Тэр цагт дээрх нам, төр хүчтэй байв. “Зөвлөлтийн хүнийг даган дууриагаарай” гэсэн дээрхийн үг ч бас хүчтэй байлаа. Нийгмээрээ даган дууриав. Зөвлөлтийн хүний олон сайн талын зэрэгцээ олон муу талыг өөрсдөө ч мэдэлгүй даган дууриаж суралцав. Тэр олноос онцгой муу нь монголчууд нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгийн чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоос үл хамааран тэгш эрхтэйгээр архиддаг болсон явдал.
Бид бүхэн архины өндөр градустай, хатууд нь нэн дуртай. АПУ-гийн тамгатай “Чингис”, MCS-ийн хар “Чингис”, UBS группын морьтой “Чингис”, Жем Интернэшнлийн алтан “Чингис” болон бусад олон архийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд ууна, “Чингис” зочид буудалд ууна, Чингис хааныхаа хөшөөний урдахь сааданд ууна. Гэрт гадаа, ажил, хогийн цэг, траншейнд хаана л бол хаана ууна. Дээр нь УИХ-ын дэд дарга, УИХ-ын эрхэм гишүүн Г.Батхүүгийн хувийн АПУ үйлдвэрийн пиво ууж амны цангаагаа гаргана, шараа тайлна.
Манай эриний өмнөх 3500 онд Иранд мэндэлсэн гэсэн төрсний гэрчилгээтэй пиво нь монгол сүү цагаан идээнээс бус, малын тэжээл олон наст өвслөг ургамлаас гаргасан исгэлгэ согтууруулах ундаа гэж мэдсээр байж “идээний дээж” гэж бид эрхэмлэнэ. Бүр даваадуулан “шар айраг” гэж нэрлэнэ. Айргаа тааваараа уугаарай гэснийг мушгиж пиво уух такс Дээрхийн гэгээнтнээс монголчуудад олгосон мэт ярина.
Уг нь идээний дээжид сүү, сүүгээр сүлсэн цай, айраг, айргаар нэрсэн монгол архи, хоормог, хоормогоор буцалгасан хөөрүүлэг зэрэг, хүмүүс уухад зориулсан малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн ордог. Иймээс хойшид Европ стандартаар үйлдвэрлэсэн, мод, арвай, цагаан будаа “ээж”-тэй архи, виски, коньяк, шампанск, вино бүгдийг нь “ургамлын дээж” гэж нэрлэвэл зохилтой.
Толин хул гэдэг хурдан азаргатай АПУ-гийн Г.Батхүүгийнхэн “Ерөөл” архитай, “Энержи ресурс” гэдэг коксжих нүүрстэй MCS-ийн Ж.Оджаргалынхан “Хараа” архитай.
Тээр жил, Г.Батхүүгийн оффист багын анд нь зочилжээ. Ирсэн зочин “Хятад спиртийн холиогүй, найдвартай цэвэр АПУ уумаар байна” гэхэд Г.Батхүү сейфээ онгойлгон хагас литрийн “Хараа” гаргаж аягалсан гэнэ. Онигоо болгож аман яриагаар тараасан архины энэ сурталчилгааны эхний зохиогчид нь Ж.Оджаргалын тойрон хүрээлэгчид биш Г.Батхүүгийн пиарчид юм билээ. Тиймээс жинхэнэ ориг эх дээрээ Ж.Оджаргал сейфнээсээ “Ерөөл” гаргаснаар бичигдсэн байдаг. Эцэстээ архи, архины үйлдвэрийн эзний нэрс яагаад ингэж солигдсоны шалтгаан одоо ч тодорхойгүй. Зохиосон пиарчдын шан хөлс дээр Гаваагийн Батхүү гар татсанаас тэд идейгээ худалдан борлуулж үнэ хүргэсэн, эсвэл нөгөө тал нь тагнуулдаад нэрсийг өөрчилж, урьдаж цацсан байх магадлалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010-аас 2011 онд шилжих шинэ жилийн үеэр бүх ард түмэндээ хандан бэлгэтэй сайхан ерөөл хэлж, соёмботой шилэн аяганд ургамлын дээж архи биш, идээний дээж сүү хийж хундага өргөсөн. Маш гоё харагдсан, олон түмэн ч сайшаан түрхэрсэн. Харин ганцхан, Үндэсний шинэ намын лидер М.Энхсайханд муухай харагдсан байна. Тэрээр өнгөрсөн хавар ҮШН-ын таван жилийн ойн баярын хурлын индэр дээрээс “Сүлд улс” гэсэн улс төрийн илтгэл тавихдаа “сүү нь саваа голсон” гэж өөнтөглөсөн байр сууриа илэрхийлсэн шүү. Тэнгэр шүтээн хөтөлбөртэй ҮШН-ынхан архи уухдаа цэцгийн сав, сүү уухдаа мөнгөн аяга хэрэглэдэг байж мэднэ.
Ц.Элбэгдорж 2009 оны зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгуулиар нийт сонгогчдын 51,24 хувийн санал авсан бол 2010 оны арванхоёрдугаар сард “Бөртэ чоно” наадам дээрээс ард түмэндээ хандаж түүний “Таны аяганд, хундаганд архи байхыг энэ цаг мөчөөс эхлэн та битгий зөвшөөрөөч ээ” гэж хэлсэн үг нь 100 хувьд хүрч дэмжигдсэн билээ. Тэрээр “Архи өнөөдөр манай нийгэмд тулгамдсан хамгийн эмзэг асуудал болоод байна… Архи гоо сайхантай зохицохгүй. Архи Монголын бахархалтай зохицохгүй. Архи монголчуудын амжилттай зохицохгүй…яг арванхоёрдугаар сарын 31-ний 12 цагийн сүүлчийн минут цохилох тэр мөчид ард түмэндээ хандаж үг хэлэхэд ч миний хундага, миний аяганд архи байхгүй. Тэнд сүү эсвэл цай байх болно. Ерөөсөө хувь хүн өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Энэ хороос бүгдээрээ салъя…
Архи хэрэглэдэггүй хувь хүн, архи хэрэглэдэггүй айл өрх, архи хэрэглэдэггүй хороо хорин, архи хэрэглэдэггүй хот айл, архи хэрэглэдэггүй Монгол, архи хэрэглэдэггүй нийгэм болохын төлөө энэ цаг мөчөөс бүгдээрээ хамтарч ажиллацгаая” гэсэн юм. Ингэж л Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмнээ уриалсан билээ.
Гэтэл хээгүй хэмээх, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат төрийн төмөр нүүрийг архи үйлдвэрлэгчдэд харуулах уу, архичдад нь харуулах уу гэдгийг сонгож чадалгүй байсаар сонгуульт хугацаагаа дуусгасан. Мань мэтийг найруулсан спирт ууж байхад мань Ерөнхийлөгчийн “Урьд өмнө үзээгүй яасан тансаг ёолк вэ” гэж дуун алдах нь сонсогдож байсан юм.
Хийгүй хэмээх, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди найман жил төрийн нэгдүгээр эгнээний нэгдүгээр суудалд залрахдаа “архи” нэртэй арга хэмжээний, ач холбогдлоороо хоёрдугаар эгнээний хоёрдугаарт орох хууль бус явдалтай тэмцсэн. Энэ нь юу байв гэвэл, хувиараа спирт найруулан хувийн үйлдвэрийн шошго нааж хуурамч архи хийгчидтэй тэмцсэн, архийг нь хураасан, торгосон.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр урьд нь Соёлын сайд, Ерөнхий сайд, УИХ-ын спикер зэрэг төрийн өндөр албан тушаал хашсан учраас хойшид ч дандаа дарга байна гэсэн итгэлтэйгээр архи ууж болохгүй гэсэн шаардлага өөртөө тавьж, спиртийн дусалгүй эрүүл биед саруул ухаан оршино хэмээсэн нэгэн явав. Харин тэрээр архинд живж эхэлсэн ард олноо анзаараагүй. Он удаан жил эрүүл саруул байж олон сонгуульд ялж дарга хийнэ гэж зорьсон түүний архи уухгүй, арван зургаан цагаас хойш махан хоол идэхгүй дэглэм барьдагийг буруутгах аргагүй.
Гэхдээ “Ард түмээн архи битгий уугаарай” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шиг хэлсэнгүй, “Архиа бага ууж айргаа тааваараа уугаарай” гэж Дээрхийн гэгэээн XIV Далай лам шиг захисангүй. Н.Энхбаяр даргын хүлээн авалт, цайллаган дээрээс ирлээ гээд хоёр зээрдээрээ явж чадахгүй улаан зээрд бологчдыг олонтаа харсан. Тэгэхээр Н.Энхбаяргүй сонгууль байгаагүй шиг, найрлах архигүй түүний хүлээн авалт байгаагүй бололтой. Харин одоогийн Ерөнхийлөгч цайллагаа архи дарсгүй хийж, цагаан идээний дээж аарцаар дайлж байна гэнэлээ.
Буддын их гүн ухаантан Нагаржунай “Загатнахад, загатнасан газар маажих сайхан. Загатнахгүй байх бүүр сайхан” гэж хэлсэн байдаг. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч энэ суут үгийн логикоор монголчууддаа хандаж, архи битгий уугаарай гэж хэлж байгаа, захиж байгаа.
Үнэхээр ч “Архидаад шартахад ахиж уугаад дотроо засах сайхан. Архи уухгүй, шартахгүй байх бүүр сайхан” шүү.
-Ам цангав! гэхэд архи, пиво барьдаггүй шинэ эрин эхэлжээ, миний эх оронд.