1. Урлагийн бүтээл
Халдены шоронг төлөвлөгчид хоригдлуудын сэтгэл зүйг тайван байлгахын тулд нэг сая ам.долларыг ханын уран зураг, гэрэл зураг, гэрэлтүүлгэнд зориулжээ. Нэгдүгээр зураг дээр гарсан ханын зураг нь Норвегийн графитти зураач Долкийн бүтээл бөгөөд бүтээлийн гол зорилго нь хязгаарлагдмал түгжигдмэл орчинд байгаа хоригдлуудад бага ч болов инээд, хошин байдлыг авчрахыг зорьжээ.
2. Дотоод тохижилт
Норвеги улсад хэрэгтэн онц ноцтой хүн амины хэрэг үйлдсэн байлаа ч ялын дээд хэмжээг 21 жил гэж заасан байдаг. Тиймээс ихэнх гэмт хэрэг үйлдэгчид эргэн нийгэмд хөл тавьдаг тул хоригдлуудыг эрх чөлөөтэй болох үед тэдэнд аль болох нийгмийн өөрчлөлт мэдрүүлэхгүйн тулд шоронг гадаад ертөнцтэй ижил, ойр байхаар дотоод зохион байгуулалтыг хийж өгчээ. Уг шоронгийн хорих өрөө бүр керамик угаалгын өрөө, жижиг оврын хөргөгч, өргөн дэлгэцтэй телевизортой байдаг аж.
3. Гэрээсээ гараад гэрт
Өдрийн ажлын дараа хоригдлууд оройн хоолоо өөрсдөө бэлтгэдэг ба 10-аас 12 хүн дундаа нэг галын өрөө мөн зочны өрөөтэй гэнэ. Түүнчлэн уг шоронд нэг ч тортой цонх байдаггүй ажээ.
4. Чөлөөт цаг
Хамгаалагчид өглөөний найман цагаас оройн найман цаг хүртэл төрөл бүрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Энэ нь хоригдлуудад шинэ хоббитой болох боломжийг олгодог ба мөн энэ нь шоронгийн аюулгүй байдлын стратегийн онцгой нэг хэсэг юм. Хоригдлууд уг шоронд сагс тоглож, хаданд авирч, зээрэнцэг шидэх зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлдэг.
5. Бичлэгийн студи
Түүнчлэн Халдены шоронд мэргэжлийн дуу бичлэгийн студи хүртэл байдаг. Хөгжмийн багш нар хоригдлуудыг хэзээ ч хоригдлын нүдээр харалгүй, шавиа гэж ханддаг ба төгөлдөр хуур, гитар гэх мэт хөгжмийн зэмсгүүдээр тоглож сурахыг заадаг. Уг шоронгийн гурван хоригдол саяхан American Idol-ийн Норвеги хувилбарт оролцоод амжжээ.
6. Шоронгийн талбай
Халдены архитекторууд 75 га газрын модыг унаган төрхөөр нь хадгалж, ургуулжээ. Энэ нь хоригдлуудад цаг хугацаа хэрхэн өнгөрч, дөрвөн улирал хэрхэн ээлжилж байгааг харуулж, мэдрүүлэх зорилготой.
7. Өнгөний зохицол
Шоронгийн гадна тал эргэн тойрон хүрээлэгдсэн ой шугуйтайгаа уусахуйц хүрэн өнгөтэй бол дотор тал нь жинхэнэ өнгөний тэсрэлтийг агуулжээ. Халдены шоронгийн удирдлагууд тусгай интерьер дизайнерыг хөлсөлж хүний янз бүрийн зан байдлыг илтгэх 18 өнгийг дотоод засалдаа оруулж өгсөн байна. Жишээ нь, ногоон өнгө тайван уур амьсгалыг бий болгож өгдөг бол улбар шаргал өнгө нь ажлын хэсэг, номын санд эрч хүчийг бэлэглэх увидастай юм.
8. Харгалзагчаас илүү
Норвегид шоронгийн харгалзагч нарыг хоёр жилийн хугацаанд бэлтгэдэг ба тэднийг АНУ, Их Британийн харгалзагч нартай харьцуулахад харьцангуй өндөр байр суурьтай байдаг. Тэд хоригдлуудын хувьд оногдсон ял нь учир утгатай, сэтгэл санааг ариусгаж эмчлэх эм гэж үздэг учир хоригдлуудтай аль болох олон цагийг хамт өнгөрөөж, хамт хооллож, хамт спортоор хичээллэдэг. Харгалзагч нарын тэн хагас нь эмэгтэйчүүд байдгийн учир нь Норвегийн удирдлагууд шоронд гарч болзошгүй хурцадмал байдлыг багасгаж, тайван байдлыг бий болгох гэсэн зорилготой нягт холбоотой.
9. Бүх зүйл нээлттэй
Норвегийн хоригдлууд хэдий эрх чөлөөгөө хязгаарлуулж байгаа ч, эрүүл мэндийн халамж, үйлчилгээнээс аваад бусад бүхий л эрх нь нээлттэй байдаг. Шүдний эмч, эмч сувилагч, тэр бүү хэл ном зүйч хүртэл хоригдлуудад үйлчилдэг ажээ.
10. Тосгоны хүмүүс
Хоригдлуудыг нэг хэвийн уйтгартай байдалд автуулалгүй хөгжүүлж туслахын тулд дизайнерууд хоригдлуудын амьдрах, ажиллах, чөлөөт цагаа өнгөрөөх орчныг маш тохилог байдлаар иж бүрэн бүрдүүлж өгчээ. Галын өрөөний лабораторид хоригдлууд өргөн хэрэглээний хоол хүнсийг бэлтгэх, боловсруулах аргад суралцдаг.