Европын бондын зах зээл тогтворгүй хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Европын бондын зах зээл тогтворгүй хэвээр байна

Европын холбоо Грект дахин санхүүгийн тусламж олгохоор болсон. Энэ бол өрийн хямралыг намжааж, еврогийн тогтвортой байдлыг хангах гэсэн оролдлого гэдэгтэй маргах аргагүй юм. Хэрэв Евро бүсийн бондын зах зээл тогтворжиж, хөрөнгө оруулагчдын зүгээс бүс нутгийн орнуудын Засгийн газраас гаргасан үнэт цаасыг худалдан авах сонирхол нь нэмэгдвэл Европын холбооны удирдлагууд зорьсон үр дүндээ хүрнэ гэсэн үг. Түүнээс биш аль нэг тусгаар улсын дампуурах дөхсөн эдийн засгийг аврахын тулд өөрийн орны татвар төлөгчдийн нуруун дахь ачааг нэмэх нь олигтой санаа биш гэдэгтэй зарим ажиглагч санал нийлдэг. Тэгэхээр одоо Евро бүсийн бондын зах зээл тогтворжиж чадав уу гэдэг асуулт гарч ирэх нь.
Грекийн Засгийн газар дахин зээл авахаар болсны дараа Испани, Италийн богино  хугацаатай гаргасан бондын хүү огцом өссөн билээ. Испанийн Засгийн газраас 10 жилийн хугацаатай гаргасан бондын хүү сүүлийн гурван жилд байгаагүй өндөр түвшинд хүрч, харин Италийн Засгийн газраас зургаан сарын хугацаатай гаргасан үнэт цаасны ханш 2008 оны арваннэгдүгээр сараас хойшхи дээд амжилт тогтоожээ.

Лондон дахь “Monument Securities”-ийн шинжээч Марк Оствалд “Европын холбооноос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнд хүрэхгүй байна. Бондын хүү өдөр ирэх бүр өсч, Засгийн газрын үнэт цаасны зах зээл тогтворгүй болж байна” хэмээн дүгнэсэн юм. Гэхдээ энэ бол ойрын хугацаанд үзүүлж буй нөлөө. Урт  хугацаанд арай өөр үр дүн дагуулахыг үгүйсгэхгүй юм.

Грек улс өнгөрсөн оны хавар мөн л зээл авч байв. Тухайн үед Олон улсын валютын сан, Европын холбоо 110 тэрбум еврогийн тусламж үзүүлсэн. Харин Грекийн Засгийн газар энэ өрөө эргүүлэн төлөхийн тулд нийгмийн халамжийн салбарт зарцуулах хөрөнгөө эрс багасгаж, төрийн мэдлийн нэгжүүдээ хувь­чилж эхэлсэн юм. Үүний үр дүнд зээл авснаас хойших жил гаруйн хугацаанд Грект 400 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжжээ. Ажилгүйдэл ихэснэ гэдэг эдийн засгийн өсөлт буурахын дохио. Тиймээс хөрөнгө оруулагчид Гре­кийн Засгийн газрын бондод итгэхээ улам бүр больсоор байсан юм. Үүнийг арай өөрөөр тайлбарлаж болно. Грекийн Засгийн газар хэрээс хэтэрсэн их зээл авсан учраас тэр нь эдийн засгийн чадамжийг нь доройтуулж, зээлээ төлөх чадваргүй болгожээ. Харин бондын хөрөнгө оруулагчид нь тус улсын Засгийн газарт итгэхээ больчихов. Эцэст нь Грекийн эрх баригчид Европын холбоо, Олон улсын валютын сангаас авсан мөнгөө үр бүтээлтэй ашиглаж чадаагүй учир дахин зээл авахаар болсон. Харин энэ удаагийн зээлийг “чулуу” болгож чадах эсэх нь бас л эргэлзээтэй асуудал. Өнөөдрийн байдлаар олон улсын эдийн засагчдын дунд Грек, Испани тэргүүтэй Евро бүсийн орнуудын өрийн хямрал даамжирсаар дэлхий нийтийг хамарсан шинжтэй эдийн засгийн хямралыг бий болгоно гэх хүлээлт хэдийнэ бий болчихоод байна.

Германы Канцлер Ангела Меркел Грект олгох зээлийн тодорхой ху­вийг хувийн хэвшлийн банкуудаас гаргахаар болсон. Өөрөөр хэлбэл, төр бүх зүйлийг нуруундаа үүрч дийлэхгүй нь гэдгийг тэрбээр сануулжээ. Гэхдээ одоогоор ху­вийн хэвшлийнхэн зээлийн яг хэдэн хувийг нь гаргах тухай дэл­гэрэнгүй мэдээлэл цацагдаагүй байна. Тиймээс Европын орнуудын бондын зах зээл богино хугацаанд тогтворгүй хэвээр байгаа нь үүнтэй холбоотой хэмээн зарим ажиглагч дүгнэсэн тухай “Ройтерс” агентлаг онцолжээ. Европын холбооны нөөцийн сан тусламж үзүүлэхүйц хангалттай хөрөнгөгүй. Грекийн асуудлыг түр хугацаанд ингээд намжаачихлаа гэж бодоход түүний цаана Итали, Испанийн бондын хөрөнгө оруулагчид хэдийнэ сандарч эхэлснийг анхаарахгүй орхиж болохгүй аж.

Өрийн хямрал эхэндээ Грек, Ирланд гэх мэт жижиг орнуудыг түгшээж байсан. Гэвч одоо эдийн засгийн хэмжээгээрээ Евро бүсэд дээгүүрт ордог Итали руу ороод ирэв. “RBC Capital Markets”-ийн Европын асуудал эрхэлсэн салбарын тэргүүн Петер Скаффрик “Грект санхүүгийн тусламж үзүүлэх тухай хэлэлцээр сунжирснаас болж сүүлийн өдрүүдэд Евро бүсийн өрийн хямрал маш идэвхжих болж. Яг үүнтэй зэрэгцээд АНУ-ын эрх баригчид өрийн тааз буюу авч болох зээлийн дээд хэмжээгээ нэмэх эсэхээ шийдэхээр хэлэлцэж байгаа. Энэ бүхэн бүс нутгийн бондын зах зээлийг тогтворгүй болгож байна” гэжээ. Саяхан “Moody’s” хөрөнгө оруулалтын газраас Грекийн Засгийн газрын зээлээ эргүүлэн төлөх чадварыг бууруулсан билээ. Өөрөөр хэлбэл, Грек улс авсан зээлээ төлөх чадамжгүй болсон гэж үзсэн хэрэг юм. “Moody’s” хөрөнгө оруулалтын газрын шинжээчдийн анхааруулж байгаагаар Европын холбоо Грект санхүүгийн тусламж үзүүлэхийг зөвшөөрсөн нь өрөө багасгахад нь тодорхой хэмжээнд хувь нэмэр болно. Гэвч дунд хугацаан дахь төлбөрийн чадвар нь буурай хэвээр байгааг онцолжээ. Энэ бүхнийг зохицуулахын тулд Грек улс эдийн засгийн шинэчлэл хийх ёстой гэдгийг олон улсын ажиглагчид онцолж байна. Өн­гөрсөн ням гарагт тус улсын Засгийн газар иргэдээсээ тусламж хүсэж, хямралтай байгаа энэ үед томоохон бизнес эрхлэгчдийг хө­рөнгө гаргахыг уриалсан байна. Грекийн Сангийн сайд Эвангелос Венизелос “Одоо Грекийн банкууд хамгийн найдвартай, аюулгүй болсон” гэдгийг онцолж байв.

Европын Санхүүгийн тогтвор­той байдлыг хангах газраас хоёр­догч зах зээлд гаргасан Евро бүсийн орнуудын бондыг худалдан авахад зориулж, 440 тэрбум евро зарцуулахаар болсон. Энэ нь бон­дын зах зээлийг тогтвортой болгох оролдлогуудын нэг юм. Гэхдээ Лондон дахь “BlueBay Asset Management”-ийн шинжээч Марк Доудинг “Европын Санхүүгийн тогтвортой байдлыг хангах газар маш эрсдэлтэй алхам хийж байна. Энэ нь мөнгөө хэрэггүй зүйлд зар­цуулж буй явдал. Зах зээлд бодитой үр нөлөө үзүүлэхгүй” гэдгийг онцолжээ.

Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж