Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргаад байна.
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг, Будант тээл гэдэг газар нутгийн иргэд гар аргаар олборлолт хийж байгаад аюулд орсон тухай дуудлага энэ сарын 13-нд аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашинтай хэргийн газар очин ажиллахад Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн харъяат иргэн Э /26 настай, эрэгтэй/, Т /28 настай, эрэгтэй/ нар амиа алдсан байсан аж.
Алт олборлогчид нүх ухаж байтал ухсан нүхний ханаар нь хиймэл нуурны ус задарч, дотор нь байсан 2 иргэн амь насаа алдсан байна. Онцгойгийнхон цогцосыг гаргахаар ажиллаж байна.
Төв аймгийн Сэргэлэн сумын дөрөвдүгээр багийн Оорцгийн энгэр гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 14 км-т/ иргэн Б-н “Порше гаяана” загварын автомашин цасанд суусан тухай дуудлага өчигдөр (2017.01.14) иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 3 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж автомашиныг цаснаас татан гаргажээ.
Г.ХОРОЛ