Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороонд энэ сарын 16-нд таван иргэн учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсантай холбоотойгоор 2017 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 18:00 цагаас 20-ны өдрийг дуустал Улаанбаатар хотод архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Хориг өчигдөр дууслаа.
Архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосноос хойших хугацаанд дахин хүн хордсон дуудлага мэргэжлийн байгууллагад ирээгүй. Мөн энэ хэрэг дээр тухайн нэр бүхий хүнсний бүтээгдэхүүнээс хордсон гэж үзэх үндэслэл гараагүй тул цаашид архи худалдахыг хориглосон тогтоолыг сунгах саналыг НИТХ-д хүргүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Иймээс өчигдрийн 23:59 цагаас хойш худалдаа, үйлчилгээний байгууллагууд хуучин цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж боломж бүрдсэн юм.
Онцлоход, хориг тавьсан өнгөрсөн гурван өдөр Улаанбаатар хотын хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан юм.
Нийслэлийн Цагдаагийн газраас гаргасан мэдээгээр гэмт хэрэг 36 хувиар буурсан бол согтуугаар танхайрсан гэмт хэргийн зөрчил хоёр дахин буурчээ.
Г.ХОРОЛ