“Ардын их хурал” хөдөлгөөнийхөн дөрөвдүгээр сард багтаж жагсаал хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.01.20-нд нийтлэгдсэн

“Ардын их хурал” хөдөлгөөнийхөн дөрөвдүгээр сард багтаж жагсаал хийнэ

Ард иргэдийн амьдралын өнөөгийн хүнд нөхцөл нь төрийн тогтолцооноос үүдэлтэй гэж үзэн ард түмнийг засаглаж, эрхээ эдлэхийг уриалж буй “Ардын их хурал” хөдөлгөөнийхөн өнөөдөр /2017.01.20/ хоёр дахь удаагаа мэдээлэл хийлээ. Энэ удаад тус хөдөлгөөнийхөн нийслэлийн зургаан дүүрэг, орон нутгаар явж иргэдтэй уулзахаар болсон байна. Иргэдтэй уулзалт хийж, хөдөлгөөнийхөө зорилго, үйл ажиллагааг танилцуулсны дүнд дөрөвдүгээр сардаа багтаж жагсаал цуглаан зохион байгуулахаар төлөвлөсөн гэв.

Тэд өмнөх хэвлэлийн хурлаараа ард олонд эрх мэдэл олгохын тулд илүү эрчимтэй ажиллаж, өнөөгийн төрийн тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуулийн хүрээнд тайван замаар тэмцэнэ гэж зорилгоо танилцуулсан. Улмаар Үндсэн хуульд нэн даруй өөрчлөлт оруулах, иргэн хүний эрхийг дээдэлсэн, олигархиудын эрхийг хязгаарласан заалт оруулахын төлөө ажиллана гэж мэдээлсэн юм. Энэ мэдээллийг ЭНД-ээс үзнэ үү.

Хөдөлгөөний үүсгэн байгуулагчаар Улаанбаатар хотын ерөнхий менежер асан Б.Бадрал, ерөнхий зохицуулагчаар Б.Батсүх ажиллаж байна. Ингээд тэдний мэдээллийг хүргэе.

Орон нутгийнхан хамтарч хувьсгал, өөрчлөлт хийнэ гэдгээ илэрхийлсэн

“Ардын их хурал” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Батсүх “Бид нэгдүгээр сарын 5-нд хэвлэлийн хурал хийж, Ардын их хурал хөдөлгөөний үйл ажиллагаа, тагнуул цагдаагийн байгууллага бидний эрхийг хэрхэн зөрчсөн тухай мэдээлсэн. /Мэдээллийг ЭНД-ээс үзнэ үү/

Нэгдүгээр сарын 5-наас хойш хэд хэдэн ажил хийлээ. Тухайлбал, Шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн өдрөөр депутатуудтай уулзаж, санал бодлыг нь сонслоо. Тэд  Ардын их хурал гэх ийм төрийн тогтолцоог бий болгох нь зүйтэй, олигархи, цөөн хэдэн улстөрчдөөс салах, ард түмэн засаглалаа хэрэгжүүлэх бодитой алхам бол энэ гэдэг дээр санал нийлсэн. Мөн орон нутгаас бидэнтэй хамтарч хувьсгал өөрчлөлт хийнэ гэж дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Ирэх долоо хоногоос төвийн зургаан дүүргээр явж иргэдтэйгээ уулзалт хийнэ. Ардын их хурал хөдөлгөөнийхөө тухай, хувьсгал тэмцэл, жагсаал хийх талаар мэдээлэл өгөх юм” гэлээ.

Тэгвэл “Ардын их хурал” хөдөлгөөний гишүүн Т.Батбаяр “Уулзалтаар нэн тэргүүнд иргэдийн аж амьдрал ямар байна вэ, улс орны өнөөгийн нөхцөл байдал, иргэд үүн дээр ямар үзэл бодолтой байгааг сонсоно. Мөн Ардын их хурал хөдөлгөөний зорилго, зорилт, улс орны төрийн байгуулалтын тогтолцоо юун дээр алдаж байна вэ, засахад юу хийх вэ гэдгийг иргэдэд ухуулан таниулж, санаа бодлыг нь сонсохоор төлөвлөсөн” гэв.

Харин “Ардын их хурал” хөдөлгөөний гишүүн Д.Баясгалан “12 дугаар сараас хойш олон уулзалтыг төрийн бус байгууллага болон дэмжигчидтэй хийсэн. Цаашид төрийн тогтолцоог өөрчилье гэдэг дээр хүн бүр санаа нийлж, биднийг дэмжиж байна. Орон нутгаас хүртэл яаж холбогдох вэ гэж асууж байгаа. Мөн иргэд маань фэйсбүүк дэх “Ардын их хурал хөдөлгөөн” хуудаснаас уулзалтын хуваарь, мэдээллийг авч болно. Нэгдүгээр сарын 21 буюу маргааш Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуульд эхний уулзалт болох юм. Төвийн зургаан дүүрэг болон орон нутагт энэ сардаа багтаж очиж, уулзалт хийнэ” гэж мэдээллээ.

Эх оронч үзэл давамгайлж байгаа тул айх зүйлгүй

Тэгвэл “Ардын их хурал” хөдөлгөөний үүсгэн байгуулагч Б.Бадрал “Иргэдтэй уулзахад байр савны асуудлаас эхлээд хүндрэл үүсч байна. Уг нь хэдэн жилийн өмнө энэ төрлийн уулзалт хийж байхаар байгуулсан Иргэний танхимууд бий. Хороо, дүүрэг, нийслэл бүрд ийм танхим байдаг. Гэтэл эрх баригч намын өмчлөлд очоод, хорооны засаг дарга нар нь улс төрийн харьяалалтай болсон байна.

Бид өмнө нь ярьж байсан. Одоогийн эрх барьж буй намын үйл ажиллагаа нь цөөнхи, олигархийн тогтолцоог улам бэхжүүлэх чиглэлд явж байна. Иргэдийн хувь заяа, бизнес эрхлэх боломжийг ч хааж боодог. Олигтой бизнестэй иргэдийн ажлыг булааж, шинээр ажил эхлэх боломжийг бүрэн хаасан. Тэгсэн мөртлөө эдийн засгийг сайжруулъя гэсэн үлгэр домог шиг юм ярьж байна. Гадаадын санхүүжилт, олон улсын байгууллагад хандана гэж байна. Эцсийн эцэст Монгол Улс Монголдоо өөрийнхөө хувь заяаг өөрсдөө л шийднэ. Бид өөрсдөө маш их баялагтай улс.

Үнэхээр Улаанбаатарыг аз жаргалтай хот болгоё гэж байгаа бол түүнийгээ эхлээд томъёол. Бид аз жаргалын төлөө юу хийх ёстой вэ, эсвэл хэн нэгнийг хүлээгээд, биднийг аз жаргалтай болгох юм уу. Төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг шиг хүн бүр дор бүрнээ бодож, бидэнтэй хамтраач ээ гэж хэлье. Эцсийн бүлэгт хотын төвийн зургаан дүүргийн хорооны засаг дарга нар бүү улстөржөөч ээ. Бид адилхан иргэн хүн байна. Сэтгэл үнэмшлээрээ явж байгаа зүйлийг дандаа арилжааны хэлбэрт оруулж, зоосны нүхээр харахаар эхнээсээ буруу болоод байна. Энэ бол бүгд манай тогтолцооны гажиг. Бид энэ гажигтай эцсээ хүртэл тэмцье. Бид “Ардын их хурал” хөдөлгөөнийхөө үйл ажиллагааг улам эрчимжүүлнэ. Ард иргэд маань хүссэн хүсээгүй жагсаал цуглаанд өөрсдөө ирэх байх. Биднийг цэвэр эх оронч үзэл давамгайлж байгаа учраас айж эмээх зүйл огт байхгүй гэв.

Б.ЗАЯА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж