Ц.Төрбат: Хөдөөний малчид соёлын өвийн хулгайч болж дууслаа

Хуучирсан мэдээ: 2017.01.15-нд нийтлэгдсэн

Ц.Төрбат: Хөдөөний малчид соёлын өвийн хулгайч болж дууслаа

Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн хүрэл, төмрийн судалгааны салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Ц.Төрбаттай ярилцлаа. Тэрбээр энэ сарын 12, 13-ны өдрүүдэд болж өнгөрсөн “Монголын археологи-2016” эрдэм шинжилгээний хуралд Сяньбигийн үеийн томоохон хэмжээний анхны оршуулга олдсон талаарх сонирхолтой илтгэлийг танилцуулсан юм. Сүүлийн 10 гаруй жил Баян-Өлгий, Ховд, Увс зэрэг баруун бүсийн аймгуудаар археологийн судалгааны чиглэлээр ажиллаж буй судлаач аж.


-Сүүлийн жилүүдэд баруун бүсийн аймгуудын археологийн судалгаа эрдэмтэн судлаачдын анхаарлыг ихэд татах болжээ. Өмнө нь баруун аймгуудаар археологийн судалгаа хэр хийгдэж байсан бол?

-Миний малтлага, судалгаа хийдэг газар Улаанбаатар хотоос 2000 км цаана байдаг. Судлаачид сүүлийн хэдэн жил баруун бүсийн аймгуудад нэлээд анхаарч, судалгаа хийдэг болсон байна. Намайг анх Баян-Өлгий аймагт 2004 онд малтлага хийж эхлэхэд тэнд археологийн судалгаа маш бага байлаа. Тухайн үед Д.Цэвээндорж багшийн хийдэг хадны зургийн судалгаа л байсан. Харин одоо баруун бүсэд археологийн шинэ төрлийн дурсгалууд олноор илэрсэн. Тиймээс баруун монголын хүрлийн үе, төмрийн үе, дундад зууны Түрэгийн үеийг багтаасан эртний түүхийг цоо шинээр бичих боломж бүрдсэн гэж ойлгож болно.

-“Монголын археологи-2016” эрдэм шинжилгээний хуралд хоёр ч судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж байх шиг байна. Танай судалгааны багийн хувьд өнгөрсөн жил түүхэн ховор ямар олдворуудаар богцоо “дүүргэв”?

-Би энэхүү эрдэм шинжилгээний хуралд хамтарсан багийнхаа хоёр илтгэлийг танилцууллаа. Нэг нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар “Монгол үндэстний угсаатны бүрэлдэхүүн” хэмээх төслийн талаар илтгэл тавьсан. Уг төслийн хүрээнд манай хүрээлэнгийн судалгааны баг Төв аймгийн Мөнгөнморьт сумын Номгон ууланд ажиллаж, нийт 17 дурсгалыг малтан судалсан. Үүнд хүрлийн үеийн булш, Хүннүгийн үеийн нэг булш , монголын үеийн долоон булш зэрэг олдворууд багтаж байгаа.

Мөн Тан улсын үеийн зоос монголын үеийн булшнаас илэрсэн. Үүнээс үзэхэд нүүдэлчдийн соёлд зоос арилжааны хэрэгслээр бус билэгдэл маягаар зоосыг хэрэглэж байсан болов уу гэх таамаглал дэвшүүлсэн. Бас нэг сонирхолтой нь Хүннүгийн үеийн булш дунджаар 100 орчим булштай оршуулгын газрын зохион байгуулалттай оршуулсан байдаг. Гэтэл бидний илрүүлсэн ганц Хүннүгийн үеийн булш монголын үеийн болон хүрлийн үеийн булш дунд байсан. Оршуулсан байдал нь жирийн хүнийхээс өөр бөгөөд нүүрээр нь доошоо харуулан, гар хөлийг хүлж байршуулсан байснаараа онцлог байсан. Оршуулгыг дагалдуулан ганцхан хутга л тавьсан байсан юм. Судлаачид энэ оршуулгыг тодорхой зан үйл гүйцэтгэж, жирийн бус үхлээр үхсэн, нийгмээс гадуурхагдсан хүний оршуулга гэж таамаглаж байгаа. Мөн манай улсын хэмжээнд нийт 500 гаруй дөрвөлжин булш малтаж илрүүлсэн байдаг. Гэтэл энэ удаагийн археологийн ажлаар өмнө нь илэрч байгаагүй хүний дүрстэй хүрэл онго илэрсэн. Энэ нь тухайн үед амьдарч байсан хүмүүсийн шашин шүтлэгийн тодорхойлоход чухал мэдээлэл болох юм.

-Та өмнө нь Сяньбигийн үеийн бүтэн оршуулга олдож байгаагүй гэж ярьсан шүү дээ. Сяньбигийн үеийн анхны бүрэн хэмжээний оршуулга олсон талаараа ярихгүй юу?

-Энэхүү төслийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлсэн байна. Судалгааны зорилго нь алслагдсан бүс нутгийн нүүдэлчдийн угсаа гарал, түүх, соёл иргэншил, тэдний аж ахуйг цогц судлахад оршиж байгаа. Бид сүүлийн хоёр жил орчин цагийн Алтайн нүүдэлчдийн бэлчээрийн гормыг онлайн горим дээр хянаж байгаа. Энэ нь малын хүзүүнд байршил тогтоогч зүүлгэж, бэлчээрийг нь тогтмол ажиглаж байдаг гэсэн үг. Ингэснээр баруун Алтайн эртний нүүдэлчдийн бэлчээр ашиглалтын түүхийг бүхэлд нь бичих боломжтой болох юм. Манай судалгааны багийнхан 2015 оноос эхлэн Бургастын голын Сяньбигийн үеийн 26 булшийг малтаж, энд өнгөрсөн онд дуусгалаа. Энэ бүгд Сяньбигийн үеийн монгол Алтайн нүүдэлчдийн булш юм. Сяньбигийн үеийн энэ том мэдээллийн санг судалж, мал аж ахуйн хэв шинж, хил залгаа бүс нутагтай соёлын талаас нь харьцуулан судлах боломжтой бүрдсэн гэсэн үг. Энэ оршуулгаас бүтэн хувцас өмсгөлтэй оршуулга илэрсэн нь онцлогтой. Яг ийм олдвор ховор л доо. Өмнө нь 1924 оны үед Ноён уулаас бүтэн хувцас, хэрэгсэлтэй булш олдож байсан бөгөөд одоо Эрмитажийн музейд хадгалагдаж байгаа. Сүүлийнх нь 2006 онд Д.Цэвээндорж багшийн судалсан монгол Алтайн мөнх цэвдэгийн булшнаас олдсон байдаг. Булшнаас гарч буй гурав дахь хувцас уг Сяньбигийн үеийн булшнаас олдсон хувцас юм. Хувцсыг нь дүрсэлбэл нялх хүүхдэд өмсүүлдэг уяатай малгайтай, дээл нь хүрэн улаан бас ногоон өнгөтэй байх жишээтэй. Одоо энэхүү ховор олдворт сэргээн засварлалтын ажлыг хийж эхэлнэ.

Баян Өлгий аймгийн Ногооннуур сумын Бургастын голын Сяньбигийн үеийн булш

Баян Өлгий аймгийн Ногооннуур сумын Бургастын голын Сяньбигийн үеийн булш

-Таны хувьд Франц улсын судлаачидтай олон жил хамтран ажиллаж байна. Ер нь монголын эрдэмтэд Францын судлаачидтай хэрхэн хамтран ажилладаг вэ?

-Францын эрдэмтэн судлаачид монголд ажиллаад 20 гаруй жил болж байна. Төслийн хувьд Францын Байгалийн түүхийн музей, Шинжлэх ухааны судалгааны үндэсний төв гэсэн хоёр байгууллага манай хүрээлэнтэй байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа. Францын талын судлаачид ихэвчлэн анализ талын судалгааг хийдэг. Жишээлбэл модны мэргэжилтэн модон эд зүйлийн технологийг судалж, модны он цагийг нэг жилийн нарийвчлалтайгаар тогтоодог. Мөн изотопын мэргэжилтэн бидний газраас хөрсний дээж авч цацраг идэвхт бодисуудыг илрүүлж, мал хэрхэн бэлчдэг байсан талаар судалж байна. Монголын судлаачид соёлын археологийн судалгааг голлож хийдэг. Ингээд л бид бие биенийхээ дутууг нөхөж хамтран ажиллаж явдаг даа.

-Түүхэн биет ховор олдворыг сэргээн засварласны дараагаар хадгалж, хамгаалах нь хамгийн чухал. Тиймээс үнэт олдворуудаа хадгалах байр барьж байгуулах хэрэгтэй байгаа юм шиг?

-Эдгээр олдворууд маань газрын хөрсөнд мянга гаруй жил дарагсан шүү дээ. Үүнийг сэргээн засварлахгүй бол ялзарч муудна. Эдгээр оршуулгын булшийг сэргээн засварлах ажлыг ирэх хавраас эхлэн хийнэ. Манай хамтран ажиллагч Францын эрдэмтэд хоёрдугаар сард Монголд ирнэ. Үүний дараагаар яаж хадгалах талаар ярилцана. Эдгээр олдворуудыг тогтмол температуртай, тогтмол чийгшилтэй газар хадгалахгүй бол амархан ялзарна. Тиймээс эдгээр түүхэн олдворуудыг хадгалах байр, музей нь манай салбарт тулгамдаж буй хамгийн чухал асуудал болоод байна. Салбарын эрдэмтэн судлаачдын зүгээс түүх, археологийн музейтэй болох санаачлагууд гарч байгаа. Музей байгуулж, түүндээ өөрсдийн нээн илрүүлсэн олдворуудаа хадгалж, сэргээн засварлах чадамжаа ч дээшлүүлэх бүрэн боломжтой. Соёлын өв гэдэг чинь үндэсний баялаг шүү дээ. Тиймээс энэ асуудалд төр засгийн дэмжлэгийг авахаас өөр арга замгүй. Манай орны хөрс шорооноос олдсон олдвор бүгд оргиналь, анхдагч, цорын ганц соёлын үнэт өвүүд байдаг. Гэтэл хил даваад л БНХАУ-ын нэг музейгээр ороход дан дууриамал олдвороор дүүрэн байх жишээтэй. Археологийн музей байгуулвал аялал жуулчлалд ч маш том хувь нэмэр оруулна. Монголын зорин ирэх жуулчдад өөрсдийн түүх, соёлоо сурталчилж, хойч үедээ эх түүхээ мэдэхэд нь үнэтэй хувь нэмэр оруулна. Ер нь манай орон шиг баялаг түүхтэй улс хаана ч байхгүй дээ.

-Монголын өргөн уудам нутгаас олдсон археологийн олдвор жил бүр л нэмэгдэж байгаа. Гэтэл олдсон олдворуудаа хаана, хэрхэн хамгаалах асуудал тулгамдаж байгааг салбарынхан хэлж байна. Танай хүрээлэнгийн хувьд олдсон олдвороо хаана хадгалдаг юм бэ?

-Манай Түүх, археологийн хүрээлэн дээр авч үзвэл маш чухал олдворуудыг үе шаттайгаар Үндэсний музейд шилжүүлж өгсөн. Жишээ нь 2001 онд илрүүлсэн Билэг хааны эрдэнэсийг тэр чигээр нь Үндэсний музейд шилжүүлж өгсөн. Энэ бол манай үндэсний том баялаг. Мөн 2008-2010 онд судалсан хадны оршуулгын хэрэглэгдэхүүний 100 гаруй хосгүй үнэт олдворыг Үндэсний музейд шилжүүлж өгсөн байгаа. Өмнө нь илрүүлсэн хадны оршуулга болон Хархорин хотын малтлагаас илэрсэн их хэмжээний олдворыг Төрийн түүхийн музей, Хархорин музейд тус тус шилжүүлсэн. Гэхдээ судалж дуусаагүй одоо хүртэл үргэлжилж байгаа их хэмжээний материал олон бий. Бид энэ болгоныг хүрээлэнгийнхээ лабораторид хадгалж байгаа. Жилээс жилд лабораторийн маань зай талбай улам багасч байна. Дараа дараагийн археологийн олдворуудаа хаана хадгалах вэ гэдэг асуудал тулгарч байна. Археологийн шинжлэх ухаан өнөөдрөөр дуусахгүй шүү дээ. Ирэх жил яах юм бэ. Тиймээс өнөөдөр арга хэмжээ авах хэрэгтэй байна. Хэдий улс орон мөнгө төгрөггүй, эдийн засаг хүндрэлтэй байлаа гээд энэ асуудлыг орхиж болохгүй. Миний хувьд үүнийг төрөөс анхаарах хэрэгтэй гэж боддог.

-Нэг үеэ бодоход түүхэн булш, хиргисүүрүүдийг тонож хууль бусаар хилээр гаргах нь багассан гэх юм. Та археологич хүний хувьд үүнтэй санал нийлэх үү?

-Би соёлын өвийг хууль бусаар хилээр гаргах нь багассан гэж бодохгүй байна. Соёлын үл хөдлөх өвд хоёр том аюул занал нүүрлээд байна. Нэг нь бүтээн байгуулалт. Бид энэ асуудлыг харьцангуй сайн шийдэж чадсан. Соёлын өвийг хамгаалах тухай хууль хэрэгжиж байна. Үйлдвэр, зам гүүр, барилга, хамгийн гол нь уул уурхайн компаниуд археологийн урьдчилан хамгаалах судалгааг хийлгэж байна. Соёлын дурсгал илэрсэн тохиолдолд малтлага явуулж байна. Нөгөө асуудал нь хувийн ашиг сонирхлын зүгээс дурсгалт газрыг тонож, малтах асуудал багасахгүй байгаа. Өнгөрсөн 2016 оны хувьд энэ талаарх тоон судалгаа хараахан гараагүй байгаа. Гэхдээ 2015 оны байдлаар Улсын хэмжээнд эртний булш тоносон нийт 26 эрүүгийн хэрэг үүссэн. Гэвч нэгэн ч прокурарын шатнаас дээш гарахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь Соёлын өвийн тухай хууль, Эрүүгийн хуулинд энэ тухай тодорхой заалтууд байхгүйтэй холбоотой. Харин шинэ Эрүүгийн тухай хуулинд энэ тухай хэрэгжих бүтэн бүлэг орсон байсан. Гэтэл энэ хууль өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжих байтал бүтэн жилээр хойшилчихоод байна. Биднийг Төв аймгийн Номгон ууланд малтлага хийхээр очиход сарын өмнө тэнд дөрвөн дурсгалт газрыг хулгайгаар ухсан байсан. Номгон уул орчмын хамаг сайн гэсэн түүхэн дурсгалыг хулгайгаар ухсан нь үнэхээр харамсалтай. Тэгээд бид Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын тамгын газарт энэ асуудлыг албан ёсоор мэдэгдсэн. Цаашдаа үүнийг цагдаагийн байгууллага ч анхаарах ёстой. Гэвч одоогийн байдлаар нэг ч хэргийг шүүхээр шийдвэрлэхгүй байна. Тэгэхээр орон нутагт ажиллаж буй хүмүүст итгэл үнэмшил төрөхөө больж байна. Эрүүгийн хууль хурдан батлагдаж, хэрэгжиж эхэлбэл соёлын өв рүү халдаж буй халдлага арай багасах болно. Шинэ Эрүүгийн хуулинд энэ талаар соёлын өвийг тоносон иргэнийг гурван жил хорих ял онооно зэрэг маш хүчтэй заалтууд орсон байна.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Номгон уулаас олдсон хүрэл онго

-Эртний эдлэлийн дэлгүүрүүдэд хулгайн эд зүйл их байдаг гэх юм?

-Хилээр гардаг асуудал бол эртний эдлэл цуглуулагч буюу хувь цуглуулагчдад л байгаа. Эдгээр хүмүүс нэг талаараа хулгайн малтлагыг өөхшүүлж буй хүмүүс. Тэгээд тэнд “угаалт” явж байна. Хулгайн шугамаар худалдан авсан соёлын өвийг “Нэг хүн өвөөгөөс нь өвлөж ирсэн зүйл” гэж хэлдэг сайхан үгтэй. Бохир зүйлийг цэвэр нэртэйгээр худалдаж байдаг. Тиймээс энэ хүмүүсээр дамжиж соёлын өв маш их тоногдож байгаа

-Таны хувьд малтлага судалгааны ажлаар явахад нутгийн иргэд хэр хүлээж авдаг вэ? Орон нутгийн иргэд түүхэн булш, хиргисүүрүүдийг тонож, сүйтгэж буй этгээдүүдийг илрүүлэхэд хэрхэн тусалдаг вэ?

-Нутгийн иргэд хамаг дээрэм тонуулыг хийж байгаа хүмүүс шүү дээ. Өнгөрсөн 2015 оны 26 хэрэг бүгд нутгийн иргэдийн оролцоотой байсан. Тэнд хотоос ирсэн хэдэн хүмүүсийн нэр дурдагддаг. Гэхдээ тэр зөвхөн оролцогчдынх нь нэг байхгүй юу. Энэ бүх хэрэгт нутгийн иргэд оролцож, өөрсдөө тонуул хийж байгаа. Тэгэхээр манай иргэдийн ухамсар, амьдралын түвшин, хууль эрхзүйн орчин ямар байна вэ гэдгийг бодох цаг ирсэн. Тэгэхгүй бол манай хөдөөний малчид бүгд соёлын өвийн хулгайч болж дууслаа. Нутгаараа “Тэндээс алт, мөнгө олдсон, тийм машин авсан гэнэ” гэх худал ярианд итгэж, соёлын өвөө малтаж байна. Зарим аймгийн сумдад тоногдоогүй нэг ч дурсгал үлдээгүй. Энэ бол сүйрэлийн түвшинд хүрч байгаа гэдгийг хэлж байгаа юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж