Монголын нефтийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулах хүсэлтэй хүн олон бий

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Монголын нефтийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулах хүсэлтэй хүн олон бий

Б.МӨНХТУЯА: МОНГОЛЫН НЕФТИЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ХҮСЭЛТЭЙ ХҮН ОЛОН БИЙ

УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяаг “Ярилцах танхим”-даа урилаа.


-Сонгуулийн тогтолцоо, тэр дундаа мажоритари, пропорциональ хувилбарын талаар хоёр намын бүлэг тохиролцож чадахгүй байсаар УИХ-ын хаврын чуулган завсарлалаа.  Үүнээс болж УИХ-ын үйл ажил­­лагаа гацаанд орсон. УИХ-ын ги­шүүн байсан хүний хувьд та үүнийг юу гэж дүгнэж байна вэ?

-Ганцхан хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд бүтэн сар гаруйн хугацаа зарцууллаа. Гэвч эцэст нь тодорхой үр дүнд хүрч чадсангүй. УИХ дахь Ард­чилсан намын бүлэг завсарлага  авсан байгаа. Үүний шалтгаан нь манай намын бүлгийн санал болгосон 50:26 гэсэн хувилбарыг Ардын нам дэмжээгүйтэй холбоотой. Гэхдээ иймэрхүү байдлаар төрийн ажил цалгардаж байгаад сэтгэл дундуур байна. Үүнийг ганц би ч хэлээгүй. Мэргэжлийн судлаачид бас ингэж дүгнэж байгаа. Монголын төр доройтохын нэг шинж нь ийн тарж, бутарч байгаагаар илэрч эхэллээ гэж би хувьдаа бодож байна.

Хоёр нам өөрсдийн байр суурин дээр хатуу зогссон хэвээр байвал тэд хоорондоо тохиролцож чадахгүй нь ойлгомжтой. Уг нь өнгөрсөн бүтэн сар гаруйн хугацаанд монголчуудын аж амьдралд үр өгөөжөө өгсөн олон хууль батлах боломж бүрэн байсан.

-Ирэх намрын чуулганаар УИХ дахь намын бүлгүүд хатуу байр сууринаасаа ухарч, тохиролцоонд хүрч чадах болов уу?

-Тохиролцох ёстой. Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ёстой гэдгийг өнгөрсөн 2008 оны “Долоодугаар сарын 1”-ий үймээн бидэнд бэлхнээ харуулсан шүү дээ. Тэгэхээр тийм ноцтой байдал дахин үүсгэхгүйн тулд хоёр нам тохиролцохоос өөр аргагүй юм.

-Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа пропорциональ, мажоритари тог­тол­цооны тооны харьцааг чу­хал­чилж байгаа болохоос биш жендерийн асуудлыг хөндөж ярихгүй байгаа?

-Энэ бол Монголын улс төрд оршин байгаа хамгийн том хоцрогдол. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь зайлшгүй байх ёстой зүйл. Гэтэл үүнийг төр барьж, УИХ-д олонхи болчихсон эрэгтэй улстөрчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хачирхалтай. Тэд “Эмэгтэйчүүд олноороо улс төрд ороод ирвэл эрэгтэйчүүдийн нөлөө буурна” гэх мэт тулга тойрсон асуудал ярьж, эмэгтэйчүүдийн квотын тухай авч хэлэлцэхгүй байгаа. Өмнө нь Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг тусгаад өгчихсөн байхад УИХ-ын эрэгтэй гишүүд эсэргүүцсээр байгаад болиулсан. Одоо тэр байдлыг засч залруулан эмэгтэйчүүдийн жендерийн асуудлыг дахин сөхнө гэдэгт би хувьдаа эргэлзэж байна. Өнөөдөр намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд идэвхтэй ажиллах ёстой. Би тэнд ажиллаж байгаа хүмүүсийг эрэгтэйчүүдийн лоббинд орчих вий гэж санаа зовдог л юм.

-Уг нь өмнө нь яригдаж байсан эмэгтэйчүүдийн 30 хувийн квот тооны хувьд боломжийн хувилбар байсан уу?

-Тэр хувилбар уг нь их зүгээр байсан юм. Тэгж байж дор хаяж 10 эмэгтэй УИХ-ын гишүүн болж, сонгогдож чадна. Тэгвэл УИХ-д бүлэг байгуулах боломжтой болно. Үүнээс улбаалаад олон зүйлийг шийдвэрлэж чадна. Ер нь манай төр засгийн үйл ажиллагаанд жирийн иргэдийн санаа бодлоо оролцуулах боломж хомс байна. Үүнээс болж нийгэмд асар их бухимдал бий болсон. Уг нь төрийн эрх баригчид ард олныхоо ашиг, сонирхолд нийцсэн шийдвэр гаргаж байж олон нийтийн эсэргүүцлээс ангид байж чадах юм.

-Парламентад ажиллаж байгаа эрэгтэй улстөрчдөд шүүмжлэх зүйл хэр байдаг вэ?

-Ер нь төрийн ажлыг явуулахад хэцүү байдаг. Би түүнийг сайн мэднэ. Харин шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй хүмүүс эх оронч сэтгэлгээтэй байх нь хамгийн чухал юм. Хувь хүн бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. УИХ-ын 76 гишүүний хувьд 76 өөр ертөнц л гэсэн үг. Тиймээс би хүн бүрийг тийм, ийм гэж хэлж мэдэхгүй. Монголын төр засаг Тавантолгой, Оюутолгойн ордтой холбоотой томоохон шийдвэр гаргаж байгаа нь ард түмний хүсэн хүлээж байсан зүйл болж чадсангүй. Их ч шүүмжлэл дагуулж байна. Тэгэхээр УИХ-д олонх болсон эрэгтэй гишүүдийн гаргасан шийдвэр зөв эсэхт иргэд эргэлзэж байгаагаас тэдний тухай шүүмжлэх зүйл хэр олон байна вэ гэдгийг  харж болох юм.

-Ардчилсан нам хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажилласаар гурван оныг үдэж байна. Энэ хугацаанд юуг хийж бүтээв. Хэрэв сөрөг хүчин хэвээр байсан бол өдийд илүү үр бүтээлтэй ажиллах боломжтой байсан уу?

-Анх Ардчилсан нам хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах санал гаргаж байх үед би түүнийг дэмжиж байсан. Шалтгаан нь маш энгийн. Монголчууд эвлэлдэн нэгдсэн үедээ хүчирхэг байж, их зүйлийг бүтээж байсан түүхтэй. Тиймээс “Ер нь яагаад Ардчилсан нам МАХН-тай хамтарч ажиллаж болохгүй гэж” хэмээн бодсон юм. Гэтэл өнөөдөр Монгол Улсын хөгжил ямар байна вэ гэдгийг хэнээс ч асуусан бай хамаагүй итгэлтэйгээр “Сайн” гэж хариулах хүн олдохгүй. Одоогоос 20 жилийн өмнө монголчуудын гуравны нэг нь ядуу байсан. Өнөөдөр тэр хэвээрээ байна. Улс орон гэдэг бол яг л амьд организм гэсэн үг. Ямар ч амьд биет тодорхой хугацааны дараа өсч дэвждэг. Гэтэл монголчуудын гуравны нэг нь бахь байдгаараа хэвээрээ байна. Үүний хариуцлагыг улстөрчид л хүлээх ёстой. Томоохон орд газруудтай холбоотой шийдвэрийг төр олон гаргалаа. Гэхдээ энэ нь ард түмэнд таалагдаагүй. Ийм үед хариуцах эзэн, хариуцлага тооцох хүн алга байна. Ер нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа зөв явагдсан эсэхийг цаг хугацаа өөрөө харуулаад өгнө.

-Манай хөрш гүрнүүд томоохон орд газрыг ашиглахтай холбоотой шийдвэр гаргах гэсэн төрийн бодлогод нөлөөлөхийг оролдож эхэл­лээ. Тухайлбал, саяхан ма­найд шатахууны хомсдол үүссэн. Энэ нь Оросын талаас улс төрийн шалтгаанаар нефтийн нийлүүлэлтээ зогсоосонтой хол­боотой. Энэ үеэс л Монголд нефть боловсруулах үйлдвэр байгуулах тухай маш идэвхтэй ярьж эхэллээ. Уг нь ийм аминд тулсан зүйлийг аль эртнээс нухацтай авч үзэх ёстой байсан юм биш үү?

-Монголчууд бие даан шийдвэр гаргаж эхэлснээс хойш 20 жил өнгөрсөн гэж бид ярьцгаадаг. Гэтэл их гүрнүүдийн нөлөө, оролцоо хэзээд байна гэдгийг саяны хэрэг харууллаа. Тэд Монголын газар доор байгаа баялаг бидний өмч биш юм шиг л хандаж байна. Ийм нөхцөл байдал дунд бодлого шийдвэр гаргах нь манай улстөрчдийн хувьд хүндхэн байгаа гэдгийг би сайн ойлгож байна. Оросуудын хувьд нефтийн “крант”-аа хааж үзлээ. Тэд манай улс төрд нөлөөлөхийг оролдож байна. Үүнээс болж Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ зогсонги байдалд орох дөхсөн. Гэтэл манайх нефтийн асар их нөөцтэй улс. Миний нэг танил солонгос бизнесмэн надад энэ тухай дуу алдан ярьж байсан юм. “Та нар ийм их нефтьтэй байж яагаад түүнийгээ жинхэнэ утгаар нь ашиглахгүй байгаа юм бэ” гэж. Манай улс Дорнод, Дорноговь аймгаас их хэмжээний газрын тос олборлож, экспортод бараг хяналтгүй шахам гаргаж байгаа. Үүнд төрийн алтан хайрцагны бодлого үнэхээр их дутагдаж байна. Бид газрын тос боловсруулах үйлдвэр яаралтай байгуулах хэрэгтэй.

-Энэ ажлыг гацааж байгаа зүйл нь юу вэ?

-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл гаргаад аль арван жилийн өмнөөс хөөцөлдөж байгаа Монголын компаниуд бий. Манай “Сүмбэр ойл” компани Зүүнбаянгаас олборлож буй газрын тосыг боловсруулах санал, төсөл гаргаад холбогдох газар нь өгснөөс хойш хоёр жил өнгөрч байна. Энэ хугацаанд тэндээс олборлосон газрын тос бүгд Хятад руу гарсан. Ийм жишээ олон бий. Энэ бүхний цаана Монголын ард түмэн хохирч байна. Сая Орос улс “крант”-аа хаасны дараа эрх баригчид нефть боловсруулах төрийн өмчит компани байгуулах санал гаргасан. Гэтэл бид чөлөөт зах зээлтэй нийгэмд амьдарч байгаа хүмүүс. Нөгөө талаас, Монголын төрийн өмчит компаниуд яаж ажиллаж байгааг бид сайн мэднэ. Би саяхан нэг сонин дээрээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой нийтлэл уншсан. Тэнд шахааны бизнес цэцэглэн хөгжиж байна. Нефть боловсруулах үйлдвэрийг төрийн өмчит компани болговол яг л “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн араас орно. Төр бол хамгийн муу менежер. Гэтэл нефтийн бүтээгдэхүүн гэдэг бол аль ч орны эдийн засаг дахь суурь үнийг бүрдүүлдэг, стратегийн чухал зүйл. Ийм юмыг муу “менежер”-ээр хариуцуулж эхлүүлнэ гэдэг бол маш буруу юм. Харин түүний оронд үндэсний компаниудаа дэмжиж ажиллах хэрэгтэй. Нефть боловсруулах үйлдвэр байгуулах төслөө гаргачихаад олон жилийн өмнөөс хөөцөлдөж байгаа олон компани бий. Тэдэнд боломж олгох ёстой. Гадны шилдэг техник, технологийг оруулж ирээд ажиллая гэж саналаа хэлээд байхад боломж олгохгүй байгаа нь маш буруу юм. Нөгөө талаас энэ бол хариуцлагагүй зүйл. Монголын улс төрд ийм хариуцлагагүй асуудал олон байна.

-Ер нь Монголын улстөрчид хариуцлагатай байж чаддаг уу?

-Хариуцлага тооцъё гэхээр болдоггүй. Аль нэг сайдыг нь хариуцлага алдсан гэж үзээд буруутгах гэхээр түүнийг нам нь хамгаалчихдаг. Тэгэхээд УИХ-ын 76 гишүүнтэй бүгдтэй нь хариуцлага яръя гэвэл бас л боломжгүй. Ер нь манай улс нефть боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг нэн даруй шийдвэрлэхгүй бол эдийн засагт нөлөөлөхүйц сөрөг үр дагавар авчирж байна. Энэ асуудал тулгамдаад эхэлбэл “Энэ намынхан нефть хэрэглэдэггүй. Тэр намынхан хэрэглэдэг” гэсэн яриа гарахгүй нь ойлгомжтой. Энэ бол монголчуудын бүгдийнх нь асуудал. Ер нь манай улсын эдийн засаг хөгжихгүй байна. Манайхтай адилхан гараагаа эхэлсэн Орос, Хятад хоёр өнөөдөр эдийн засгийн хувьд бүрэн шинэчлэл хийж чадсан. Гэтэл бид бахь байдгаараа л байна. Ийм байж болохгүй.

-Хэрэв нефть боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг хувийн компаниудад хариуцуулбал монопольчлол бий болох аюултай. Манайд нефть импортлогч хэдхэн компани бий. Тэд үгсэн хуйвалдаад шатахууны үнийг хөөргөчихдөг. Түүнтэй адил нөхцөл бий болгохгүйн тулд төрийн өмчит компани байгуулах санал гаргасан байж болох юм. Тийм үү?

-Мэдээж хэрэг, үүнээс бол­гоомжилж төрийн өмчит компани байгуулах санал гаргасан байх. Би үүнийг буруутгахгүй байна. Гэхдээ энэ асуудлыг арай өөр аргаар шийдвэрлэж болно. Төр өөрөө энэ ажлыг хариуцаж авсан компаниудын алтан хувьцааг эзэм­ших гэрээ байгуулах хэрэгтэй. Энэ тухай Компанийн тухай хуульд ч тусгасан байдаг. Алтан хувьцаа эзэшигч нь өөрөө тухайн компанийн үйл ажиллагаанд оролцож, гаргах бодлого шийдвэрт нь нөлөөлөх боломжтой. Хэрэв компаниуд хоо­рондоо хуйвалдаад нефтийн үнийг нэмэх гээд байвал түүнийг нь болиулж, үнийн дээд хязгаарыг нь тогтоох зэрэг арга хэмжээ авч болно.

-Хэрэв хувийн өмчит компанийг энэ ажилд оролцуулбал хөрөнгө, мөнгөний асуудлыг яаж зохицуулах вэ?

-Хөрөнгө оруулагчид эрсдэл багатай салбарт хөрөнгө хаяхаас хэзээ ч татгалзаж байгаагүй. Өнөөдөр Монголд нефтийн хэрэглэгчид байна. Эрэлтэт зах зээл нь байна. Гадны хөрөнгө оруулагчид үүнийг мэдэж байгаа. Тэд манай компаниудад саналаа ирүүлдэг. Өөрөөр хэлбэл, хэрэв нефть боловсруулах үйлдвэр байгуулбал түүнд хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс маш олон бий. Нэг талаас ийм байна. Нөгөө талаас үндэсний компаниудаа дэмжихийн тулд Хөгжлийн банк хөрөнгө гаргах ёстой. Хөгжлийн банкийг байгуулсан цаад зорилго нь энэ юм байгаа биз дээ.

-Та ирэх онд болох сонгуульд нэр дэвших үү?

-Би нэр дэвшинэ. Эмэгтэйчүүдийн квот байх, үгүйгээс хамаарахгүйгээр ямар ч байсан нэр дэвшинэ. Үүнийг албан ёсоор хэлье.

-Сонгууль болох бүрт түүнтэй холбоотой булхай, луйврын асуудал яригддаг. Энэ удаа Сон­гуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хүрээнд түүнийг бүрэн цэгцэлж чадах болов уу?

-Энэ бол маш эргэлзээтэй. Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэг орсон гишүүд, зөвлөхүүд олон шинэ санал, санаачилга гаргасан. Би түүнийг дэмжиж байна. Гэвч тэдгээрийг бүгдийг нь хуулинд оруулах боломжгүй гэх яриа ч гарч байгаа. Хамгийн гол нь булхай, луйвар гарахаас сэргийлэхийн тулд эрх баригч хүчин өөрөө голлон анхаарч, ажиллах нь чухал юм. Эс тэгвэл дахиад өөр нэг “Долоодугаар сарын 1” бий болохыг үгүйсгэхгүй.

-Манай төрийн үйл ажиллагаанд дутуу дулимаг зүйл юу байна вэ?

-Эрх баригчдад ард иргэдийн дуу хоолой хүрэхгүй байна. Улстөрчид янз бүрийн асуудлыг олон талаас нь хөндөж, гаргаж ирэх ёстой. Жирийн иргэд ийм санал гаргавал тэднийг барьж хорих нь энүүхний асуудал болчихож. Жишээлбэл, “Гал үндэстэн холбоо”-ны залуучууд хэд хоног хоригдлоо. Уг нь тэд Монгол төрийн хуулийг уландаа гишгэж, байгаль орчинг сүйтгэж байгаа компаниудад үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулах шаардлагыг Засгийн газраас тавихыг хүссэн. Би үүнийг нь дэмжиж байна. Би УИХ-ын гишүүн байхдаа Иргэдийн санал, гомдлыг хүлээн авах байнгын хороо байгуулах санал гаргаж байсан юм. Харамсалтай нь тухайн үед энэ тухай хэлэлцэж амжаагүй. Саяхан ийм дэд хороо байгуулагдсан байна. Хэдийгээр бүрэн утгаараа бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй ч ядаж дэд хороо байгуулагдсанд би хувьдаа баяртай байгаа. Үүний давуу тал нь Монгол Улсын иргэн хэнбугай нь ч хамаагүй өөрийн оршин суугаа нутаг дэвсгэр дээр нь хууль хэрхэн зөрчигдөж байгаа тухай санал, гомдлоо ирүүлэх боломжтой болж байгаа юм. Германд иргэдийнхээ санал, хүсэлтийг хүлээж авдаг ийм газар бий. Хэрэв би УИХ-ын гишүүн болбол энэ дэд хороог Байнгын хороо болгож өргөжүүлэхийн төлөө ажиллана.

-Ярилцсанд баярлалаа.

Т.ЭЛИСА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж