Өмнөд Солонгосыг үерийн аюул нөмөрлөө

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосыг үерийн аюул нөмөрлөө

Өмнөд Солонгос улсад мягмар гаригийн шөнө дундаас эхлэн орсон бороо сүүлийн зуун жилд орж байгаагүй их хэмжээний хур дагуулж, 35 хүний амийг авч одсон талаар тус улсын Гамшгаас хамгаалах төв агентлаг мэдээлжээ. Аадар бороо өнөөдөр ч тус улсын хэд хэдэн хэсэгт үргэлжлэн орсоор байгаа ба өмнөх өдөр Сөүл болон түүний ойролцоох нутаг дэвсгэрүүдэд орж, усны түвшин цагт 50 мм-ээр нэмэгдэж байсан юм.

Гамшгаас хамгаалах төв агентлагийн мэдээлснээр амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь хөрсний нуралтын улмаас амиа алджээ. Эдгээрийн дотор Чончуон тосгонд 13 хүн, Сөүлд 15 хүн тус тус эндэж, орон даяар таван хүн сураггүй алга болоод байна. Мөн Сөүлийн захын дүүрэгт таван айлын байшин усанд автаж, уг айлуудыг яаралтай нүүлгэн шилжүүлэх үүрэг өгчээ.

Борооны улмаас лхагва гаригийн байдлаар 116,000 өрх гэрэл цахилгаангүй болоод байсан ч албаны хүмүүс шуурхай ажилласны хүчинд пүрэв гаригийн өглөө цахилгааны саатлыг ерөнхийд нь шийдэж, одоо 1,190 орчим айл цахилгаангүй байна. Үер, цаг агаарын хүндрэлтэй байдлын улмаас олон зуун айл өрх орон гэргүй болж, хэд хэдэн газруудад автозам боогдож, хөдөлгөөнийг саатуулсан байдалтай байна.

Солонгосын цаг уурын агентлагийн мэдээлснээр аадар бороо тус улсын төвийн хотуудаар үргэлжлэн орох төлөвтэй байгаа ба ирэх өдрүүдэд усны түвшин цагт 60 мм-ээр нэмэгдэх хандлагатай байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж