Гамшгийн хотоо орхиод гадагшаа явсан дарга нарыг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2017.01.20-нд нийтлэгдсэн

Гамшгийн хотоо орхиод гадагшаа явсан дарга нарыг шүүмжлэв

  • 2016 онд л гэхэд Гэмтлийн эмнэлэгт түлэгдэж ирсэн хүмүүсийн 62 хувь нь 0-5 насны хүүхэд. Осол, гэмтлийн улмаас нас барсан 10 хүүхэд тутмын найм нь түлэгдлийн шалтгаантай. Гурван хүүхэд тутмын нэг нь “халуун тогоо” гэх тодотголтой, БНХАУ-аас орж ирдэг тогоон дахь хоол, цайнд түлэгджээ. Тэгвэл хүүхдүүдийн 98 хувь нь гэртээ байхдаа түлэгддэг. Тэдний 82.2 хувь нь монгол гэрт, 15.6 хувь нь орон сууцанд байхдаа түлэгдсэн гэх судалгааг эмч нар гаргажээ.


  • 38.800 бизнес эрхлэгч, татвар төлөгчид кассын машиныг тогтмол хэрэглэж, баримт өгч байгаа аж. Эдгээрээс 900 гаруй мянган иргэн худалдан авсан барааныхаа баримтыг авчээ. Гэхдээ “ebarimt.mn” цахим системд бүртгэлтэй 620 мянган иргэн бүртгүүлсэн байна. Өнгөрсөн онд НӨАТ-ын баримтын 18 удаагийн сугалаагаар нийт 86 мянга гаруй иргэд оролцож, 3.5 тэрбум төгрөгийн хонжвор хожсон байна.


  • УИХ-ын чуулганаар өчигдөр дотоодын цэргийг шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцлээ. Цомхон, мэргэшсэн бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр байгуулан түүний бие даасан байдлыг хангаж, улсын онц чухал объектыг хамгаалах, шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хуулийн төслийг боловсруулжээ. Хууль батлагдсан тохиолдолд 1100 орчим албан хаагч цагдаагийн байгууллага руу шилжих юм байна.


  • Сангийн яамны мэргэжилтнүүд 2016 оны арванхоёрдугаар сарын улсын төсвийн тайланг гаргажээ. Энэ тайлангаас харахад Монгол Улс оны сүүлээр богино, дунд урт хугацаатай бондын төлбөрийг шилжүүлсэн байна. Хэдийгээр улсын төсөв хүндхэн байгаа ч 2016 оны арванхоёрдугаар сард гадаад төслийн зээлийн үндсэн төлбөрт 135.6 тэрбум, Засгийн газрын урт хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 1,300.4 тэрбум, богино хугацаат дотоод бондын үндсэн төлбөрт 282.8 тэрбум төгрөгийг тус тус төлжээ.


  • “Утаасны эсрэг ээж, аавууд” төрийн бус байгууллагаас энэ сарын 28-ны өдөр болох жагсаалд ард иргэдээ идэвхтэй оролцохыг уриаллаа. Мөн энэ үеэр зохион байгуулагчид Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нэгдүгээр сарын 10-ны өдөр хуралдаад агаар орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрчихсэн гэдгийг нийтэд зарлаад байхад сайд нар гадаадад явж байгааг шүүмжилжээ.


  • Монголын Засгийн газар ОУВС-гийн хэлэлцээ үргэлжилж байгаа билээ. Нэгдүгээр сарын 20-ны өдөр буюу өнөөдөр ОУВС-гийн шинжээчид Улаанбаатарт ирэх гэнэ. Үүний өмнө аравдугаар сард тус сангийн төлөөлөгчид Монголд арав гаруй хоног ажиллаад буцсан юм.

Монголын Засгийн газар өнгөрсөн есдүгээр сараас эхлэн ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан бөгөөд ирэх хоёрдугаар сард ОУВС-гаас эцсийн хариуг өгөх юм.


  • Монголын хамгийн том нарны станц цахилгаан үйлдвэрлэж эхэллээ.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт "Солар Повер Интернешнл” компани, Японы "Sharp” корпораци, "Shigemitsu shoji” компанитай хамтран 10МВт-ын хүчин чадалтай Нарны цахилгаан станц байгуулах томоохон бүтээн байгуулалтын ажлаа дуусгаж, өчигдөр нээлтээ хийлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж