Цасан нурангид дарагдаж, олон хүн үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.01.19-нд нийтлэгдсэн

Цасан нурангид дарагдаж, олон хүн үрэгджээ

Италид лхагва гаригт газар хөдлөлтийн улмаас цасан нуранги зочид буудлын дээврийг дарж, олон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Абруццо мужийн нутаг дахь Гран Сассо уулаас холгүй орших зочид буудалд хүрэх зам цасанд боогдсон тул онцгой байдлын албаныхан шөнөжин  зүтгэсэн тухай ВВС мэдээлжээ. Осол шөнө дунд болсон боловч аврагчдын түрүүч хэсэг цанаар явган явж, үүрээр 04.00 цагийн үед зочид буудалд очсон байна.

Ослын газарт ажилласан уулын аврах багийн ахлагч Антонио Грочетта “олон хүн нас барсан байдалтай олдсон” гэж мэдээлжээ.

Цасан нуранги буух үеэр “Ригопиано” гэх зочид буудалд 30 орчим хүн байсан гэгдэж байна. Ослын улмаас зочид буудлын барилгын дээвэр хэсэгчлэн нуржээ. Ойролцоох Фариндола тосгоны оршин суугчдад онцгой байдлын сэрэмжлүүлэг хүргэсэн байна.

Италийн төв хэсгийн уулархаг нутгаар лхагва гаригт /2017.01.18/ дараалсан дөрвөн удаагийн газар хөдлөлт болж, газар хөдлөлтөөс үүдсэн чичирхийлэл шөнөжин мэдрэгджээ. Үүний өмнө Абруццо, Марше болон Лациод хэдэн өдрийн турш тасралтгүй цас орсон байна. Зарим хот, тосгон хүрэх зам цасанд боогдсон гэнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж