Монголбанк хэвлэлийн хурал хийлээ. Хуралд Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэл, Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Н.Ургамалсувд, Зах зээлийн Дотоод зах зээлийн хэлтсийн захирал Б.Батбаатар, Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан нар оролцлоо.
Мэдээллийн эхэнд Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэл 2016 оны статистик тойм мэдээллийг хүргэлээ.
Монголбанкны өгсөн мэдээллээс хамгийн сонирхол татсан тоо баримт бол 2016 онд төв банк 189 сая ам.доллартай тэнцэх хэмжээний валют арилжаалсан байна. Ийм хэмжээний валют зах зээлд нийлүүлсэн ч ам.долларын сарын төгрөгтэй тэнцэх дундаж ханш 2482 төгрөгтэй тэнцэж өмнөх оны эцэстэй харьцуулахад 24,4 хувиар чангарчээ.
Инфляци: 2016 оны хувьд инфляци улсын хэмжээнд 1,1 хувь, Улаанбаатарын хэмжээнд 0,5 хувьтай гарсан байна. Ингэснээр нийслэл хотод дөрвөн сар үргэлжилсэн дефляци зогсож, үнэ ханш эерэг түвшинд хүрчээ. Улаанбаатарын инфляци 0,5 хувь гарахад махны үнэ ханш нөлөөлсөн байна.
Үнэт цаас: Төвбанкны үнэт цаасны үлдэгдэл арванхоёрдугаар сарын эцсийн байдлаар 578 тэрбум төгрөгтэй тэнцсэн байна. Үүнээс долоо хоногтой үнэт цаасны үлдэгдэл 478 тэрбум төгрөг байгаа юм. Үлдсэн 100 тэрбум төгрөг нь 12 долоо хоногийн хугацаатай үнэт цаасны үлдэгдэл аж.
Монголд ашигтай ажилласан ганц салбар нь арилжааны банк байна гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дүгнэсэн. Тэр утгаараа энэ салбарт эрх зүйн зохицуулалт шаардлагатай гэж байсан билээ. Тэгвэл 2016 онд арилжааны банкуудын нийт актив 25,3 их наяд төгрөгт хүрчээ. Чанаргүй зээлийн хэмжээ 1 их наяд 47 тэрбум төгрөгтэй буюу нийт зээлийн 8,5 хувьтай тэнцэж байна.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Монголбанкны хамгийн анхаарал татаж байдаг нэг шийдвэр бол мөнгөний бодлого байдаг. Тиймээс тус банкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Н.Ургамалсувдаас 2017 онд мөнгөний бодлогын ямар чиглэлийг баримтлах вэ хэмээн асуусан юм. Тэрбээр “Мөнгөний бодлого тодорхойлохдоо тухай үеийн эдийн засгийн нөхцөл байдал, гадаад эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлийн тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч тодорхойлогддог. Түүнээс бол бид урьдчилж хэлэх боломжгүй. Ойрын үеийн эдийн засгийн төлөв байдлаас харвал манай эдийн засгийн өсөлтийн хэмжээ буурсан, инфляци харьцангуй бага түвшинд байгаа тул бид эдийн засгийг дэмжих чиглэлд мөнгөний бодлогоо өөрчлөх төлөв харагдаж байна” гэлээ.
Т.ДАВААНЯМ