АНУ-ын өнгөрсөн 20 жилийн турш явуулсан “нойтон хөл, хуурай хөл” бодлогыг ерөнхийлөгч Барак Обама цуцалсан тухай BBC мэдээллээ. Бодлогын хүрээнд визгүйгээр АНУ-ын нутаг дэвсгэрт ирсэн Кубын иргэдэд нэг жилийн дараа оршин суух эрх олгодог байсан юм.
АНУ-Кубын харилцааг сэргээхээр хичээж ирсэн Обамагийн дээрх шийдвэрийн хариуд Кубын эрх баригчид АНУ-аас албадан гаргасан куба иргэдийг хүлээн авахыг зөвшөөрсөн байна. Харин АНУ дахь кубачууд хүний эрхийн асуудлыг хөсөр хаясан дэглэмийг Вашингтон өөгшүүлж байна хэмээн шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлжээ. Нөгөө талаас Кубын засгийн газар телевизээр цацсан мэдэгдэлдээ дээрх шийдвэрийг “АНУ болон Кубын харилцааг сайжруулах чухал алхам” гэж тэмдэглэсэн байна.
“Нойтон хөл, хуурай хөл” хэмээн нэрлэгддэг дээрх бодлого нь зөвхөн Кубын иргэдэд хамааралтай байсан юм. Эх орноосоо дайжсан кубачууд газраар болон усан замаар дамжиж, АНУ-ын нутагт хүрдэг тул ийн нэрлэх болжээ. 2013 оны байдлаар АНУ-д куба гаралтай хоёр сая гаруй хүн амьдардаг гэх судалгаа байна. Тэдний дийлэнх нь Флоридад аж төрдөг ажээ. Обамагийн засаглалын үеэр АНУ-ыг зорих куба иргэдийн тоо эрс нэмэгдсэн бөгөөд 2014 онд Кубын 24278 иргэн АНУ-д ирсэн бол 2015 онд 43159 болж нэмэгджээ.
С.ЦЭЛМЭГ