-Тэрбээр зүүн аймгуудад ажиллахаар өнгөрсөн даваа гаригт буюу энэ сарын 16-нд Улаанбаатар хотоос мордсон юм-
Идэр есийн жавар тачигнаж буй энэ өдрүүдэд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байна. Хэнтий аймгаас эхлүүлсэн томилолт Дорнод аймгаар үргэлжилж, өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд энэ жил 458.4 мянган толгой мал өвөлжиж байгаагаас 149.8 мянган толгой мал нь хилийн зурваст оторлож буй аж. Эрдэнэцагаан, Түвшинширээ, Сүхбаатар, Түмэнцогт сум өвөлжилт хамгийн хүнд. Нэмж цас орвол өвөлжилт улам хүндэрн. Газрын гарц тааруу, өвөлжилт хүндрэх төлөвтэй болсноос олон малчин Дорнод, Дорноговь аймаг руу оторт явжээ. Нийтдээ 117. 4 мянган толгой мал өвөлжөө бууцнаасаа нүүсэн гэх мэдээллийг аймгийн удирдлагууд өглөө. Малчдын хувьд аймгийн төвөөсөө 350 км, сумын төвөөсөө 50-100 км алсад өөр аймаг, сумын нутагт оторлож байна. Отрын бүс нутагт жирэмсэн эх 1100, 0-5 насны хүүхэд 7969, хөгжлийн бэрхшээлтэй 395 иргэн байгаа аж.
Шадар сайд тус аймагт ажиллах үеэрээ сумдын хүн эмнэлэгт түргэн тусламжийн машин хүлээлгэн өгч, 209 сая төгрөгийг төсөвлөлөө.
Онцлоход, Шадар сайд очсон аймаг, сум бүртээ малчидтай уулзаж, Онцгой комиссыг хуралдуулан, үүрэг чиглэл өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, Улсын онцгой комиссын тусламжийг хүргэлээ.
ДОРНОД:
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх өчигдөр Дорнод аймагт ажиллалаа. Энэ үеэрээ Онцгой комисын өргөтгөсөн хуралдаан хийлээ. Аймгийн төвд ирэхийн өмнөх өдрүүдэд сайд У.Хүрэлсүх Баян-Уул, Баяндун, Сэргэлэн, Цагаан-Овоо суманд ажиллаж, малчдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан байсан юм.
Аймгийн хэмжээнд энэ жил 1.7 сая толгой мал өвөлжиж байна. Мөн 412 малчин өрх отроор өвөлжиж байна. Энэ нь өнгөрсөн жил гантай байсантай холбоотой аж. Өвөлжилтийн бэлтгэлийг аймгийн хэмжээнд 96 хувьтай хангаж ажиллажээ. Гэсэн ч цаг агаар хүндхэн байснаас сумдад өвөлжилт хүндэрсэн тухай аймгийн удирдлагууд танилцуулсан. Нийт нутгийнх нь 70 хувьд цасан бүрхүүл тогтсон, цас ихтэй байгаагаас зарим хунгарласан хэсэгтээ цасны зузаан 60 см хүрчээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, Шадар сайд аймгийн удирдлагуудад үүрэг чиглэл өгөх үеэрээ Улсын онцгой комиссоос олгосон шаардлагатай бараа, материалыг жинхэнэ тусламж хэрэгтэй хэсэгт хүргэх, үүнд аймгийн Онцгой байдлын газар, аймгийн удирдлагууд хяналт тавих. Цагийн нөхцөл байдлын мэдээг шуурхай авч, дамжуулж байх. Цас зудтай шахам байгаа малчдад хүргэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд анхаарах. Жирэмсэн эхчүүд, эх, нялхас, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд онцгой анхаарал тавьж ажиллах. Зам даваа хаагдвал яаралтай арга хэмжээ авч ажиллах, байдал улам хүндэрч, аймгийн хүчээр давах аргагүйд хүрвэл Улсын Онцгой комисст яаралтай мэдэгдэх зэрэг зөвлөмж даалгавар өгсөн юм.
Шадар сайд У.Хүрэлсүх өнгөрсөн пүрэв гаригт Дорнод аймгийн Баяндун суманд ажилласан юм. Тус сум есөн багтай, 838 өрхтэй, 3000 гаруй хүн амтай. Сумын хэмжээнд 151.178 толгой мал өвөлжиж байна. Цас их хэмжээгээр орсноос, өвөлжилт хүндэрсэн, зам даваагаар зорчиход бэрх болжээ.
Өнгөрсөн жил гантай байснаас өвс, тэжээлийг хангалттай хэмжээнд бэлтгэн, нөөцөлж авч чадаагүй аж. Нөхцөл байдал хүнд байгааг харгалзан Улсын онцгой комиссоос тус сумын малчдад 10 тонн өвс, тэжээлийг олголоо.
Мөн сумын хүн эмнэлгийн түргэн тусламжийн машиныг шийдэж өглөө. Ингэснээр сумын хүн эмнэлэг хүнд өвчтөнөө аймаг руу шуурхай хүргэх, хүндхэн нөхцөлд өвөлжиж байгаа малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүргэхэд саадгүй болж буй юм.
Мөн өдөр Баян-Уул суманд ажиллалаа. Баян-Уул сумын хувьд зургаан багийн 1490 өрхөд 4580 хүн ам амьдардаг. Тэднээс 481 нь малчин өрх. Сумын хэмжээнд 91831 толгой мал өвөлжиж байна.
Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш тус суманд 21 удаагийн цас орж, тал газраа цасны зузаан 30 гаруй см –т хүрсэн. Цас хатуурч зузаарсны улмаас 90 орчим хувьд нь өвөлжилт хүндэрсэн байна. Шадар сайд тус суманд ажиллах үеэрээ 1000 боодол өвс, 240 шуудай тэжээл, эм био бэлдмэл, шаардлагатай бараа материалыг хуваарилж, хүлээлгэн өглөө.
2017.01.19-нд
ХЭНТИЙ:
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх нэгдүгээр сарын 16-18 ний өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хаан хот, Дадал, Баян-Адрага, Норовлин сумдад тус бүр ажиллав.
Дээрх сумдад өвөлжилт хүнд, цасны зузаан тал газраа 30 см, хунгарласан газраа 50-60 см-т хүрчээ. Зарим газарт мал бэлчээрлэх боломжгүй байгаагийн зэрэгцээ зам, даваагаар давахад ч асар хүнд байгаа аж. Гэхдээ одоогоор малын хорогдолгүй байна. Шадар сайд эдгээр сумдад ажиллах үеэрээ малчдад 210 тонн өвс, тэжээл, эд материалын тусламж үзүүллээ.
Аймгийн удирдлагууд, мөн аймгийн Онцгой байдлын газраас өгч буй мэдээллээр өвөлжилт зөвхөн дээрх гурван сумдад хүндрээгүй, хойд талын сумдыг нийтэд нь хамарч байгаа аж. Өнгөрсөн оны арваннэг, арванхоёрдугаар сард цас их хэмжээгээр орсноос Баян-Овоо, Батноров, Дадал, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Хэрлэн сумдад ч өвөлжилт хүндэрч, цасны зузаан тэгш газартаа 5-30 см,, хунгарласан газартаа 40-60 см болж цасан бүрхүүл тогтсон, байнга явган шуурга шуурч байгаагийн улмаас цасны хөрсний зузаан 2-3 см, зарим газартаа 8-9 см хүрч хатуурч мал бэлчээрлэлтэнд сөргөөр нөлөөлөх болсон байна.
Дээрх 11 сум цагаанаар зудархуу ангилалд багтаж байгаа бөгөөд Баянхутаг сум, Хэрлэнбаян-Улаан тосгонд туурайн зуд үүсэх нөхцөл байдал бүрджээ.
Иймээс Шадар сайд аймаг, сумын удирдлагуудад дараах үүрэг чиглэл өгөөд байна Үүнд: Засгийн газраас олгож буй мөнгө, эд материалын зарцуулалтад хяналт тавих, хүн амын эрүүл мэндэд онцгой анхаарал тавих, өвөлжилт хүндэрсэн малчин өрхийн судалгааг гарган бүхий л талаар дэмжлэг үзүүлэх, аймаг орон нутгийн төсөв хүрэлцэхгүй тохиолдолд Улсын онцгой комисст хандан тусламж хүсэхийг үүрэг болгосон юм.
2017.01.16-18
Г.ХОРОЛ