Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Пепси брэндтэй хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй футзалын “Пепси лиг”-ийн тавдугаар тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдээр явагдана.
Тойргийн нээлтийн тоглолт бямба гаригийн 12:00 цагт “Хангарьд”, “Соёмбын барсууд” багуудын хооронд өрнөнө. Тус хоёр баг өнгөрсөн жилийн “Пепси лиг”-т учраа таарахад “Хангарьд” 7:3-аар хожсон. “Армийн баг” 2015 оны “Хүрхрээ” дээд лигийн хоёрдугаар тойргийн хүрээнд “Хангарьд”-ыг талбайд нь 2:3-аар хожсон нь Орхон аймгийн багийг буулган авсан ганцхан тохиолдол юм.
Тэрхүү тоглолтын дараа “Атлетик 220”, “Сэлэнгэпресс” клубууд 14:00 цагаас тоглоно. “”Сэлэнгэпресс” гурван тоглолтоос ганц ч оноо аваагүй байгаа нь клубын түүхэнд байгаагүй муу амжилт болоод байна. Тэд ямар ч лигт нээлтийн гурван тоглолтодоо дарааллан хожигдож байгаагүй. Эсрэгээрэ 220 мянгатын хөвгүүд дөрвөн тойргийн дараа хоёр хожил, нэг тэнцээ, нэг хожигдолтой тавдугаар байрт бичигдэж байгаас гадна “Сэлэнгэпресс”-тэй хийсэн сүүлийн хоёр тоглолтод /футзал/ хожсон гэсэн эерэг үзүүлэлттэй байна.
Бямба гаригт гурван тоглолт явагдахын сүүлийнх нь “Бумаасанаа”, “ Улаанбаатарын Мазаалайнууд” багуудын хооронд өрнөнө. “УБ Мазаалайнууд”-ын хоёрдугаар баг гэгддэг “Бумаасанаа” футзалын УАШТ-ээс “Пепси лиг”-ийн эрхээ авч футзалын лигт өрсөлдөх болсон нь энэ улиралын онцлох үйл явдалуудын нэг байлаа. Тэгвэл хоёр баг бямба гаригийн 16:00 цагт нүүр нүүрээ харахаар боллоо. Энэхүү хоёр баг анх удаа “А” зэрэглэлийн тэмцээнд учраа таарч байна.
Тавдугаар тойргийн хамгийн сонирхолтой тоглолтоор нэрлэгдэж буй “Арвис”, “Унаганууд” клубуудын тулаан ням гаригийн 12 цагт МХБХ-ны футзалын ордонд болно. Футзалын лигийн гурван удаагийн аварга “Унаганууд”-ыг ямар баг зогсоох вэ? гэсэн асуултад “Арвис” клубын залуус хариулт өгөхийг хичээнэ. “Унаганууд” өнгөрсөн жилийн “Пепси лиг”-ийн 11 тоглолттой нийлээд 14 тоглолт дарааллан хожоод байгаа учраас “Арвис”-ыг маш том даваа хүлээж байна. “Арвис” 4-р тойрогт өнгөрсөн жилийн мөнгөн медалт “Хангарьд”-ыг 5:3-аар буулган авсан бол энэ удаад “Унаганууд”-ыг хожих хүндхэн даалгавартай боллоо.
Тойргийн хөшгийг хааж “Гоёо”, “Хоромхон” клубууд ням гаригийн 14:00 цагт тоглоно. Энэ тоглолт нь хоёр багийн анхны учраа юм. “Хоромхон” 2016 оны “Пепси лиг”-ээс хүрэл медаль хүртсэн бол “Гоёо” футзалын УАШТ-ээс эрхээ аван энэ улиралд анх удаа “Пепси лиг”-т оролцож байгаа. Хэрэв “Гоёо” “Хоромхон”-г хожвол ижил есөн оноотой болж, хоорондын тоглолтоор дээр нь бичигдэх боломжтой учраас энэхүү тулаан олны анхаарлыг татаж байна.
Эх сурвалж: МХБХ