Сурагчдын амралтыг яаралтай шийдээч, сайд аа

Хуучирсан мэдээ: 2017.01.16-нд нийтлэгдсэн

Сурагчдын амралтыг яаралтай шийдээч, сайд аа

Идэр есын хүйтэн ид тохиож, өрхийн эмнэлгүүд ч ачааллаа дийлэхээ больжээ. Хэрэв сургууль цэцэрлэг орвол агаарын бохирдлоос үүдэлтэй харшлын замын томууны дэгдэлт идэвхжиж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болино гэдгийг эмч, мэргэжилтнүүд анхааруулах болсон. Үүнээс үүдэж, сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг сунгах эсэх асуудал нийгэмд хүлээлт үүсгээд байгаа. Салбарын сайд нь одоогоор ямар нэгэн шийдвэр гаргаагүй бөгөөд, сунгах үү, үгүй юу гэдгийг яаралтай шийдэхийг эцэг, эхчүүд сануулж байна.

Хотын иргэд утаа, ханиад хоёроос хүүхдүүдээ хол байлгахын тулд хөдөө гаргасан. Гэтэл холбогдох албаны хүмүүсийн дүлэгнэсэн шийдвэрээс болж, хичээл эхлэхээс урьтаж хүүхдүүдээ хөдөөнөөс авчирах уу, аль эсвэл үргэлжлүүлж амраах уу гэдгээ шийдэж чадахгүй, цаг алдсаар байгаа юм.

Хэрэв амралтын хугацааг сунгахгүй гэдэг шийдвэрийг гаргах бол ирэх пүрэв гаригаас урьтаж хөдөөнөөс хүүхдүүдээ авчирах ёстой.

Томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ сарын 11-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хандан ерөнхий боловсролын дунд сургуулийн хоёрдугаар улирлын амралтыг сунгаж өгөх хүсэлт тавьсан бол УИХ-ын гишүүн Н.Учрал шинэ он гарсны дараахан амралтыг сунгах шаардлагатай байгааг салбарын сайдад сануулсан.

Гэтэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар томуу, томуу төст өвчний тархалтыг судалж байж, шийдвэрээ гаргана гэсээр цаг алдсаар байна.

Эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй мэдээллээр томуу, томуу төст өвчний тархалт нэг үеийг бодвол намжсан. Гэхдээ хичээл эхлэхэд уг өвчний тархалт буцаад өндөр авахгүй гэх газаргүй.

Иймээс холбогдох газрууд асуудлыг бодитой харж, өнөөдөртөө багтаан шийдвэрээ гаргахгүй бол яах нь мэдэгдэхгүй шийдвэр эцэг, эхчүүдийг залхааж гүйцэж байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж