Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан хүчит 224 бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Түшээт ханы аварга” дэвжээ, "Алдар" спорт хорооны бөх, улсын начин Э.Даш түрүүлж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хутагтын хүчтэн” бөхийн дэвжээ, "Хүч" спорт хорооны бөх, улсын харцага А.Цацавшир үзүүрлэлээ.
Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таванхан” дэвжээ, “Увс нуур” бөхийн гал, "Сүлд" спорт хороо, “Сэргэн мандалт групп”-ийн бөх, улсын харцага Н.Жаргалбаяр, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0119-р анги, “Гео Мандал” ХХК-ийн бөх, улсын өсөх идэр начин Л.Цэрэнтогтох нар шалгарав.
Өнөөдрийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Б.Пүрэвсайхан, Ш.Уламбаяр, А.Цацавшир, Т.Баасанхүү, Э.Энхбат нарын тэргүүтэй хүчтэнүүд зодоглосон юм.
Үндсэн хуулийн ойд зориулсан энэхүү барилдааныг анх 1992 онд зохион байгуулж, улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж, дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байжээ. Харин өнгөрсөн жилийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн.