Хязгааргүй хөх тэнгэр нь газарт нэгэнтээ буугаад хөвөн цагаан үүлсээ хөөс болгон эрэгт орхисон мэт гүн цэнхэр далайн хөвөөнд хэсэг саатав. Яг өдийд Монголын минь хээр талд цантсан адуу цас манарган давхихыг улаа бутарсан хацартай хөрслөг бор залуу ажааран зогсож байгаа даа хэмээн бодогдоно. Аян холд явахад төрөлх ахуйнхаа анзааралгүй орхисон эгэл зүйлсийг адилтган санагалздаг ажээ. Куала Лампур хотоор нэг өдрийн аялал хийгээд маргааш нь нийслэлээс гурван цаг гаруй явж,Марина арлаар дамжин Панкор хэмээх жижиг аралын зүг хөдөлсөн юм.
Усан онгоц, тэр тусмаа тэнгисийн цэргийн хөлгөөр далайд гарах нь талын хүнд илүүтэй соньхон байлаа. Боомтын зогсоолдоо хүглийх нүсэр том усан онгоцыг хараад эхэндээ жаахан сүрдэв. Зурагт, кино сүүдрээс л харж байсан байлдааны усан онгоц байв! “Navy” буюу “Тэнгисийн цэргийн хүчин” гэсэн бичгүүд энд тэндгүй дурайна. Гэхдээ бүүр Малайзын Эзэн хааны Усан цэргийн флотын онгоц гэж байна шүү! Энэхүү онгоц нь 100м өндөр, 600 хүний багтаамжтай, нисдэг тэрэг хөөрөх тавцантай бөгөөд далайн дээрэмчидтэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэж байсан түүхтэй гэнэ. Индонез, Сингапур, Вьетнам, Камбож, Тайланд, Шри Ланк, Мьянмар, Филлиппин, Хятад зэрэг улстай хилийн бүсээ усаар тогтоосон Малайз улс усан хилээ хамгаалах нь хурц асуудал гэж байна. Нөгөө том онгоц маань их далайд гараад цэг шиг жижигхэн болчихов. Эргэн тойрон хаашаа л харна цэлийсэн их ус… Бенгалын булан, Андамэн тэнгис, Малакагийн хоолойн уулзвар бэлчирт усан онгоц чимээгүй хөвнө. Далайн давалгаа нарны илтэсийг ойлгон гялбуулахыг ажиглангаа Малайзын үндэсний дуу бүжгийн тоглолт үзэж, бас яруу найргаас нь сонсож, малай хэлний хөг аялгууг чагнаархвал "хятад хэлтэй л төстэй байх" гэсэн бүдүүн бараг төсөөлөл минь орвонгоороо эргэж, тэс өөр хөг аялгуу, уянгалаг хэмнэлээр сонсголонгоо мялаав.
Наран жаргах үесэд тэнгисийн цэргийнхний ёслолын буудлага болоод төрийн далбаандаа үзүүлэх хүндэтгэлийн зан үйлийг сонирхсноор энэ өдрийн хөтөлбөр дууслаа. Харин усан онгоц шөнийн манаандаа команд авч захгүй далайд тэг зогсолт хийж зочдыг авахаар жижигхэн завьнууд эргийн зүгээс довтолгон ирэвэй. Титаник шиг том, гурван давхар онгоцноос аврах хантааз өмсөөд загасчны завь руу буухад бяцхан айдас төрлөө! Энэ нь нэг ёсны адал явдал боловч эрсдэл гэдэг зүйл эргэн тойронд отож байдгийг давхар сануулсан юм! Шөнийн харанхуйд далайн ус хав хар, салхи хүүгэн исгэрч хүчит давалгааг үүсгэнэ. Загасчны жаахан завийг хийсгэн алдан дайвалзуулна. Усан онгоцны доод давхраас үсрэлт хийхээ хүлээх мөч! Давалгаанд дайвсан жижиг завь том усан онгоцны өехийг мөргөнө. Хором ч тогтуун байлгахгүй, хүчит давалгаа! Арайхийж завинд суусан бид эргийн зүг түнэр харанхуйг зүсэн довтолгоно. Завьны хоёр талаар зүсэгдсэн давалгааны усан дуслууд хацар нүүрийг шүршинэ. Эргийн элсэн дээр хөл тавиад эх газартаа тэврүүлсэн мэт баярлахад уснаас үүдсэн айдас давалгааны түрлэгтэй хамт далайд живэв…
Малайз улс нь 13 муж улсаас бүрдэх бөгөөд тус бүрдээ угсаа залгамжилсан Султан хаантай. Перак муж улсын хувьд бол хамгийн удаан буюу тэртээ 16-р зуунаас улбаалсан хааны угсаа эдүгээ үе залгамжилан ирсэн ажээ. Харин мужийн тэргүүн сайдыг сонгуулиар сонгодог бөгөөд Замбри Абдул Кадир тэргүүн сайдын бүрэн дэмжлэгтэйгээр Малим Гозали яруу найрагчийн санаачилгаар “Пулара олон улсын яруу найраг, ардын дууны наадам”-ыг Энэтхэгийн далай, Бенгалын булан, Малакагийн хоолойн уулзвар бэлчирт эх газраасаа салангид орших Панкор хэмээх аралдаа зохион байгуулсан юм. Арал нь Малакагийн хоолойд эх газраас тусгаарлагдан Малайз болон Индонез улсын усан хилийн заагт оршино. Загасны аж ахуй болон аялал жуучлалаар гол төсвөө бүрдүүлдэг тус нутагт Малайзад цагаачилсан Энэтхэг, Хятадууд мөн уугуул нутгийн иргэд зэрэгцэн аж төрөх өвөрмөц ахуйг цогцлоожээ. Орон нутгаа танилцуулах аялалдаа ч үндэстэн тус бүрийн соёлын төв сүм хийдээр зочлуулах хөтөлбөрийг багтаасан байв. Улс орны хөгжлийг зөвхөн нийслэлдээ төвлөрүүлэх бус, хязгаар нутгийнхаа өвөрмөц ахуй соёлыг түшиглэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн буй болгоход ихэд анхаарч байгаа нь анзаарагдана. Ийнхүү газрын зураг дээр цэг төдий харагдах энэхүү жижигхэн арал дээр Зүүн Хойд Ази төдийгүй дэлхий даяарын соёлын амьдралд өвөрмөц өнгө төрхтэйгээр цолгорох урлаг соёлын нэгэн наадам буй болоод даруй долоон жилийн нүүрийг үзжээ.
Пулара буюу Панкор арал дахь Олон улсын яруу найраг, ардын дууны наадмын гол шугам нь үндэсний урлагийн үйл ажиллагаанд олон нийтийнхээ оролцоог нэмэгдүүлэх замаар харилцан ойлголцол эв нэгдэлийг бий болгох аж. Нийгэм дэх урлагийн үнэлэмж хийгээд ойлголтыг залуу үе рүүгээ түлхүү хандуулж буй нь ч энэхүү наадамд залуучуудын идэвх оролцоо өндөр байгаагаас анзаарагдаж байлаа. Урлагийн олон төрлийн хоорондын хамаарал, уялдаа холбоог хурал семинар, номын хэлэлцүүлэг, яруу найргийн уншлага, ардын дуу бүжгийн үзүүлбэр зэргээр дамжуулан урлаг-уран зохиол-соёлыг найрсуулахад наадмын үзэл санаа оршиж байв. Наадмын сэдвээ “Яруу найргийн зохицол” хэмээн нэрлэжээ. Тэгээд яруу найргаас эх авч төрсөн үүсмэл бүтээлүүдийг онцлон үзүүлж байв. Шүлгэнд ая хийгдэж буй болсон дууг “яруу найргийн дуу” гэж нэрлэх жишээтэй.
