“Хэрэв АНУ нь манай гишүүн болохоор шийдсэн тохиолдолд Азийн дэд бүтэц хөрөнгө оруулалтын банкны (АДБХОБ) үүд хаалга үргэлж нээлттэй” хэмээн тус банкны ерөнхийлөгч Цзинь Лицюнь мэдэгдсэн байна.
Түүний “Манай үүд хаалга үргэлж нээлттэй” – гэх үгийг China Daily сонин онцолсон байна.
China Daily сонинд дурдсанчлан, АНУ-ын Ардчилсан болон Бүгд Найрамдах намын томоохон төлөөлөгчид Цзинь Лицюньтэй уулзах явцдаа, түүний банкийг магтан сайшаасан байна. “Манай банкны талаар эерэг сэтгэгдэлтэй байгаад талархаж байна” – хэмээн тэрбээр хожим энэ талаар сэтгэл хангалуун хариулсан байна.
Цзинь Лицюнь өнгөрөгч 11 дүгээр сард Дональд Трампын засаг захиргааны үед АНУ нь тус банкны гишүүнээр элсэх боломжтой тухай мэдэгдэж байжээ. Түүний хэлснээр, Трампын багийнхны ихэнх гишүүд ерөнхийлөгч Барак Обамагийн АДБХОБ-д элсэхгүй байх шийдвэрийг алдаатай хэмээн үздэг аж. Хожим нь Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Гэн Шуан: “АНУ нь Азийн дэд бүтэц хөрөнгө оруулалтын банкны гишүүнээр элсэх нь өөрөө сайн алхам болох байсан” хэмээн мэдэгдэж байв.
Азийн дэд бүтэц хөрөнгө оруулалтын банк (Asian Infrastructure Investment Bank, AIIB) нь 57 гишүүн улсыг өөртөө нэгтгэдэг бөгөөд тус банкийг 2015 оны зургадугаар сарын 29-ний өдөр Ази, Номхон далайн бүс нутаг дахь дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх зорилготой, 100 тэрбум долларын дүрмийн сантайгаар үүсгэн байгуулжээ. Банкны захирлуудын зөвлөлийн саналын олонхын эрхийг Хятад, Энэтхэг болон Орос зэрэг улсууд эзэмшдэг байна.
А.БАЛЖИННЯМ
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