Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч хатагтай Пратибха Девисингх Патил бараа бологч 96 хүний хамт өчигдөр төрийн айлчлал хийхээр Монголд ирсэн юм. Түүнийг албан ёсоор хүндэтгэн угтах ёслол өнөөдөр 10.00 цагт Сүхбаатарын талбайд эхэллээ. Түүнийг төрийн хүндэт харуул, ижил хонгор зүсмийн морь унасан эртний баатрын өмсгөлтэй дайчид жагсч, угтан авав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар Энэтхэгийн Ерөнхийлөгч, түүний нөхрийг угтаж, монгол үндэсний хувцастай охин, хүү хоёр цэцгийн баглаа барьсан юм.Ордны эргэн тойрны өндөр барилгууд дээр мэргэн буучид эгнэжээ. Хүндэт зочныг албаны хүмүүстэй мэндчилж байхад бороо орж, айлчлал хуртай эхэллээ.
Дараа нь хүндэт зочин Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлээд одоо хоёр Ерөнхийлөгч ёслолын уулзалт хийж байна.
Д.ОЮУН