“Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл”-ийн нэгдсэн зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2017.01.16-нд нийтлэгдсэн

“Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл”-ийн нэгдсэн зөвлөгөөн боллоо

Өнгөрөгч амралтын өдөр буюу 01-р сарын 14-нд “Сэлэнгэ аймгийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл”-ийн нэгдсэн зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөнөөр туслах хүчний зөвлөлийн дарга буюу аймгийн Засаг дарга Ш.Оргил болон бусад гишүүд, холбогдох албан тушаалтнууд оролцож, Хил хамгаалалтад туслах 2017 оны ажлын төлөвлөгөөгөө ярилцлаа. Энэ үеэр хилийн цагийн байдал, анхаарах зүйлсийн талаар Хилийн 0243 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Дамдинсүрэн мэдээлэл хийлээ. Тэрээр: “Монгол-Оросын хил дээр явагдсан тусгай арга хэмжээний явцад ОХУ-ын хил орчмын нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 100 гаруй зөрчил илрүүлж хуулийн байгууллагад шилжүүлсэн. Энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа төдийгүй хоёр улсын иргэд үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттайгаар гэмт хэрэг үйлдэж болзошгүй. Хилийн зурваст зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 2600 гаруй иргэн, хоёр аж ахуй нэгж бий. Мөн заставын хариуцсан хэсэгт 960 гаруй иргэн самар түүх зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гурван иргэн амиа алдаж, нэг иргэн олдоогүй. Тиймээс туслах хүчний зөвлөлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг улирал бүр дүгнэж үр дүнг нь тооцох зэргээр анхаарах ажил цөөнгүй байна” гэлээ. Мөн хилийн 0101 дүгээр ангийн орлогч, штабын дарга дэд хурандаа Б.Батболд: “Бусдын нэрээр буцах үнэмлэх авсан монгол иргэд, хуулийн хариуцлагаас оргон зайлагсад, зохион байгуулалттайгаар хар тамхи, эм бэлдмэл нэвтрүүлэх зөрчил гарч байна. Цаашид Алтанбулаг авто зам, боомтуудыг тохижуулан олон улсын жишигт хүргэх. Ангийн төвийн барилгуудыг нэгдсэн дулааны шугамд холбуулж, гэрэлтүүлэг хийх. Сүхбаатар төмөр замын шалгалтын өрөөг иж бүрэн тохижуулах шаардлагатай” гэдгийг онцоллоо.

“Хил хамгаалах туслах хүчний зөвлөл”-ийн нэгдсэн зөвлөгөөнөөс нилээдгүй олон ажлыг хийхээр боллоо. Тухайлбал, улсын хил хамгаалалтад шаардагдах зардлыг сумдын төсөвт суулгаж хяналт тавьж ажиллах, “Нэг баг-Нэг агт”, “Нэг аж ахуй нэгж-Нэг мотоцикль” аян өрнүүлж үр дүнг тооцох, хил хамгаалалтад оролцох хүсэлт гаргасан иргэдийг бүрэлдэхүүнд оруулах, хил дамнасан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахад хилийн заставуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх,  отряд, заставуудад ажиллаж буй албан хаагчид, туслах хүчний гишүүдийг эрүүл мэндийн үзлэг, нарийн оношлогоонд хамруулах, заставуудыг цасны чарга, моторт завиар хангах, Хар горхи, Номтын заставт гэр цэцэрлэг ажиллуулах зэрэг олон ажил арга хэмжээ төлөвлөгдсөн байна.

ЭХ СУРВАЛЖ: SELENGE.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж