-Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол бурхан багш Ерөнхий сайд болоод ч Монгол хөгжихгүй-
Эцэг эхээс өгсөн Н.Батбаяр гэх нэрнээсээ илүү “Фортуна” гэдгээр нь Монголд түүнийг мэдэхгүй хүн цөөхөн. Эрх мэдэлтэй байхдаа сэтгүүлчдээс үргэлжид зайгаа барьдаг байсан тэрбээр сүүлийн үед хэвлэлд нээлттэй нэгэн болж хувирсан. Шалтгааныг нь та бидний ярилцлагаас олж уншина биз ээ.
-Сайхан өвөлжиж байна уу, та. Сонгуулиас хойш тантай уулзсангүй. Ингэхэд та амраад байна уу, аль эсвэл ажиллаад байна уу?
-Сонгуулиас хойш нэг хэсэг амарсан. Одоо улс төрийнхөө ажлыг хийж байх шив дээ. Намын шинэчлэл болон Үндсэн хуулийн өөрчлөлт дээр ажиллаж байна.
-Сүүлийн үед та хэвлэлээс салахаа больж. Өмнө нь сэтгүүлчдийг харахаараа зугатах шахам л явчихдаг байсан санагдана?
-Өнгөрсөн дөрвөн жил манай нам засгийн эрх барьж байсан. Нэгэнт сайд болсон хүн яриад явах биш хийх ёстой учраас би хэвлэлд яриа өгдөггүй байсан. Миний хувьд хамгийн сайн пи-ар бол хийсэн ажил маань гэж боддог. Сайдаа өгсний дараа ч, сонгуульд ялагдсаны дараа ч юм яриагүй. Яагаад гэвэл гоншигноод байх хэрэггүй гэж бодсон. Харин шинэ Засгийн газрын үйл ажиллагааг зургаан сар хараад одоо дуугарах цаг болсон гэж үзсэн.
-Ямар шалтгаанаар хэвлэлд ийм “хайртай” болчихов оо?
-Би сүүлийн 10 жил Үндсэн хуулийн өөрчлөлт дээр ажиллаж ирсэн. Түүнийгээ ажил хэрэг болгох зорилго л надад байна.
ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭР НЬ Ч, ТАНХИМЫН САЙДУУД НЬ Ч ТОДОРСОН БАЙНА ЛЭЭ
-Танай намынхан гэнэтхэн л ар араасаа ярилцлага өгөөд, Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэх дуугараад эхэллээ. Үнэндээ яг одоо намын шинэчлэл ярих ёстой хүмүүс чинь Үндсэн хуулиа өөрчилье гээд бүр том асуудал дэвшүүлээд эхлэхээр гайхах хүмүүс олон байх шиг?
-Гэнэтхэн бишээ. Үндсэн хуулийг өөрчлөх асуудал олон жил яригдаж байгаа том сэдэв. Ялангуяа миний хувьд Үндсэн хуулийн өөрчлөлт дээр сүүлийн долоо, найман жилүүдэд дагнаж ажилласан. Та мэдэж байгаа байх, би анхны ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан 430 гаруй депутатын нэг. Одоогоос зургаан жилийн өмнө би Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэсэн асуудлыг дэвшүүлээд ажлын хэсэгт орж ажилласан юм. Гэвч, тухайн үед Үндсэн хуулиа өөрчилж чадаагүй. Өмнөх парламентын үед Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийг ахалж ажилласан. Парламентын 47 гишүүний гарын үсэгтэй төсөл боловсруулаад өргөн барьсан ч бас л өөрчилж чадаагүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг парламентын гишүүний дөрөвний гурав буюу 57-гоос доошгүй хүн дэмжиж байж л хийгддэг ёстой. Бид нар хоёр удаа оролдлого хийсэн байна. Хоёуланд нь ажил болгож чадсангүй ээ.
-Өмнөх парламентад танай нам олон суудалтай байсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх цаг хугацаа ч байсан. Тэгээд яг юу нь болоогүй юм бол?
-Ардчилсан нам өнгөрсөн 26 жилийн түүхэнд найман удаа сонгуульд оролцоход нэг ч удаа олонх болж үзээгүй нам. Хамгийн олон буюу 1996 онд 50 суудал авч байсан. Гэхдээ тэр үед хуулийн ирц УИХ дээр 51 хүнтэй байсан юм. Тэр утгаараа Ардчилсан нам түүхэндээ олонх болж үзээгүй. Бидэнд 57 суудал байхгүй учраас Үндсэн хуулийг өөрчлөх боломж гарсангүй. Оролдлого бол хийсэн.
Хэдхэн хоногийн өмнө Үндсэн хууль баталсны 25 жилийн ой боллоо шүү дээ. Хорин таван жил гэдэг бага хугацаа биш. Өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярихгүй хүн бараг байхгүй болжээ. Бүх хүн Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж ярьж байна. Яагаад ингэж яриад унав гэхээр Монгол Улсын хөгжил, амжилт ололт алдаа дутагдлыг хараад үзвэл нийгэм өөрийнхөө хөгжлийн төвшинд хангалуун бус байна. Уг нь 25 жил бол нэг улсын хувьд хөл дээрээ зогсох хангалттай хугацаа. Дэлхийн улс орнуудын хөгжлийг судалж үзлээ л дээ. Жишээлбэл, Сингапур байна. 1965 онд байгуулагдсан. Ерэн он гэхэд аль хэдийн хөгжчихсөн байсан. Герман, Япон хоёрыг аваад үзье. 1945 оны дайнд балгас болсон улсууд байсан. Хорин таван жилийн дараа хөгжилдөө хүрчихсэн байсан. Ингээд харахаар 25 жил гэдэг аль нэг улс хөл дээрээ босох хангалттай хугацаа байдаг юм байна л даа. Харин Монгол хөл дээрээ боссон гэж хэлж чадахгүй. Хугацаа бидэнд хангалттай байсан юм байна. Гэхдээ боломжийг ашиглаж чадсангүй. Дэлхийн улс орнуудын хөгжлийг судлаад үзлээ л дээ. Ямар улс хөгжилтэй байдаг юм бэ гэсэн чинь хариулт нь нэг байсан.
-Ямар хариулт гарсан юм бэ. Хэрэв Монгол Улс өнгөрсөн хугацаанд хөгжиж чадаагүй гэвэл засгийн эрхийг ээлжилж, эсвэл хамтарч барьж ирсэн АН, МАН хоёр л буруутай гэсэн үг биз дээ?
-Улсынх нь удирдагч ухаантай бол хөгждөг юм байна. Улсынх нь удирдагч ухаан муутай бол хөгждөггүй юм байна. Өнгөрсөн 26 жилийг эргээд харахад Монголд удирдагч төрсөнгүй. Удирдагч гэж би ганц тоон дээр ярьж байгаа шүү. Гэтэл манайх гурван толгойтой болчихсон. Уг нь айл нэг л аавтай байдаг биз дээ. Манайд гурван “аав” байна гэсэн үг. Энэ нь юунаас болсон бэ гэвэл манай төрийн тогтолцооноос болжээ. Тэгэхээр төрийн тогтолцоогоо өөрчлөхийн тулд Үндсэн хуулиа өөрчлөхөөс өөр арга замгүй. Улс орнуудын засаглалыг аваад үзэхээр Ерөнхийлөгчийн, хаант, парламентын засаглалд хуваагддаг юм байна. Парламентын засаглалтай 50-иад орныг харахаар Монгол шиг Ерөнхийлөгчөө бүх ард түмнээс сонгодог 11 улс байдаг. Гэхдээ тэр дотор Монгол шиг Ерөнхийлөгч нь асар том эрх мэдэлтэй нэг ч улс байхгүй. Бусад орон бол Монголыг Ерөнхийлөгчийн болон парламентын хосолсон засаглалтай гэж үздэг. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэсэн үгтэй байх аа. Засаглалаа аль нэг тийшээ шийдэхгүй бол Монгол хөгжихгүй нь. Нэг бол парламентын засаглалтай болох ёстой. Үгүй бол Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй.
-Ардчилсан нам, Монгол ардын нам хоёулаа лидерийн хомсдолд орчихсон байгаа. Тэгэхээр Монгол яаж лидертэй болох ёстой гэж?
-Дэлхийн улс орнуудын жишгийг харахад удирдагч гурван янзаар төрдөг юм байна. Нэгд, хааны хүүхэд хаан болдог юм байна. Манайд ийм байх боломжгүй. Хоёрт, өөрөө хувьсгал хийгээд гарч ирдэг юм байна. Бид ерэн онд хувьсгал хийчихсэн. Одоо дахиад хувьсгал юм уу, төрийн эргэлт хийх нь хүсэх зүйл биш. Гуравдахь нь тэр хүнийг төрүүлдэг юм байна. Төрүүлдэг гэдэг нь эрх мэдэлтэй, албан тушаалыг бий болгох явдал. Ерөнхийлөгчийн засаглалтай бол Ерөнхийлөгчид, парламентын засаглалтай бол Ерөнхий сайдад том эрх мэдэл өгдөг юм байна. Нөгөө цол дагаж бяр нэмнэ гэдэгтээ адилхан. Монгол 26 жил удирдагчаа хүлээлээ. Гэвч тодорсонгүй. Яагаад гэвэл манай засаглалын тогтолцоо ийм боломж олгосонгүй. Тиймээс удирдагчаа тодруулъя гэвэл Үндсэн хуулиа өөрчилье. Засаглалын эрх мэдлийг нэг институци дээр төвлөрүүлье. Миний хэлэх гээд байгаа гол санаа ердөө энэ. Тэгэхээр Монгол парламентын засаглалтай орон. Тиймээс энэ хүрээнд өөрчлөлт оруулаад Ерөнхий сайдаа хүчтэй болгох нь хамгийн чухал байна.
-Ардчилсан намынхан ингэж ярилаа гээд юу өөрчлөгдөх юм бэ. Танай намынхан өнөөдөр бүгд "гудамжинд" байна. Та нарт эрх мэдэл алга. УИХ дээр есхөн суудалтай намын үгийг одоо олонх сонсоно гэдэгт та итгэлтэй байна уу?
-Монгол ардын намд өнөөдөр 65 суудал байна. Үндсэн хуулийг батлахад 57 суудал хэрэгтэй. Аль нэг нам 57-гоос дээш суудал авна гэдэг Үндсэн хуулийн олонх бүрдлээ гэж үздэг. Тэгэхээр Ардын намд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх мэдлийг ард түмэн сонгуулиар өгчихлөө. Үүнийг хийх нь Ардын намын үүрэг болсон. Өөрчлөлтийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийх ёстой. Өмнө хийж чадахгүй бол дахиад найман жил алдана гэж тантай хоёр жилийн өмнө ярилцлага хийж байхдаа би хэлж байсан даа. Яагаад гэвэл шинэ Ерөнхийлөгч гарчихвал тэр хүн хийлгэхгүй ээ. Манай Ерөнхийлөгч чинь бяртай шүү дээ. Хууль санаачилна, хориг тавина, шүүх, прокурор, АТГ эрх мэдэлд нь байна. Гэхдээ бүтээн байгуулалтын эрх мэдэл Ерөнхийлөгчид байдаггүй юм. Өөрөөр хэлбэл, хориг тавихдаа сайн, хийх юмандаа тааруухан Ерөнхийлөгчтэй. Би хүний тухай яриад байгаа юм биш шүү. Эрх зүйн орчин нь өөрөө Ерөнхийлөгчийн институцийг ийм том эрх мэдэлтэй болгочихсоныг л шүүмжилж байна. УИХ-ын дарга нь бас л том эрх мэдэлтэй. Гэтэл бүтээн байгуулалт хийх үүрэгтэй Гүйцэтгэх засаглалд нь эрх мэдэл нь хангалтгүй байна. Хоёр жил болоод огцордог засаг юу хийж чадах юм бэ.
Нэгдүгээрт, дээр хэлсэнчлэн Гүйцэтгэх засаглалаа нэг толгойтой болгоё. Хоёрдугаарт, намаар талцдаг явдлаа зогсооё. Намаар талцлаа гээд ямар ашиг тус Монголд ирэв. Тийм учраас орон нутгийн сонгуулийг намаар явуулахаа больё. Сум, дүүргийн засаг даргаа ард түмэн шууд өөрсдөө сонгоод явдаг өөрчлөлтийг хийх шаардлагатай. Хүнээ таньдаг газраа хүнээ сонгоод, хүнээ таньдаггүй газраа намаа сонгоод явъя. Хэрүүл, уруул, талцалаа УИХ дээрээ хийдэг юм байгаа биз. Тэгэхээр УИХ дээр Ардын нам 65 суудалтай байна. Тэдний хийх ажлыг өмнөх парламент бэлтгээд өгчихсөн. Одоо Үндсэн хуулиа өөрчлөхийг сануулж байна. МАН-ын дарга М.Энхболдын мэргэн ухаанаас Монгол төр, түмэн олны заяа хамаарах гээд байна.
Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН ялсан ч, ялагдсан ч Засгийн газраа огцруулна гээд дараагийн Ерөнхий сайдын нэр нь ч, танхимын сайдууд нь ч бас тодорсон байна лээ. Уг нь Монгол Улсын хувьд хэн дараагийн Ерөнхий сайд болох нь чухал биш засаг тогтвортой байх хэрэгтэй. Энэ зөвхөн намуудын асуудал биш, ард түмний асуудал болчихоод байна. Дээдэх нь гүйдлээ олохгүй бол доодох нь суудлаа олохгүй гэж үгтэй. Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол бурхан багш Ерөнхий сайд болоод ч Монгол хөгжихгүй.
-Ер нь бол Ардчилсан нам өөрсдийнхөө алдааг Үндсэн хуульд тохоод байна гэсэн шүүмжлэл гарч байгаа. Ний нуулгүй хэлэхэд танай нам өнгөрсөн дөрвөн жил эрх мэдлээ булаацалдаад тамираа тасартал зодолдсон. Энэ бүх буруугаа зөвхөн Үндсэн хуулиас болсон гэж бодоогүй байлгүй?
–Ганцхан Ардчилсан намынхан зодолдоод байдаг юм биш. 2004-2008 онд М.Энхболдыг Ерөнхий сайдаас нь МАН-ынхан өөрсдөө авч хаясан шүү дээ. Оронд нь С.Баяр томилогдсон. Тэр үед УИХ-ын даргаас Ц.Нямдоржийг “хөнжилдөө хууль заслаа” гэж Ардын намынхан мөн л огцруулж байсан юм. Оронд нь Д.Лүндээжанцанг томилж байлаа. Ардчилсан намын алдааг олж хараад байдаг, Ардын намынхныг болохоор дуугүй өнгөрдөг байж болохгүй биз дээ. Ардчилсан намынхан ч хоорондоо зодолдсон, Ардын намынхан ч хоорондоо зодолдсон. Аль, аль нь болохгүй байгаа нь Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатайг харуулж буй юм. Өнгөрсөн 26 жилийн хугацаанд Монгол Улс 15 Засгийн газрын нүүрийг үзсэн. Нэг Засгийн газрын ажилласан дундаж хугацаа хоёр жил хүрэхгүй байна. Засгийн газрын тогтворгүй байдал Монгол хөгжихгүй байгаагийн гол шалтгаан болсон. Өнөөдөр Ардын нам 65 хүнтэй хэрнээ тэд засаглаж чадаж байна уу. Чадахгүй байна. Манай нам өнөөдөр парламентад 9 хүнтэй. Сөрөг хүчин хүчгүй байхаар олонх дотроо задардаг юм байна. Олонх дотор эсрэг хүчин үүсдэг юм байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард засгаа огцруулна гээд хорь гаруй хүн гарын үсэг зурчихсан байсан шүү дээ. Нэг гишүүний бланкан дээрх бичгийг би харж л байсан, нэрийг нь цохоод яахав.
-Тэгэхээр ардын засаг нурж унах нь хэзээ мөдгүй болсон гэсэн үг үү?
-Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН ялсан ч, ялагдсан ч Засгийн газраа огцруулна гээд дараагийн Ерөнхий сайдын нэр нь ч, танхимын сайдууд нь ч бас тодорсон байна лээ. Уг нь Монгол Улсын хувьд хэн дараагийн Ерөнхий сайд болох нь чухал биш засаг тогтвортой байх хэрэгтэй. Энэ зөвхөн намуудын асуудал биш, ард түмний асуудал болчихоод байна. Дээдэх нь гүйдлээ олохгүй бол доодох нь суудлаа олохгүй гэж үгтэй. Үндсэн хуулиа өөрчлөхгүй бол бурхан багш Ерөнхий сайд болоод ч Монгол хөгжихгүй.
-Нэг нам үнэмлэхүй олонх байгаа нөхцөлд Үндсэн хуулийг өөрчлөх нь зохимжгүй юм биш үү?
-Анхны ардчилсан Үндсэн хуулийг баталсан 430 депутатын 80 гаруй хувь нь Ардын намынхан байсан. 2000 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад 76 гишүүний 72 нь МАН-ынхан байсан. Эргээд харахаар бид санаачилдаг, тэд өөрт ашигтай гэсэн цаг хугацаандаа гүйцэлдүүлдэг юм байна.
ХҮНЭЭ МЭДДЭГ, МӨНГӨӨ МЭДДЭГ ЕРӨНХИЙ САЙДТАЙ БОЛМООР БАЙНА
-Дараагийн Ерөнхийлөгчийг томилохоос өмнө Үндсэн хуулийг өөрчлөх хугацаа байна уу?
-Хуулиар бол нээлттэй. УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуулийг өөрчлөхгүй гэсэн заалттай болохоос Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өөрчилж болохгүй гэсэн хууль байхгүй. Тэгэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлыг нэн даруй хийх шаардлагатай.
Уул уурхайн дэд сайдыг томилуулахаар МАН-ын бүлгийн 13 гишүүн намын даргадаа өргөх бичиг барьсан байна. 1997 онд манайд “Элсний 13” гэж гарч ирээд засаг унасан. 2007 онд МАН-д “Элсний 13” гарч ирээд М.Энхболдыг Ерөнхий сайдаас нь огцруулах эхлэлийг тавьж байсан. Одоо Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдтай, М.Энхболд намын даргатай Засгийн газарт аюул нүүрлэж байна гэсэн үг. Яагаад гэвэл Ардын нам ахиад элсний 13-тай боллоо. Намын даргадаа өргөх бичиг барьсан 13 хүнийг харахад нам дотроо аль нэг фракцид шууд ордоггүй улстөрчид нэгдсэн байна лээ.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслөө МАН-ын бүлэг эргүүлэн татлаа. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн сонгууль болох уу гэсэн эргэлзээ ч улс төрд бий болчихлоо?
-Мэдээж хэрэг. Зөвхөн энэ үйлдэл ч биш. Уул уурхайн дэд сайдыг томилуулахаар МАН-ын бүлгийн 13 гишүүн намын даргадаа өргөх бичиг барьсан байна. 1997 онд манайд “Элсний 13” гэж гарч ирээд засаг унасан. 2007 онд МАН-д “Элсний 13” гарч ирээд М.Энхболдыг Ерөнхий сайдаас нь огцруулах эхлэлийг тавьж байсан. Одоо Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдтай, М.Энхболд намын даргатай Засгийн газарт аюул нүүрлэж байна гэсэн үг. Яагаад гэвэл Ардын нам ахиад элсний 13-тай боллоо. Намын даргадаа өргөх бичиг барьсан 13 хүнийг харахад нам дотроо аль нэг фракцид шууд ордоггүй улстөрчид нэгдсэн байна лээ. 65 хүнтэй бүлэг засгаа огцруулах хөдөлгөөн өрнүүлж байгааг харахад нэг нам дангаараа 76 суудал авлаа ч Монголын Улс Засгийн газар тогтвортой ажиллаж чадахгүй байдал харагдаж байна. Өнгөрсөн хугацаанд бид асуудал хүндээ байна гээд хүнээ солиод байсан. Гэтэл асуудал нь хүндээ биш тогтолцоондоо байгааг ухаарах цаг болсон. Үнэмлэхүй олонх засгаа тогтвортой байлгах ганц арга нь Үндсэн хуулиа өөрчлөх юм байна. Олуулаа болсноор засаг тогтвортой болдоггүй, харин эрх мэдэл бүхий Ерөнхий сайдтай болсноор засаг тогтвортой болдог юм байна.
-Эрх мэдэл бүхий Ерөнхий сайд гэж хэнийг хэлж байгаа юм бэ?
-Хүнээ мэддэг, мөнгөө мэддэг Ерөнхий сайдыг хэлж байгаа юм. Төсөв, эдийн засгийн эрх мэдэлтэй, Засгийн газрын гишүүдээ өөрөө мэдэж томилдог УИХ-ын ээлжит бус сонгуулийг зарлах эрхтэй Ерөнхий сайдыг хэлж байгаа юм.
-Үндсэн хуулийн тухай яриагаа хоёулаа завсарлая. Энэ асуудлаар та нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Ардын намынхан тэгээд авах, гээхийн ухаанаар хандана биз дээ. Танаас асуух ёстой нэг асуулт бол Чингис бондын мөнгө. Олон улсын зах зээлээс 1.5 тэрбум ам.долларыг “олж” ирсэн гол хүн бол та. Чингис бондын мөнгө Монголын эдийн засагт үр өгөөжөө өгч чадсан уу. Эсвэл бөөн өр үлдээчихсэн үү?
Хийсэн ажлаа бид хэрүүлийн бузраар дарчихсан
-Чингис бонд Монголын эдийн засагт асар том дэмжлэг болсон. Харин улс төрд бөөн хэрүүл авчирсан. Бондын мөнгөөр маш их ажил хийсэн. Хийсэн ажлаа бид хэрүүлийн бузраар дарчихсан. Хийсэн ажлаа олонд таниулж чадалгүй хэрэлдсээр байгаад таарсан. Тэгэхээр бид нар болоогүй байна аа гэсэн үг.
-Та түрүүнд хэллээ. Чингис бондын хөрөнгөөр маш их ажил хийсэн гэж. Ингэж их бүтээн байгуулалт хийчихээд танай нам яагаад ялагдчихсан юм бэ?
-Өөрийнхөө Засгийн газрыг өөрсдөө унагаасан алдаагаа давтлаа ард түмэн сонгуулиар дүнгээ тавьсан. Харамсалтай байна. Хөгжил, бүтээн байгуулалтын цаана хүний оюун санаа, ахуй амьдрал байдаг. Гэтэл бид бүтээн байгуулалтад анхаарсан мөртлөө хүн тал руугаа бага анхаарчээ. Дэлхийн эдийн засгийн хямралаас болж орлого муудаж байгааг нийгэмд ойлгуулж чадаагүй. Хүмүүсийн орлогыг нэмж чадсангүй. Иргэдийнхээ цалинг нэмж чадсангүй. Төр тогтвортой, түмэн олны амьдрал дээшлэх ёстой байтал бид урмыг нь хугалчихсан.
-Чингис бондын мөнгийг Ардчилсан намынхан үрээд дуусчээ гэсэн ойлголтыг МАН-ынхан нийгэмд өгөөд байгаа. Гэтэл АН-ынхан бүтээн байгуулалт болсон гэдэг. Хэн нь худлаа яриад байна вэ?
–Чингис бондын мөнгөөр өнгөрсөн дөрвөн жил түүхэнд байгаагүй том бүтээн байгуулалт хийсэн. Бондын мөнгөөр 3000 гаруй километр авто зам барьсан. Наян мянган айлыг орон сууцанд хамруулсан. Эрчим хүчний хүчин чадлыг 20-30 хувь нэмэгдүүллээ. Дулааны хүчин чадлыг гуравны нэгээр өсгөлөө. Мянга гаруй үйлдвэрийг байгууллаа. Үүний үр дүнг товчоор хэлэх юм бол иргэдээ орон сууцтай, компаниудаа үйлдвэртэй, улсаа дэд бүтэцтэй болгосон. Өмнө нь Монгол Улс хэрэглээний эдийн засагтай орон байсан бол хуримтлалын эдийн засагтай орон болгох ажлыг эхлүүлсэн. Саяхан МАН-ын засаг гэр хорооллын шөнийн тарифыг тэглэх шийдвэр гаргасан. Ардчилсан намын засаг эрчим хүчнийхээ эх үүсвэрийг нэмэгдүүлж чадсан учраас ийм бололцоотой болсон. Мөн авто машин баруун тийшээ эргэдэг болсон нь “Гудамж” төслийн үр дүн. Монголчууд өнөөдөр Чингис бондын тавьсан замаар явж, Чингис бондын барьсан байшинд амьдарч, Чингис бондын эрчим хүч, дулааныг хэрэглэж байна.
-Чингис бондоос болж эдийн засаг хямарсан гэж МАН-ынхан хэлээд байгаа. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Чингис бондоос болж Монголын эдийн засаг хямраагүй ээ. Бид нар гаднаас мөнгө авчирч Монголын эдийн засгийг дэмжсэн болохоос гадагшаа мөнгө авч гараагүй. Гадаадын бонд гэдэг гадаадын хөрөнгө оруулалтын нэг хэлбэр. Тэгээд ч Чингис бондын төлбөрийг төлж эхлээгүй байгаа. Үндсэн төлбөр нь таван жилийн дараа төлнө. Самурай бондынх бүр ч болоогүй. Тэгэхээр Чингис бонд хямрал дагуулах эдийн засгийн үндэслэлгүй юм. Өнөөгийн хямрал гол нэг шалтгаан бол МАН-ын явуулсан халамжийн бодлогын үр дагавар. Яг үнэндээ Ардын намынхан халамжийн Монгол болгосныг бид хуримтлалтай Монгол болгосон. Шинэ засаг энэ оны төсвийг 2.5 их наядын алдагдалтайгаар баталсан. Үүнийхээ төлбөрийг төлж яваа хүмүүс. Төсвөө алдагдалтай баталчихаад өнөөдөр Ардын намынхан мөнгө хаанаас олж байгааг мэдэх үү. Дотооддоо төгрөгийн бонд гаргаад байгаа. Төгрөгийн бондын хүү нь 18 хувь. Гэтэл бидний олж ирсэн Чингис бондын хүү 4 хувь. Хямрал эрх баригчдын өөрсдийнх нь алдаанаас болоод байгаа юм. Ардын намынхан үлгэр зохиогоод ард түмний тархийг угааж байна. Тэдний ганц чаддаг ажил нь тархи угаах шүү дээ.
-Хөгжлийн банкнаас 1.3 их наяд төгрөг сох дутсан гэсэн. Тэр мөнгийг юунд зарцуулсан юм бэ?
-Хууль зүйн яамнаас байгуулсан Ажлын хэсэг оны өмнө 1.3 их наяд төгрөг Хөгжлийн банкнаас сох дутжээ гэж зарласан. Энэ бол үнэнд үл нийцнэ. Тэгээд ч сох дутсан нэг ч төгрөг байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, саяхан Хөгжлийн банкны тухай тогтоолыг УИХ баталсан. Ажлын хэсгийн дүгнэлт бол улс төрийн зохиол. Тэр 1.3 их наяд төгрөг зүгээр л жагсаалт байсан шүү дээ. Жишээлбэл, Тавантолгойд 250 сая ам.долларын зээл өгсөн гээд байгаа юм. Тавантолгойн төсөлд мөнгө өгөхгүй юм бол өөр юунд өгөх ёстой байсан юм бэ.
-Уучлаарай, таныг Хөгжлийн банкны асуудлаар шалгаж байгаа гэсэн мэдээлэл нэг хэсэг цацагдсан. Энэ асуудал юу болсон бэ. Та үнэхээр гэм буруутай юм уу?
-Буруугүй. Улсаас нэг ч тендер авсан асуудал надад байхгүй. Нуусан, илэрсэн хөрөнгө надад алга. 2004 онд би УИХ-ын гишүүн болсноос хойш миний хувийн эдийн засаг дордсон уу гэхээс дээрдээгүй. Учир нь би өөрийгөө улстөрд бүрэн зориулсан хүн. Би 2004 онд УИХ-ын гишүүн болохдоо ямар байшинд амьдарч байсан яг тэр байшиндаа л амьдарч байгаа.
-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат суллагдсан уу. Урьд нь таны зөвлөхөөр ажиллаж байсан байх аа?
-Урьдчилсан хорих төвд 14 хоног шалгагдаад гарсан. Шүүхээр түүнийг хорьж шалгах шаардлагагүй гэж үзээд гаргасан байгаа. Монголын шүүх засаглалыг үнэн зөвийг нь олдог байгууллага гэж би итгэдэг. Хүнийг зохиомлоор хэрэгт гүтгэж болохгүй. Манай Мөнхбат бол сайн залуу. Мэдлэг, боловсролтой. Австрид сурч, санхүүгийн боловсрол эзэмшсэн, англи, орос, герман, францаар чөлөөтэй ярьдаг, ажилдаа махруу залуу. Чингис бондыг босгох ажлын албаны дарга нь Н.Мөнхбат байсан. Би бодлогын чанартай ажлыг нь, Мөнхбат техникийн ажлыг нь хийсэн. Мөнгө олж ирсэн гол хүмүүсийн нэг л дээ. Ер нь тэгээд залуучууддаа итгэл хүлээлгэж ажиллуулах хэрэгтэй. Ингээд залуучуудынхаа урмыг хугалаад байвал цаашид яаж Монгол хөгжих юм бэ.
-“Гудамж” төслийг хэрэгжүүлэхдээ ажлын төсөвт өртөгийг өсгөн, мөнгө идсэн асуудал байна уу?
-“Гудамж” төслийн өртөгийг өсгөсөн гэж яриад байгаа л даа. Би чамд тайлбарлаж өгье. “Гудамж” төслийн гэрээг хоёр үе шаттай байгуулсан юм. Урьдчилгаа болон эцсийн дүн гэж төсөл гүйцэтгэгчидтэй гэрээ хийсэн байхад Мэргэжлийн Засгийн газрын байгуулсан Ажлын хэсгийн нийгмийн ажилтан ажилдаа хариуцлагагүй хандаж, алдаатай дүгнэлт гаргаад тэр чигээрээ явчихсан. Үүнийг Ажлын хэсэг нь ч, Засгийн газар нь ч, Их хурлын байнгын хороо нь ч нягталж үзээгүй. Гэтэл тэр буруу гээд байгаа санхүүжилтийн дүнг одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сангийн сайд байх үедээ 2015 оны улсын төсөвт тусган, УИХ түүнийг нь баталсан юм. Үүнийг л олоод харчихгүй байгаа нь Ардын нам ажилдаа яаж хариуцлагагүй ханддагийн тод жишээ шүү дээ. Ж.Эрдэнэбатыгаа Ардын намынхан тэгээд “хийгээд” байгаа юм уу, “жийгээд” байгаа юм уу, бүү мэд. Б.Энхбаяр гэдэг дэд сайд нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыгаа унагаах гэж улстөр хийлээ гэж би харж байгаа.
МАН ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН ГЭЖ ХЭЛНЭ
-Доллараар хадгалах ёстой байсан бондын хөрөнгийг төгрөг болгосноос болоод ханшийн зөрүүнээс их хэмжээний алдагдал амссан гэж Ажлын хэсгийнхэн танай намыг буруутгасан байна лээ?
-Уучлаарай, бид хадгалах гэж доллар олж ирээгүй. Тэр мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, бүтээн байгуулалт хийх гэж, баялаг бүтээх гэж авчирсан юм шүү дээ. Ханшийн өсөлт, алдагдал Хөгжлийн банктай ямар ч холбоогүй, Засгийн газрын асуудал. Ханшийн зөрүүгээ дандаа Засгийн өөрөө үүрдэг байсан. Ханшийг тогтвортой байлгах нь Монголбанкны үүрэг. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Сангийн сайд байхдаа Хөгжлийн банктай байгуулсан гэрээндээ ханшийн зөрүүнээс болсон алдагдлыг Сангийн яам хариуцна гээд зааж өгсөн байдаг. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МАН-ынхан Ардчилсан нам улсаа өрөнд бариулж, өтөнд идүүллээ гээд сурталчлаад байсан. Хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэж сонгуульд орсон биз дээ. Үүн шиг худлаа юм байхгүй. Тэгвэл сая МАН-ынхан өөрсдөө үнэнд гүйцэгдэж, Хөгжлийн банкны тухай тогтоолыг УИХ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан. Тэр тогтоолын агуулгыг товчлоод хэлэх юм бол Чингис бондын мөнгө орж ирсэн юм байна, гадагшаа гараагүй юм байна. Засгийн газрын захиалгаар бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэгэхээр Чингис бондын мөнгийг идсэн уусан, үрсэн, цацсан гээд байгаа нь худлаа юм аа гээд Ардын намынхан өөрсдөө хүлээн зөвшөөрчихлөө. Худлаа гүтгэж болохгүй л дээ. Хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэж, худлаа сурталчилгаа хийж иргэдийн тархийг угааснаараа МАН төрийн эрхийг хууль бусаар авсан гэж хэлнэ.
-Яагаад?
–Улс төрийн нам ийм гүжир гүтгэлгээр сонгуульд оролцох нь гэмт хэрэг шүү дээ.
-Улс төрийн намууд угаасаа л худлаа ярьдаг ш тээ. Хэзээ Монголын сонгууль гүтгэлэг гүжиргүйгээр явагддаг байлаа?
-Улс төрийн намууд худлаа ярьдаг гээд хүлээн зөвшөөрөөд байх уу. Үүнийг таслан зогсоох ёстой.
-Хэрэвзээ Ардчилсан нам эвтэй байж гэмээнэ сонгуульд ялалт байгуулсан бол хямралаас гаргах бодлого, арга зам байсан уу?
-Байлгүй яахав. Өнөөдөр би Ардын намд зөвлөгөө өгмөөр болдог. Гэхдээ хүмүүс Батбаяраа, чиний өгдөг зөвлөгөө ч гэж юу байлаа, чиний зөвлөгөөг Ардын намынхан сонсоно гэж ч юу байх вэ гэдэг юм. Зургаан сар МАН-ын засгийг харлаа. Эд нар юм хийж чадахгүй байна. Хийж байгаа хоёр ажил байна. Нэг нь биднийг муулах, нөгөө нь нэр солих. МАН-ынхныг ингээд суухыг хараад байвал нийгэм тэр чигээрээ хохирчих гээд байна. Би Монголынхоо хувь заяанд санаа зовж байна. Дараа нь Ардчилсан намынхан бид л гарч ирээд босгоно. Улс хэдий чинээ доошоо унана, бид төдий чинээ зовно гэсэн үг. Тэгэхээр эд нараар бага алдаа хийлгэмээр байна. Тийм учраас зөвлөе гэж байгаа юм. Авах гээх нь эд нарын ухааны асуудал. Манай нам унаагүй байсан бол эдийн засаг иймдээ ч хүрэхгүй байсан.
–Ингэхэд та эрх баригчдад ямар зөвлөгөө өгмөөр байгаа юм бэ?
–Нэгдүгээрт, ханшаа тогтворжуул. Хоёрдугаарт, мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүл. Гуравдугаарт, хоёр хөрштэйгөө харилцаагаа сайжруул.
Ардчилсан нам нь хийдэг юм байна. Ардын нам нь ярьдаг юм байна.
-Ардын намынхан засгийн эрхийг авсныхаа дараа дараалсан мэдэгдэл хийсэн. Та нар тийм муу эдийн засаг үлдээсэн юм уу?
-Бид нар 2012 онд засгийн эрхийг авчихаад ингэж гоншигноогүй биз дээ. МАН-ынхан засгийн эрхийг ингэж авна гэж зүүдлээгүй байхгүй юу. Засгийн эрх авчихсан чинь МАН-ынханд хийх ажлын төлөвлөгөө нь байгаагүй. Тэгээд сурсан зангаараа шүүмжлэхээс өөр арга үлдээгүй л дээ. Би чамд МАН, Ардчилсан нам хоёрын ялгааг хэлэх үү. Ардчилсан нам нь хийдэг юм байна. Ардын нам нь ярьдаг юм байна. Бид ажиллаж, тэд аахилдаг нь юм байна. 2004 оноос харахад дандаа гол юмыг нь Ардчилсан нам нугалдаг. Ардын нам Ардчилсан намын нуруун дээр сууж ирсэн юм байна.
Тэгэхээр Монголд бяртай Спикер биш, бяртай Ерөнхийлөгч биш, бяртай Ерөнхий сайд л хэрэгтэй болсон гэсэн үг.
Одоо хар л даа, хагас жил өнгөрлөө, МАН ямар ажил хийсэн юм бэ. Өмнөхөө баахан шүүмжиллээ. Дараа нь дэлхий тойроод мөнгө хайгаад явсан олж ирээгүй шүү дээ. Гэтэл бид 100 хоногийн дотор мөнгө олоод ирчихсэн байлаа. Одоо ард түмэн Ардын нам яаж ажиллахыг хараад сууж байна. Үнэнийг хэлэхэд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болно гэж бодоо ч үгүй явсан хүн. Гэнэт нэг өглөө сэрэхэд нь Ерөнхий сайд бол гээл томилчихсон шүү дээ. Өнөөдөр нөгөөх нь учраа олохгүй, утсан хүүхэлдэй болоод явж байна. Тэр хүний буруу биш л дээ. Манай тогтолцооны буруу харагдаж байгаа юм. Тэгэхээр Монголд бяртай Спикер биш, бяртай Ерөнхийлөгч биш, бяртай Ерөнхий сайд л хэрэгтэй болсон гэсэн үг.
-Ардчилсан намын шинэчлэл улс төрийн хүрээний анхаарлын сэдэв болжээ. Зөвхөн Ардчилсан намынхан гэлтгүй Ардын намынхан хүртэл танай намын даргаар хэн сонгогдох нь вэ, яаж шинэчлэлээ хийх нь вэ гэдгийг анхааралтай ажиглаж байх шиг?
-Манай Ардчилсан нам бүхнийг санаачлагч байдаг юм. Бүх гишүүдээсээ намын даргаа сонгодог тогтолцоог анх удаа гаргаж ирж байна. Бид намынхаа шинэчлэлийг Монголын улс төрийн бодлого болгоно. Төрийн эрх намаар дамжиж явагдаж байгаа хойно Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх цаг болсон
-Та таван нэр дэвшигчээс хэнийг дэмжиж байна?
-Би нэр цохож хэлмээргүй байна. Ардчилсан намын дарга больё гээд өргөдлөө өгч байгаа эр зоригийг нь үнэлэх хэрэгтэй. Намын дарга болно гэдэг шагнал биш хариуцлага шүү дээ. Асар том хариуцлага өөр дээр нь ирнэ гэсэн үг. Одоогийн намын даргын сунгаа бол зөвхөн намын даргаа сонгох гэж байгаа асуудал биш. Бид дүрмэндээ ялсан намын дарга Ерөнхий сайд болно гэсэн заалт оруулж ирж байгаа. Цаашдаа Улс төрийн намуудын тухай хуулинд ч суулгаж өгнө. Ардчилсан намын гишүүд намын дарга гэхээсээ илүү ирээдүйн Ерөнхий сайдаа сонгож байна гэсэн байр сууринаас сонголтоо хийнэ гэж харж байна. Тэгээд ямар хүн Ерөнхий сайд болох ёстой вэ, ямар хүн Гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх вэ гэдгээ манай намын гишүүд бодож саналаа өгнө гэдэгт итгэж байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа, Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулах талаар эрх баригчдыг шахаж өгөх хэрэгтэй байна. Ингэхгүй бол Монгол найман жилийнхээ хөгжлийг алдана. Тийм болохоор би ойрын өдрүүдэд хэвлэлийнхэнтэй их найзархаг байгаа шүү /инээв/.
Ж.НЯМСҮРЭН
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ЭНХБАТ, Н.БАТМӨНХ