Амралтын өдрөөрөө гэр бүлийнхнийхээ хамтаар үзвэр үзэхээр шийдсэн бол “Амралтын хөтөч” буланг сонирхоорой.
Сонгодог урлаг:
Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт 17:00 цагаас “Чингис Хаан” дуурийн тоглолт болно. Тус тоглолт нь 120 минут үргэлжлэх бөгөөд тасалбар 10-20 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.
Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын "Чингис хаан" хэмээх 2 бүлэг 6 үзэгдэлт дуурийн анхны тоглолт 2003 оны тавдугаар сарын 3-ны өдөр болжээ. Дуурийн цомнолыг Ардын уран зохиолч П.Бадарч бичсэн ба Их Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлжээ. Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их гүрнээ байгуулж, хамаг Монгол улсаа сэргээн мандуулж, Их тулгар төрийг байгуулсан тухай дуурь юм.
Удирдаач Ж.Бүрэнбэх, найруулагч Л.Эрдэнэбулган, Зураач Ч.Гунгаасүх нар анх бүтээсэн болно. Өнгөрсөн 53 дахь улиралд буюу 2016 оны 6 сард УГЗ Ч.Найдандорж шинэчлэн найруулж, удирдаач Н.Туулайхүү ажиллажээ.
Хөгжим: Б.Шарав
Цомнол: П.Бадарч
Удирдаач: УГЗН.Туулайхүү
Найруулагч: УГЗ Ч.Найдандорж
Ерөнхий зураач: АЗЧ.Гунгаасүх
Тайзнаа анх тавигдсан: 2003.05.03
Улсын Драмын Эрдмийн Театрт 18:00 цагаас зохиолч Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" жүжиг тавигдана. Тоглолт 120 минут үргэлжлэх юм. Тасалбарыг 10-25 мянган төгрөгөөр худалдаалж байгаа аж.
Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, Улсын Драмын Эрдмийн Театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн "Жаргаагүй нар" түүхэн жүжгийг энэ цаг дор үзэгч олны оюуны мэлмийд театрын уран бүтээлч, хамт олон өргөн барьж байна.
Үлгэр домог мэт амьдарч, бүтээсэн бүтээл, замнасан мөрөөрөө хүн зоны зүрх сэтгэлд "гэрэлт хөшөө" юугаа цогцлоон бүтээсэн энэ их хүн ахархан хийгээд ээдрээт амьдралдаа хэчнээн ихийг бүтээн туурвиж, оюуны их сан хөмрөг, өвийг хойч үе ирээдүй цагт үлдээж өгөө вэ? Их зохиолч өнөөдөр ч бидний оюун санаа, сэтгэл зүрхэнд сэрүүн тунгалаг, мөнх хэвээр байгаа бус уу?
Зохиолч Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" жүжгийн найруулагчаар Ч.Түвшин (СТА) ажиллаж гол дүр Нацагдоржийг жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламыг жүжигчин Н.Баярмаа нар бүтээж байна.
Зохиолч: Ш.Гүрбазар
Найруулагч: Ч.Түвшин (СТА)
Жүжгийн нээлт: 2016.11.04
Т.НОМИН