Эв нэгдлийн бэлгэдэл болсон таван сумыг намын даргад нэр дэвшигч тус бүртээ гардуулсан З.Энхболд дарга уг нь багцалж боосон таван сумыг дунд нь өгсөн бол утга агуулга, уламжлал шинэчлэлээ бодсон ч сэтгэл сэвгүй санагдана. 25 сумыг тав таваар нь өгсөн нь нэгэн гарт төвлөрсөн хүчирхэг үеийг гэхээсээ бага хаадын бутралын үеийг сануулаад байх шиг. Ардчилсан нам гэхээсээ Фракц болгоны төлөөлөл болсон нэр дэвшигчид “толгойлогч нь би шүү” гэсэн аятай тус тусын фракцаа таван өөр өөрсдийн сумаараа илэрхийлээд ч байх шиг.
Анхнаасаа ийм сонин эхэлсэн даргын сунгаа төгсгөл шатандаа очиход их л эвгүй эвдрэлцэх нь тодорхой болов.
Хорвоо ертөнцөд ээлж ирдэг юмсанж. Ардчилсан хувьсгал цэл залуухан оролцож явсан хоёр нэр дэвшигч өнөөдөр ахмадын тоонд ордог болж, залуу нэр дэшигчид адлуулж явна. Хувьсгалын үед “нусгай бацаан” байсан нөхөр өнөөдөр энэ намын жолоо, цулбуурыг атгахаар өнгөрснөө үгүйсгэж, өөрийгөө дөвийлгөж явна.
Өөр нэг нь, ялалт байгуулахад нь ард хоцролгүй албан тушаал авч явсан хэр нь алдаагаа бусаддаа үүрүүлж, алдаагаа ухамсарласан нь сайныг хэлээд, өөрөө өөгүй үлдэж, шинэчлэлийг ухаанаар хийх ёстойг ухуулан явна.
Боломж гарвал нэг рүүгээ сум тавихад бэлэн… Нэгнийхээ ялын дүгнэлтийг гаргаж ирэхээс эхлээд, нас хүйс, боловсрол, баян, ядуугаар нь шууд хэлэхгүй юмаа гэхэд хүнээр хэлүүлэх энүүхэнд.
Гэхдээ өндөр боловсролтой байлаа ч хувиа хичээж, хүрээллийнхнээ л боддог, өрөөлийн санаа бодлыг бус өөрийн үзлийг тулгадаг хүн энэ намыг удирдвал уналтад оруулдаг гэдгийг өнөөгийн жишээ бэлэхнээ харуулсан. Ардчилсан намын уналтанд тэр хүн нөлөөлсөн нь үнэн ч, түүнээс ч өмнө үр хөврөл нь бүрэлдсэн. Н.Алтанхуягийг дүрмийн бус дарга гэдгийн шалтгаан нь их хурлаараа баталгаажаагүй. Дарга болсноосоо хойш намын удирдлагын оюун, тархийг сэтгээж байх ёстой ротациа болиулж, хэсэг бүлгийн ашиг сонирхолд нийцсэн хэрэгсэл болгон хувиргасан нь яваа яваандаа Ардчилсан намыг дүрэмгүй тоглоомчид болгож ялагдал хүргэсэн билээ. Энэ намыг хүний эрх, эрх чөлөөг хангагч гэж төсөөлж асан олон нийт өнөөдөр МАН-аас ялгараад байх зүйлгүй,
-Илт бие дүр өөр болохоос
Идэхүй хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй… гэж л харах болжээ. Нэр дэвшигчдээс С.Эрдэнэ, Ж.Батзандан нарыг намаас хөөх хяналтын хорооны шийдвэр гарчихсан яваа. Хэрэвзээ энэ хоёрын нэг нь сонгогдвол нөгөө шийдвэрээ яах вэ болно. Л.Гантөмөрийн хувьд хүнээс тусламж авдаггүй, тусладаггүй, өөрийн бор зүрхээсээ явж ирсэн гэдгээ хэлээд буй. Тэр сайн боловсон хүчин гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ намын удирдагч бусдынхаа дэмжлэгийг авч, тэднийгээ ойлгож, бодлогоор дэмжиж байж ажлаа урагшлуулах нь мэдээжийн асуудал. С.Эрдэнийн хувьд хамгийн олон хүний саналыг багцалсан гэж намынхан нь шуудхан хэлж буй. Д.Эрдэнэбатын хувьд одоогоор бусад руугаа дайрсан, дайруулсан зүйлгүй, өөрийнхөө хэлэхийг хэлээд яваа нэгэн.
Ардчилсан намын хувьд намын даргаас илүү чухал асуудал нь бодлогын болоод дүрмийн шинэчлэл. Энэ шинэчлэлийг хийх хүсэл зорилго хэнд байгаад хамгийн ихээр байгаад хэн дүрмийн шинэчлэлдээ хоёргүй сэтгэлээр ойлгож, оролцож байна вэ гэдэг сонгогч гишүүдэд чухал. Хэрэвзээ шинэчлэлийг хийхийг хүсч байгаа бол шинэчлэлээр бий болгосон дүрмийг хэн дагаж, хэн түүнээс зайлхийх вэ гэдгийг хамгийн түрүүнд бодох хэрэг гарч.
Ингээд бодоод байвал энэ сарын 29-нд Ардчилсан намын даргаар хэн сонгогдохоос илүүтэй хэнийг сонговол энэ нам эргэж хөл дээрээ босч бүгд эрх тэгш оролцоотой бодлого тодорхойлох хүчин болох вэ гэдгийг л юу юунаас илүү бодолцох нь чухал. Тиймээс л Ардчилсан намын даргын сонгууль өгөх гишүүд ҮЗХ-нд хэн нь хүчтэй, хэн нь мөнгөтэй гэхээсээ илүү амин чухал сонголт бол хэн намын дүрмээ дагах вэ гэх асуултыг хамгийн түрүүнд тавьж сонголтоо хийх нь чухал.
Өнгөрсөн 26 жилийн түүхээс харвал Ардчилсан нам дүрмээ баримталж, бүлэглэлээс нам, нийтийн эрх ашиг, бодлогыг илүү үзсэн үед иргэдийн дэмжлэгийг авч, түүнийг уландаа гишгэсэн үед гудамжинд гарч байлаа.
Таван сумтай тэврэлдэн эхэлж, намынхаа бэлгэдэл болсон хүлгээ хөдөлгөх ташуур атгасан нэр дэвшигчдээс тамга атгах нь хэн бэ гэдгийг тэд бид сонголт хийх гишүүд нь мэдэх хойно, бүлэглэл, эрх мэдлийн төвлөрлийг хэн бий болгож, жирийн гишүүд нь санал өгүүлэх хэрэгсэл болгох нь хэн бэ, нийтийн эрх ашгийн төлөө дүрмээ дагаж, шинэчлэлээ үргэлжлүүлэх нь бэ гэдгийг л бодож сонголт хийх үлдэж дээ. Хэн нь хэн бэ гэдгийг тэд маниас илүү мэдэх ч, хүний талд зогсох уу, шинэ дүрмийнхээ талд сонгох уу гэдгээ өөрсдөө шийднэ.
Сум, ташуур барих нэг хэрэг. Тамга барих хүнээрээ хэнийг гаргахаас энэ намыг хэрхэн харах вэ гэдгийг шийдэх нь мэдээжийн асуудал. Таван нэр дэвшигчдээ тавьж суугаад ТАМГАА хэнд атгуулахаа өөрийн толгойгоор өөрсдөө нэг бодоорой доо.