Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!-40

Хуучирсан мэдээ: 2017.01.16-нд нийтлэгдсэн

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!-40

…Сонин сонины сониноос? “Сонин” гэдэг үгийг нэрлэх, харьяалах, гарахын тийн ялгалаар хувиргасан хэрэг огт биш. “Сонин” гэдэг нэртэй сонины сонин сайхнаас хуваалцъя гэсэн үг.

Хүүхэд морь унаж байгаад унав. Гадны хүн “Унаж байхдаа дахиад унана гэж юу гэсэн үг вэ?” гэж гайхаж болно. Монгол хүн бол “Морио унаж байгаад унаж дээ.” гэж шууд ойлгоно. Энэ зэргийн юмыг ойлгохгүй гэж бодсон хүмүүс “морь унаач хүүхэд”-ийг бэлгэгүй муухай үг гээд “морины хүүхэд болгоё!” гэсэн. Малчин монголчууд “морь унаач”-ийг морь унадаг хүүхэд гэхээс мориноосоо унаж бэртдэг хүүхэд гэж хэрхэвч ойлгохгүй. Хэлзүйн хувьд ч боломжгүй. Дэндүү монголоо алдсан хүмүүс л тэгж ойлгоно.

“Морь унаач хүүхэд”-ийн эндүү энэ тайлбарыг олонх дэмжиж, “морины хүүхэд” болгох санал ялсан юм. Сохорсон биш завшив гэгчээр ташаа тайлбарын ачаар “морины хүүхэд” “хонины хүүхэд”-тэйгээ ижилсэж, монгол хэлбэрээ олж билээ.

Түрүүнээс хойш юу яриад байгаагаа төгсгөлд нь хэлье. Манай “авах” гэдэг үг “байр авах”-д худалдан авах, “үг авах”-д дуулгавартай байх, “гартаа авах”-д эзэн болох, “ам авах”-д тангараглах болж хувирсаар жаран утга илэрхийлнэ. Ингэж нэг дуудлага, бичлэгтэй ч өөр утга илэрхийлдэг үгийг ижил үг буюу салаа утгатай үг гэнэ. Үг салаалж, өөр өөр утга илэрхийлэх үзэгдэл бүх хэлэнд байдаг. Жишээлбэл, англи хэлний “set” 44 үйл үг, 18 нэр үг, 8 тэмдэг нэрд хувирч, 70 салаалдаг гэнэ. Урд, ард нь байгаа үг, бичвэрийн сэдвээс нь ямар утгаар яаж хэрэглэж байгааг нь ядах юмгүй ойлгодог учраас олон салаалж, төөрч будилууллаа гэж буруутгах хүн гардаггүй.

Иймд салаа утгатай үгийг салж ялгарахгүй байна гэж ад шоо үзвэл сайхан монгол хэл минь ядуурч доордох аюултай байх нь ээ!

“Егөөтэй 99 тайлбар” номын “Тавин хувиар үнэ буулгасан салаа утгын түүх” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж