Өмнөд Солонгосын супер оддын нэг, дуучин, жүжигчин Rain, жүжигчин Ким Тэ-хи нар хуримын ёслолынхоо зургаас фенүүддээ хуваалцжээ. Өнгөрсөн мягмар гаригт /2017.01.17/ хуримын чимээ дуулгасан Rain, Ким Тэ-хи нар түүнээс хойш хоёрхон хоногийн дараа Сөүл хотын төвд орших католик сүмд хуримын тангараг өргөсөн аж. Тэд ийнхүү Өмнөд Солонгосын хамгийн алдартай гэр бүл болж буй тухай дотоодын төдийгүй Азийн хэвлэлүүд мэдээлж байна.
Гахоэ-дун хэмээх сүмд болсон хуримын ёслолд тэдний гэр бүл, дотны найзууд, ажил хэргийн түнш гээд ойр дотны цөөн зочин оролцсон гэнэ. Сүмийн гадна хосуудын фенүүд цуглаж, тэдэнд баяр хүргэжээ.
Сүйт бүсгүй өвдгөөр татсан богино гоёмсог даашинз, харин хархүү хар хослолоор гоёсон байсан гэнэ. Хуримын ёслолд жүжигчин Ан Сун-ки, дуучин Пак Жин-ён, PSY, Пак Жун-хён нарын Өмнөд Солонгосын алдартнууд уригджээ.
Өдгөө 35 настай Rain “Миний гэр” киногоороо Монголын үзэгчдийн “эчнээ” танил билээ. Түүний дурлалт бүсгүй Ким Тэ-хи 37 настай, Өмнөд Солонгосын телевизийн олон ангит цуврал кинонуудад бүтээсэн өхөөрдөм, ялдам эмэгтэйн дүрээрээ алдартай юм. Тэдний романс дөрвөн жилийн өмнөөс эхтэй. 2012 онд телевизийн сурталчилгаанд хамтран тоглох үеэр танилцсан хосууд тэр жилийн намраас болзож эхэлжээ.
С.ЦЭЛМЭГ