Замын цагдаа “угаартаж” байна

Хуучирсан мэдээ: 2017.01.16-нд нийтлэгдсэн

Замын цагдаа “угаартаж” байна

-Улмаар нарийн ширхэгт тоосонцорын агууламжийг нь авахад замын цагдаагийн биенд шингэсэн “хор” офиссын цагдаагаас 2.4 дахин их илэрч буйг судалгаагаар тогтоогджээ-

Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл замын голд зогсч, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалдаг замын цагдаа нар ч аюулгүй орчинд ажиллах эрхтэй. Өөрөөр хэлбэл, өдөр шөнөгүй гудамжинд зогсох тэдний эрүүл мэндийг бодох цаг болжээ. Учир нь агаарын бохирдолд хамгийн их нэрвэгддэг хүмүүсийн тоо замын цагдаа нар орсон байна.

Тодруулбал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн судлаач, Э.Эрдэнэчимэг “Улаанбаатар хотын замын цагдаагийн агаарын бохирдлын өртөлтийн судалгаа”-г гаргасан байна. Энэ судалгаанд дурьдсанаар офиссын өрөөнд сууж ажилладаг цагдаагаас замын цагдаа агаарын бохирдолд 2-5 дахин илүү өртдөг гэдгийг харуулжээ. Судлаач Э.Эрдэнэчимэг “Зохицуулагч цагдаа нар зам дээр удаан ажилласнаас агаарт хаягдаж буй хорт бодисуудаар амьсгалж байна. Нийслэлд явж буй автомашины 66 хувь нь 10-аас дээш жил ашиглагдсан байдаг. Тиймээс автомашинаас ялгарч буй утаа нь азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоос, тоосонцор, үнэрт органик нэгдлүүдийг агуулдаг. Ингээд агаар бохирдуулагч бодисын 20-30 хувийг бүрдүүлж байна” гэлээ.

Судалгааг агаар бохирдуулагч тус бүр дээр хийсэн байна. Ингэхдээ нийслэлийн зургаан дүүргийн замын хөдөлгөөний ачаалал ихтэй, замын уулзваруудад зогсдог 40 цагдаа, мөн оффисын өрөөнд сууж ажилладаг 15 цагдаатай харьцуулан судалжээ. Улмаар нарийн ширхэгт тоосонцорын агууламжийг нь авахад замын цагдаагийн биенд шингэсэн “хор” офиссын цагдаагаас 2.4 дахин их илэрч буйг судалгаагаар тогтоогджээ. Тэгвэл цулцанд нэвтэрсэн тоосны агууламж 3.4 дахин, азотын давхар исэл гурав дахин, хөө тав дахин, нүүрстөрөгчийн дутуу исэл оффист ажилладаг цагдаагаас хоёр дахин их гэж тогтоожээ.

Нэгэнт ойрын хугацаанд агаарын бохирдол дорвитой буурахгүй тул одооноос замын цагдаа нарын эрүүл мэндэд анхаарч, хүнд нөхцөлд ажилладаг гэдэг утгаар нь бохирдлоос хамгаалахад зориулсан тэтгэмж олгох нь чухал гэдгийг албаныхан хэллээ. Уг нь хуульзүйн сайдаар Х.Тэмүүжин ажиллах үед замын цагдаа нарыг хүнд, хортой нөхцөлд ажилладаг гэж тодорхойлооод сард 20 мянган төгрөгийн тэтгэмж өгдөг байжээ. Гэвч сайд солигдоод энэ журам хэрэгжихээ больсон байна. Иймээс нэн тэргүүнд замын цагдаа нарын хөдөлмөрийг ажлын байрны хэвийн бус нөхцөл хэмээн тодорхойлж, энэ төрлийн жагсаалтад багтаах нь чухал гэв.

Тэтгэмжээс гадна замын цагдаа нарын эрүүл мэндийн үүднээс агаарын бохирдлын өртөлтийг үнэлэх, шинжилгээнд тогтмол хамруулж хэвших нь чухал гэдгийг судлаач дурьджээ. Мөн зам дээр ажиллаж буй цагдаа нарын зохицуулалтын цагийг багасгах, шүүлтүүртэй амны хаалт, шүгэл бүхий дохиураар хангах зэрэг наад захын асуудлыг зохицуулах нь чухал гэдгийг сануулж байлаа.

ЗУРАГЛААЧ: Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж