Залуу бөхчүүд дэлхийн аваргад зодоглож байна

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Залуу бөхчүүд дэлхийн аваргад зодоглож байна

Чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд Румыны нийслэл Бухарест хотноо үргэлжилж байна. Эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх болон сонгомол бөхийн ДАШТ өнгөрөгч мягмар гаригт буюу энэ сарын 26-нд сонгомол бөхийн барилдаанаар эхэлсэн юм. Харин өнөөдрөөс чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн барилдаан эхэлж байна. Энэ жилийн залуучуудын дэлхийн аваргад 55 орон залуу тамирчдаа сойж байгаа. Тэд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жингийн ангилалд өрсөлдөх юм. Монголын багийн тухайд залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр, дасгалжуулагч Ц.Баярсайхан нарын удирдлага эрэгтэй зургаа, эмэгтэй найм, нийт 14 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохоор төлөвлөөд байсан ч зарим шалтгааны улмаас цөөн тамирчин дэлхийн аваргыг зорьжээ.

Бухарестийн дэвжээнд зодоглох Монголын багийн хувьд тэмцээн өнөөдрөөс эхэлнэ. Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 44, 51, 59, 67 кг-ын жингийн ангилалд аваргууд тодрох бөгөөд эдгээр жинд  Э.Даваачимэг /51 кг/, Б.Батцэцэг /59 кг/, О.Оюунтуяа /67 кг/ нар барилдах юм. Харин маргааш эмэгтэй чөлөөт бөхийн үлдсэн дөрвөн жингийн барилдаан болох бол нөгөөдрөөс эрэгтэйчүүдийн барилдаан эхэлнэ.

Хэсгийн барилдаан Монголын цагаар 15.00 цагаас эхэлнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж