–Хөтөлбөрийн дагуу тангаргийн ёслол Пенсильванийн өргөн чөлөө дагуух баярын жагсаалаар үргэлжлэх бөгөөд үдэш нь Вашингтонд хэд хэдэн үдэшлэг болно-
Доналд Трамп Вашингтонд хүрэлцэн очжээ. Одоо тэр наанадаж дөрвөн жил тэнд байж, Цагаан ордноос АНУ-ыг удирдан залах болно. Үл хөдлөх хөрөнгийн могул, тэрбумтан, реалити шоуны од гээд олон тодотголтой явсан Трамп өнөөдрөөс эхлээд АНУ-ын ерөнхийлөгч гэж дуудуулах болно.
Нэгдүгээр сарын 20-ны яг үд дунд буюу Монголын цагаар 01.00 цагт тэр АНУ-ын Үндсэн хуульд заасан 35 үг бүхий тангаргийн үгийг хэлж, албан ёсоор их гүрний төрийн тэргүүний албанд томилогдох учиртай. Тангаргийн ёслолыг угтсан эсэргүүцэл, элдэв таагүй мэдээлэл, Ардчилсан намынхны бойкот үүгээр төгсөнө.
“Исламын улс” террорист бүлэглэлийн талаар хэлсэн бүдүүлэг боловч хурц шүүмжлэл, ОХУ-тай дотно харилцаатай, НАТО, НҮБ зэрэг олон улсын институтыг “огт хэрэггүй” мэтээр шүүмжилсэн зэргээс үзэхэд тэр огт өөр ерөнхийлөгч байх нь гарцаагүй гэгдэж байна.
Тангаргийн өдөр энэ жил баасан гаригт тохиож байна. Орон нутгийн цагаар өглөө тангарийн өдрийн баярын арга хэмжээ эхэлж, үд дунд ерөнхийлөгч ба дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон эрхмүүд тангараг өргөнө. Хөтөлбөрийн дагуу тангаргийн ёслол Пенсильванийн өргөн чөлөө дагуух баярын жагсаалаар үргэлжлэх бөгөөд үдэш нь Вашингтонд хэд хэдэн үдэшлэг болно.
Тангаргийн өдрийг угтсан “Make America Great Again” нэртэй тоглолт өчигдөр Линкольны дурсгалын цогцолбор /Lincoln Memorial/-д болж, Ли Гринвүүд, Тоби Кейт, 3 Doors Down тэргүүтэй урлагийн одод оролцсон юм. Энэ үеэр хэлсэн үгэндээ Доналд Трамп “бүх ард түмний ерөнхийлөгч байх болно” гэжээ.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ХӨТӨЛБӨР:
НЭГДҮГЭЭР САРЫН 20:
08.30 ЦАГТ: /Монголын цагаар 21.30/ Доналд Трамп болон түүний гэр бүлийнхэн сүмд очиж, мөргөл үйлдэнэ.
09.30 ЦАГТ: /Монголын цагаар 22.30/ Барак Обама ба Доналд Трамп нар Цагаан ордонд кофетой уулзалт хийнэ.
11.30 ЦАГТ: /Монголын цагаар 21-ний 00.30/ Тангаргийн ёслол эхэлнэ. “Авьяаслаг америкчууд” шоуны оролцогч Жэки Эванчо АНУ-ын сүлд дуулал эгшиглүүлнэ.
12.00 ЦАГТ: /Монголын цагаар 21-ний 01.00/ Доналд Трамп тангараг өргөж, үг хэлнэ. Ёслолын арга хэмжээ дууссаны дараа Трамп, Пэнс нар Капитолд үдийн зоог барина.
15.00 ЦАГТ: /Монголын цагаар 21-ний 04.00/ Тангаргийн баярын жагсаал болно.
19.00-23.00 ЦАГТ: /Монголын цагаар 21-ний 08-12.00/ Шинээр томилогдсон ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч эхнэрүүдийн хамт тангаргийн баярт зориулсан үдэшлэгүүдэд оролцоно.
НЭГДҮГЭЭР САРЫН 21:
10.00 ЦАГТ: /Монголын цагаар 11.00/ Ерөнхийлөгч Трамп Вашингтон дахь Үндэсний сүмд шашинтнуудын хамт мөргөл үйлдэнэ.
С.ЦЭЛМЭГ