас давсан ажиллагаа явуулахыг хориглосон маш нарийн заалт оруулж өгсөн.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Цагдаагийн байгууллагаас өгч байгаа тоог харахад гэмт хэрэг арай хэтэрч байна. Ганцхан жилд 162 тэрбум төгрөгийн хөрөнгөөр иргэд хохирч байна. Үүний гурван хүний нэг нь хохирлоо төлүүлж авдаг юм байна. Мөн нийт гарч байгаа гэмт хэргийн 50 хувь нь онц ноцтой гэмт хэрэг байна. Үүнийг энэ хуулийн төсөлд хэрхэн зохицуулж өгсөн бэ? Хөдөө орон нутагт залилан, малын хулгайн гэмт хэрэг маш их гардаг. Гэтэл ихэнх хэрэг шийдэгдэхгүй өнгөрдөг. Учир нь тухайн газар ажиллаж байгаа цагдаагийн тоо цөөн байгаатай холбоотой. Түүнчлэн цагдаагийн албан хаагчид үүргээ биелүүлж явахдаа амь насаа алдсан тохиолдол маш их гардаг. Хөдөлмөрийн чадвараа алдсан цагдаад тухайн гэмт хэрэгтнээс хохирлоо төлүүлж ав гээд орхидог. Маш олон цагдаа хөдөлмөрийн чадваргүй болцон байгаа шүү.
Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөр:
-Малын хулгай дээр эрүүгийн хэрэг үүсгэхгүй байгаа нь хуультай холбоотой юм. Учир нь өнөөдөр үйлчилж байгаа хуульд 240 мянган төгрөгөөс дээш хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэнэ гэсэн заалт байдаг. Тиймээс шинэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслөөр зохицуулах асуудлыг тусгасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:
-Гэмт хэргийн гаралт сүүлийн үед нэмэгдэж байгаа. Гэхдээ 2016 онд 2 хувиар буурсан байгаа юм. Гэмт хэрэг их гарч байгаагийн шалтгаан нь ажилгүйдэл, ядууралтай холбоотой. Гэхдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил бол зөвхөн цагдаагийн байгууллагын асуудал биш. Иргэд өөрсдөө ч тэмцэх ёстой. Хулгайн гэмт хэрэг хамгийн их гардаг. Тиймээс үүнтэй бодлогоор тэмцэнэ. Малын хулгайтай холбоотой гэмт хэргийн заалт нэлээд хатуу болж орж ирсэн. Цагдаагийн албан хаагчийн нийгмийн асуудалтай холбоотой нэлээд томоохон заалт орсон. Тухайлбал, цагдаагийн албан хаагч ажил үүргээ биелүүлж явахдаа амь насаа алдах юм бол нөхөн төлбөр олгоно, мөн гэр бүлд нь 10 жилийн турш цалин хөлсийг нөхөж олгоно гэх мэт заалт орсон.
УИХ-ын гишүүн А.Сүхбат:
-Малын хулгайн гэмт хэрэг болохоо больчихсон. Жишээ нь Төв аймагт малчин Б долоон шар үхэр алдсан. Үхэр хулгайлсан хулгайч тэр олон үхрийг яаж авч явсан байх вэ. Үүнд хардлага төрөөд байгаа шүү. Ийм асуудалд анхаарах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
-Цагдаагийн байгууллагын удирдлагыг Ерөнхий сайд санал болгож, томилох нь хэр зохимжтой вэ? Цаашид хэлэлцүүлгийн явцад баримтлах нэлээн хэдэн асуудал байна. Тэгэхдээ хуулийн төслийг дэмжиж байгаа гэлээ.
Үүгээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав.
Т.НОМИН