Перак мужийн тэргүүн сайд ноён Замбри Абдул Кадир “Хүн төрөлхтөн хоорондоо ямарваа саад бэрхшээлгүй ойлголцох хамгийн гол хэл бол дуу хөгжим, яруу найраг юм. Малай хэлнийхээ бие даасан чанарыг хадгалахад яруу найраг л чухал ач холбогдолтой. Даяарчлалын үед технологийн хэлний давалгаа үндэсний хэл рүү нэвтэрч байна. Хэлнийхээ тусгаар байдлыг хангахад анхаарах нь хэлээр дамжихсоёлын үнэт зүйлсээ хадгалахад тустай” хэмээн Пулара наадмын нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ онцолсон юм. Хэлний бодлогод анхаарч буй түүний эдгээр үг бол Малайзын улс төрчийн байр суурь. Мөн тэрээр “Үгийн сангийн баялаг нь тухайн хүний хэр зэрэг боловсорсон байдлыг илтгэдэг. Баялаг хэлтэй хүн тэр хэрээрээ соёлын өргөн мэдлэгтэй сэхээтэн байдаг. Хэл, соёл, урлаг гурав хүний овог угсаатай уялдан холбогдож таван мэдэрхүйд нь мөнхөд оршдог.” хэмээн гайхалтай эшлэлийг илтгэлдээ өгүүлж байлаа. Аргентин, Румын, Түрк, Энэтхэг, Сингапур, Индонез, Япон, Мьянмар, Бангладеш зэрэг хориод орныхон түүний хэлсэн үгийг халуун талархалтайгаар хүлээн авч үндэснийхээ хэл, соёл, урлагийг хөхүүлэн дэмжиж буй түүний байр суурийг шагшин магтаж байв.
Биднийг Малайзад байх үе хэдийгээр тус бүс нутагтаа сэрүүхэн улирал гэх боловч манайхны зуны сүүл сарын бүгчим халуун өдрүүд шиг гадагш гарангуут л хөлөрч байв. Харин хурлын танхим болоод байшин сав дотор сэрүү татах нь техник технологийн хүч аж. Наадмын нээлтийн танхимд зэрэгцэн суусан ахимаг насны эмэгтэй өөрийнхөө англи болон испани хэлнээ хэвлэгдсэн номоо дурсгасныг нь сөхөн үзтэл ITBM буюу 1993 онд Малайзын засгийн газраас үүсгэн байгуулсан Үндэсний Орчуулгын агентлагаас эрхлэн гаргаж буй Малайзын уран зохиолын цувралын нэг бүтээл болон хэвлэгдсэн байх юм. Уг цуврал нь Малайзын уран зохиолын чухал бүтээлийг дэлхийн олон хэлт уншигчдад хүргэх, түүгээр дамжуулан соёлын ойлголцолыг дэлгэрүүлэх зорилготой гэнэ. Сая танилцсан хүн бол Малайзын нэрт яруу найрагч хатагтай Зуринэх Хассан байв. Үндэснийхээ уран зохиолыг орчуулах тусгай агентлаг ажиллаж дэлхийн соёлт уншигчдын хэл рүү түгээх бодлого хэрэгжүүлж байгаа нь юутай сайхан. Тэдэнд маш том хүсэл эрмэлзэл, амбиц байх шиг… Үндэсний уран зохиолоо орчуулж, дэлхий дахинд гаргах Агентлаг байдаг гэх мэдээ юутай сайхан содон, бахдам санагдана вэ?
Явсан хүн яс зууна гэгчээр зорьж ирснийх Академиасаа эрхлэн хэвлүүлсэн Монгол яруу найргийн гадаад хэл дээрх номуудын танилцуулгаа хийж, бас Султанд нь ном барих завшаан таарлаа. Хөтлөгч "Монгол" хэмээн дуудахад тайзнаа гарч Монгол Улсад болох Дэлхийн Яруу найрагчдын их хурлын талаар товч мэдээлэл өгөв. Мэдээж наадмын дүрмээр ая барих естой. Монгол ардын дууныхаа бадгаар дугараа өргөж, ирэх жил 60 насны ой нь тохиох нэрт яруу найрагч О.Дашбалбарын "Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ" шүлгийг эх хэлээрээ дуудан сонирхуулав. Монгол хүн хаа яваа газраа өөрийн чадал хүч хүрэх хэмжээгээр эх хэл, соёлоо таниулах боломжийг ашиглах естой гэсэн байр суурь минь ийм билээ.
Панкор бол их далайн дундах дусал шиг өчүүхэн арал. Улс орон, төр засаг нь ч, орон нутгийн засаг захиргаа нь ч, удирдсан сайд нь ч үндэснийхээ хэл соёлыг дэлхий дахины хэл соёлтой найрсуулан язгуур өвөө ертөнцөд мэдрүүлэх, таниулах гэсэн төсөв, эрмэлзлэл, дуу хоолой нэгтэй байгаа болохоор Панкор арал Тив шиг алдарших тэр цаг хугацаа ойрхон бололтой. Бяцхан арлын том санаа ийм ажээ.
О.МӨНХНАРАН
Панкор арал – Улаанбаатар
2016.12.06 – 16