УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нарын компаниуд гаднаас их хэмжээний ажиллах хүчин оруулж ирээд түүнийгээ ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлж, хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяраас тодрууллаа.
-Таныг сайдын албан тушаалаа ашиглаж хувийн компаниа ажиллах хүчний хөнгөлөлтөд хамруулсан гэдэг асуудал хөндөгдөөд байна. Энэ үнэн юм уу?
-Импортыг орлох үндэсний томоохон үйлдвэр байгуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч, мэргэжилтэн илгээх тухай хуулиар татвараас чөлөөлдөг зохицуулалттай. Энэ зохицуулалтын хүрээнд 22 компани хамрагдаж байгаа. Түүний нэг нь надтай хамаарал бүхий л компани. Тэрнээс би нэг их давуу байдал гаргаад хууль зөрчөөд хөнгөлөлт эдэлчихсэн юм байхгүй.
Урьд нь Хөдөлмөрийн сайд байсан Я.Санжмятав, С.Чинзориг нарын үед ч гарч байсан, шийдвэр. Тухайн жилдээ импортыг орлох томоохон ямар бүтээн байгуулалт байна, тэрийг төр засгийн зүгээс дэмжих үүднээс хөнгөлөлт үзүүлж ирсэн. Эргээд тэр үйлдвэр ашиглалтад орно, ажлын байр бий болгоно, татвар төлнө. Жилдээ 130 орчим тэрбум төгрөгийн татвар төлдөг л байгууллага.
Тухайн хуулиндаа Хөдөлмөрийн асуудал хариуцсан сайд нь оруулж ирнэ гэж заасан байдаг. Өмнөх хууль тогтоомжийг хар. Би өөртөө зориулаад оруулаад ирсэн юм биш.
-Хоёрхон компани энэ хөнгөлөлтөд хамрагдсан гэдэг юм яригдаад байгаа л даа. Нэг нь танайх, нөгөө нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжавынх. Хууль батлагч, бодлого боловсруулагчид нь өөрсдийнхөө компанийг оруулаад ирэхээр иргэдэд хардлага төрүүлээд байх шиг?
-Нийтдээ 22 компани байгаа. Би тийм хөгийн хямдхан юм хэзээ ч хийхгүй.
Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Сү.Батболдын Засгийн газрын үед ч тийм зарчим барьж ирсэн гэсэн тайлбар өглөө.
Харин Засгийн газрын 2016 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 201 тоот тогтоолоор бол нэр бүхий хоёр компанийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхөөр заажээ.
Энэхүү тогтоолыг бүрэн эхээр нь хүргэж байна.
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3, 8.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан аж ахуйн нэгжийн гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж, 2 дугаар хавсралтад заасан аж ахуйн нэгжийн гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд мөн хугацаанд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт зөвшөөрсүгэй.
“Монцемент билдинг материалс” ХХК-ийн 710, “Монголын алт” ХХК-ийн 1600 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.
Энэ тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2017 онд буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэдэгдэхийг холбогдох сайд нарт даалгасугай.
Мэргэжилтэй ажиллах хүчнийг дотооддоо сургаж бэлтгэх, мэргэжлийн өндөр ур чадвартай гадаадын мэргэжилтнийг дагалдуулан мэргэшүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт, уг үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг холбогдох сайд нарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР
Г.ДАРЬ