Хүний эрхийг уландаа гишгэсэн байдал гаргаад байхад Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагууд юу ч хийхгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Өнгөрсөн сард Хятадын иргэн Хан үндэстэн Өвөрмонгол залууг машинаараа санаатай дайран хөнөөсөн хэрэг гарсан. Тухайн үед “Хүний эрхийг хамгаалах Амнести” байгууллага дэлхий нийтээр үүний талаар цацаж байж олон улсын томоохон мэдээллийн агентлагууд шалдар булдар бичсэн. Харин БНХАУ-ын иргэнд цаазаар авах ял оноож, өвөрмонголчуудыг нэг хэсэг нам жим болгосон билээ. Гэвч өнгөрсөн долоо хоногоос өнөөх асуудал улам хурцдаж мэдэхээр хэрэг боллоо. Сарын өмнө жагсаал хийж байсан Өвөрмонгол иргэнийг Хятадын хүчний байгууллага баривчлан нэлээд тарчлаасан байна. Мань эр амьд мэнд гэртээ ирээд нөхөддөө болсон явдлын талаар ярьсан аж. Гэвч түүнийг цагдаа нар гэр бүлтэй нь, газар дээр нь нам буудна гэж хэн санах билээ. Хөөрхий гэр бүл Хятад улсын цагдаа нарын гарт амь үрэгдсэн талаар нутгийн оршин суугчид харсан ч хараагүй юм шиг чимээгүй, ам дамжин ярьсаар элэг нэгт монголчууд бидний сонорт хүрсэн юм.
Хятадын Шинжаан Уйгарт их сургуулийн Өвөрмонгол залуус яс, үндэс гадуурхсан хэмээн жагсаал хийсэн. Уг жагсаалын үед 22 хүн амиа алдаж, 16 хүн баригдаж, хэдэн зуун хүн шархадсан талаар “Asianews.it” сайт мэдээлж байсан. Харин өнгөрсөн ням гарагт амиа алдсан нэгэн залуугийн ярьсанаар 16 хүн зодуураа даахгүй шоронд амиа алдсан талаар жагсаал хийж байсан нэгэн иргэн өөрийн Facebook болон Twitter-т бичжээ.
Дэлхийн Уйгарын конгрессийн сайтад “БНХАУ гэм зэмгүй хүмүүсийг хороож байгаа үйлдэл нь удаа дараа гарч байгаа бөгөөд энэ тал дээр нотлох баримт цуглуулаад дуусаж байгаа. Хүнийг яс үндэс, арьс өнгөөр ялгаварлахгүй байх хууль энэ орны Үндсэн хуульд заасан байдаг атлаа ийнхүү нутгархаж, бие биеэ алан хядаж байгаад манай конгрессийн зүгээс харамсаж байна. Бид тун удахгүй Хятад улсын үнэн дүр төрхийг харуулсан ноцтой баримт дэлгэнэ” гэжээ. Энэ талаар БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нам жим байгаа төдийгүй өвөрмонголчууд бослого гаргасан талаар нэг ч үг мэдээлээгүй юм. Энэ мэт мэдэгдээгүй хэрэг өдөрт хэчнээн болдог талаарх төсөөлөл аймшиг дагуулсаар буйг Өвөрмонголын иргэн талийгаач Мэргэн гэх залуугийн эцэг эх тухайн үед хэлж байсан.
Саяхан Төвдийн Далай лам АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзсан талаар Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шүүмжилж байсан. Үүний дараа Хятадын нутаг дэвсгэрт байгаа Төвдийн лам нарыг Хан үндэстэнүүд зодож танхайрсан хэрэг гарсан. Энэ мэт үндэстэн, ястан хоорондын мөргөлдөөн үе, үе болсоор байвал Тайван гэх мэт Хятадын харьяа үндэстнүүд “Хүний эрхийг хамгаалах байгууллагад хандах болно” гэдгээ өнгөрсөн сард мэдэгдэж байсан. Өнгөрсөн сард ойролцоогоор мянга гаруй өвөрмонголчууд жагсаж тэдгээрээс 150 гаруй нь баривчлагдсан талаар www.sporeforum.com сайт мэдээлж байсан бол энэ тоог зарим эх сурвалжууд багасгасан талаар BBC агентлаг онцолжээ.
Ямартай ч БНХАУ-ын харьяа Өвөрмонголын өөртөө засах орны нэгэн гэр бүл ийнхүү аймшигтай алуулсан нь олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд хараахан өртөөгүй бололтой. Улс дотроо энэ хэргийг хатуу чанга нууж чадаж байгаа ч Тайваний өдөр тутмын www.onlinenewspaper.com/taiwan.htm сайтад энэ талаар өнгөрсөн даваа гарагийн дугаар дээр гарсан аж. Ажиглагчид энэ тал дээр өөрсдийн байр сууриа илэрхийлж “Тус сайтад нийтлэгдсэн ч өнгөрсөн мягмар гарагийн үдээс хойш 17 цагийн орчимд эх сурвалж нь алга болсон байсан” гэжээ. Энэ мэт харгис хэрцгий алан хядлагыг нуун дарагдуулж байгаа нь олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагуудын анхаарлын төвд орох нь тодорхой юм.