-Олон улсын дэлхийн эдийн засгийн чуулга 2017 оны даяарчлалын эрсдлийг нэрлэв-
Дэлхийн эдийн засгийн чуулгаас гаргасан “Даяарчлалын эрсдлийн тухай” илтгэлд 2017 онд дэлхийн өмнө тулгамдаж буй нийгмийн чухал асуудлуудыг нэрлэжээ.
Илтгэлийн эхэнд хүрээлэн буй орчинтой холбоотой эрсдлүүдийг дурдсан байна. Харин эдийн засгийн эрсдэл өнгөрсөн жилийнхээс доогуур бичигджээ.
Нэгдүгээр сарын 17-20-ны хооронд болох Давосын уулзалтын өмнө Дэлхийн эдийн засгийн чуулгаас (ДЭЗЧ) “Даяарчлалын эрсдлийн илтгэл” гэх судалгааг нийтлүүлжээ. Ойролцоогоор 700 шинжээч 2016 оны үр дүнг дүгнэж, шинэ оны эрсдлүүдийг урьдчилан гаргажээ. Дэлхийд учирч болзошгүй аюулуудыг эдийн засгийн, технологийн, геополитикийн, нийгмийн, хүрээлэн буй орчны гэж тав хуваасан байна.
Өнгөрсөн онд дэлхий дахины анхаарлыг татсан гол асуудал нь улс төр байсан гэдгийг шинжээчид дурдаад үүнд Их Британийн Европын холбооноос гарахаар шийдсэн шийдвэр болон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Трампын ялалт байгуулсан, Итали, Бразили, Турк, Филиппины хэрэг явдлыг жишээ болгон дурджээ.
Харин энэ жил дэлхий дахинд хамгийн хүчтэй нөлөө үзүүлэх асуудлын нэн түрүүнд хүрээлэн буй орчинтой холбоотой байгалийн гамшиг, цаг уурын өөрчлөлтийн өмнө хүн төрөлхтөн хүчин мөхөсдөж байгааг онцолжээ.
Ирэх арван жилд экологийн аюул дэлхийн том асуудал байхаас гадна хүн амын хөгшрөлт, эдийн засгийн тэнцвэргүй байдал ч хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудал байна гэж үзжээ. Мөн дэлхийн хөгжил мэдээллийн технологиос илтэд хамааралтай болохыг шинжээчид онцолж байна.
Геополитикийн ямар асуудлууд 2017 онд хамгийн хурцаар хөндөгдөх вэ гэсэн асуултад тус чуулгад оролцсон шинжээчид олноор нь устгах зэвсэг хэрэглэсэн террорист ажиллагааг нэгдүгээрт нэрлэжээ.
Дүрвэгчдийн нүүдэл,шилжилт хөдөлгөөн, цагаачид дэлхийг зовоосон асуудал хэвээр байх гэнэ. Нийгмийн эрсдлийн хувьд ундны усны хомсдол хүн төрөлхтнийг айлгаж буйг нэрлэжээ.
Тэгвэл эдийн засгийн асуудлууд энэ удаад дэлхийн тулгамдсан асуудлаар хараахан нэрлэгдсэнгүй. Гэвч, хүний наймаа, мөнгө угаалт, татвараас зугтах асуудал ч дэлхийн сэдэв байсаар байх гэнэ.
Баян хоосны ялгаа эрчимтэй өсч байгаа нь том аюулыг дагуулна гэж шинжээчид сануулжээ. Учир нь дэлхийн улс орнуудад баян хоосны ялгаа улам бүр томорсоор байгаа юм. Тиймээс эдийн засгийг сэргээхэд зах зээлийн капитализмд эрс шинэчлэл хийх хэрэгтэй байгааг дэлхийн эдийн засгийн чуулгад оролцсон шинжээчид илтгэлдээ дурдсан байна.
Шинжээчдийн илтгэлд дурдагдсан бас нэг эрсдэл нь хувь хүний мэдээллийг хулгайлах явдал бөгөөд кибер довтолгоо жилээс жилд нэмэгдэх магадлал өндөр байгааг анхааруулжээ. Хиймэл ой ухаан болон робот техникийн хөгжил нь хүн төрөлхний өмнөх анхаарал татсан асуудал болсныг ч илтгэлд дурдсан байна. Илтгэлийнхээ төгсгөлд шинжээчид шинэ технологийн системийн уналт эсвэл тэнд ямар нэгэн алдаа гарсан тохиолдолд тааж, төсөөлөх аргагүй үр дагавар нийгэмд учруулж болзошгүйг ч сануулж буй юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР