“Болор цом”-д шалгарсан найрагчдыг энэ сарын 25-нд зарлана

Хуучирсан мэдээ: 2017.01.20-нд нийтлэгдсэн

“Болор цом”-д шалгарсан найрагчдыг энэ сарын 25-нд зарлана

Монголын зохиолчдын эвлэлээс санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн утга уянгын “Болор цом” наадмын бүртгэл өнөөдөр /2017.01.20/ дуусч байна.

Оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг 34 дэх удаагийн "Болор цом" наадам энэ жил Дорнод аймагт болохоор товлогдсон билээ. Энэхүү наадмын бүртгэл өнгөрөгч сарын 20-ноос эхэлсэн бөгөөд нэгдүгээр сарын 28-нд Дорнод аймгийн Чойбалсан суманд болох юм.

Одоогийн байдлаар “Болор цом” наадмын бүртгэл хараахан дуусаагүй байгаа аж. Одоогоор 80 гаруй яруу найрагч бүтээлээ ирүүлээд байгаа бөгөөд өмнөх жилүүдээс олон найрагч шүлгээ илгээсэн гэдгийг албаныхан хэлж байв.

“Болор цом” наадмын сүүлийн шатанд шалгарсан зохиолч, яруу найрагчдын бүтээлийг энэ сарын 25-нд зарлах гэнэ. Энэхүү наадмын сүүлийн шатанд үлдсэн найрагчид энэ сарын 27-нд Дорнод аймгийг зорих юм байна.

2017 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн мэндэлсний 70 насны ой тохиож буй аж. Тиймээс “Болор цом” наадмыг "Эрээн цавын эвдрээгүй найрагч" хэмээн олноо хүндлэгдсэн их найрагчид зориулж, түүний нутагт шүлгэн хүлэг уралдуулахаар болжээ.

“Болор цом” наадмыг 2005 онд анх орон нутагт зохион байгуулсан бөгөөд Дорнод аймаг орон нутгийг зорьж буй зургаа дахь наадам аж. Өнгөрсөн хугацаанд Орхон, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Төв аймагт “Болор цом” наадмыг зохион байгуулсан байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж