Н.Баяртсайхан: Дэлхий том өөрчлөлтийн өмнө байна

Хуучирсан мэдээ: 2017.01.20-нд нийтлэгдсэн

Н.Баяртсайхан: Дэлхий том өөрчлөлтийн өмнө байна

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна. Тэрбээр Монголбанкны Ерөнхийлөгчийн хувиар анх удаа энэ арга хэмжээнд оролцож байгаа юм. Чуулга уулзалтын үеэр түүнтэй уулзлаа.


-Давосын чуулга уулзалтын талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Энэхүү чуулга уулзалтад 3000 орчим төлөөлөгч хуран цуглажээ. Маш өргөн сэдвийг хамарсан хэлэлцүүлгүүд Давост өрнөж байна. Дэлхийн улс орны удирдагчид, олон улсын банк, санхүүгийн байгууллагын тэргүүн нар, бизнесийнхэн, эдийн засгийн чиглэлийн эрдэмтэн судлаачид олноор оролцож байна. Эдгээр хүмүүс дэлхийн ертөнцийн нөхцөл байдлыг ярилцаж байна. Миний ажигласнаар хэлэлцэхгүй сэдэв гэж алга. Улс төр, эдийн засаг, нийгэм, олон улсын байдал гээд. Дэлхий ертөнцөд өрнөж байгаа үйл явцыг лидерүүд хэрхэн ойлгож, ямар үнэлэлт дүгнэлт өгч байгааг ойлгоход ихээхэн дөхөмтэй чуулга уулзалт болж байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагаж энэ чуулга уулзалтад оролцож байгаа. Энд оролцуулах боломж олгосон Ерөнхийлөгчид талархаж байгаагаа энэ дашрамд илэрхийлье.

-Ямар хэлэлцүүлэг, хуралдаанд оролцсон бэ?

-Хэд хэдэн хэлэлцүүлэг, хуралдаанд оролцлоо. Сонирхолтой олон хэлэлцүүлэг өрнөдөг юм байна. Мэдээж бүгдэд нь оролцож чадахгүй. Ерөнхий нөхцөл байдлыг харахад дэлхий ертөнц тодорхойгүй байдалд байна, тэрийг яаж давж гарах вэ гэдгийг их ярьж байна. Европын холбооноос Их Британи улс гарахаар иргэдийнхээ санал хураалтаар шийдсэн нь санхүүгийн тодорхойгүй байдлыг араасаа дагуулж байгаа юм. Дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн Европын санхүүгийн төв нь Лондон байсан. Брекситтэй холбоотойгоор Европын санхүүгийн төвийг хааш нь шилжүүлэх вэ, шилжүүлсэнөхцөлд хууль эрх зүйн орчны ялгаа гарна. Энэ бүхнийг хэрхэн зохицуулах вэ гэдэг дээр санхүүгийнхэн ихээхэн санаа зовинож байна. Чуулга уулзалтын өөр нэг топ сэдэв бол АНУ-ын шинэ Ерөнхийлөгчтэй холбоотой байна. Шинэ засаг захиргаа ямар суурь баримтлах вэ, өмнө өгч байсан амлалтуудаа хэрэгжүүлвэл ямар нөхцөл байдал үүсэх вэ, эсрэгээрээ хэрэгжүүлэхгүй бол ямар нөхцөл үүсэх вэ, даяарчлал, чөлөөт худалдааны асуудлууд дээр олон таамаг дэвшүүлэн ярьж байна.

-Монголчуудын Давосын чуулга уулзалтын оролцооны талаар та юу хэлэх вэ?

-Монголчууд өнгөрсөн найман жилийн турш маш идэвхтэй ажилласныг хүмүүс ярьж байна. Ялангуяа энэ чуулга уулзалтын үеэр болдог “Монголын үдэш” арга хэмжээ олон хүний сэтгэлд хүрсэн,хүмүүсийн хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг болсон юм байна. Давост надтай уулзсан хүн болгон энэ үдшийг хүлээж байгаагаа хэлсэн. Дөнгөж сая миний уулзсан “Феррари” компанийн үүсгэн байгуулагч бас энэ үдшийг хүлээж байгаагаа хэлж байна. Энэ бол монголчууд Давост нэр хүндтэй болсоныг харуулж байна. Энэ Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ, энд байгаа ЭСЯ-ныхан идэвхтэй ажилласны үр дүн.

-Дэлхийн эдийн засгийн хөгжил мухардмал байдалд орж, өнөөг хүртэл дагаж ирсэн эдийн засгийн онол, загвар орчин үетэй нийцэхгүй байна гэсэн яриа их гарч байна. Энэ байдлаас гарах шинэ загвар, онолын талаар яригдаж байгаа юм байна уу?

-Дэлхий ертөнц томоохон өөрчлөлтийн өмнө байна гэдгийг томоохон эрдэмтэд хэлж байна. Гэхдээ яг бэлэн концепц яригдсангүй. Дэлхий бол хүмүүсийн сайн сайхан амьдардаг газар болох ёстой, цаашдын сонгосон зам зөв байх ёстой гэдгийг түлхүү ярьж байна.

-Танд баярлалаа.

Жич: “Монголын үдэш” арга хэмжээ нэгдүгээр сарын 19-ны үдэш амжилттай болж өнгөрсөн. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай энэ арга хэмжээний өмнө уулзсаныг тодотгоё.

Д.НАРАНТУЯА

Швейцарь, Давос

2017.01.19

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж