Цалинтай чөлөө хэрэгжиж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2017.01.16-нд нийтлэгдсэн

Цалинтай чөлөө хэрэгжиж эхэлжээ

Өлгийтэй хүүхдээ тэвэрч, бяцхан хүүхдэдээ хөтөлсөн эцэг, эхчүүд өрхийн эмнэлгийн зүг алхацгаана. Өдрийн 12.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны “Энэрэнгүй үйлс” өрхийн эрүүл мэндийн төвд цөөнгүй эцэг, эх хүүхдээ үзүүлэхээр оочерлож, угтав.

Засгийн газраас томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн эцэг, эх болон асран хамгаалагч нарт цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээрээ 3-5 хоног асарч байгаа эх, эцэгт цалинтай чөлөө олгохоор болсон. Энэ шийдвэр амьдрал дээр хэр хэрэгжиж байгааг сонирхохоор зарим өрхийн эмнэлгээр орсон юм.

“Ханиадтай хүүхдээ асрахын тулд ажлаасаа чөлөө авахаар өрхийн эмнэлэгт хандаж буй эцэг, эхчүүдийн тоо өссөн. Өрхийн эмчдээ хүүхдээ үзүүлж, акт бичүүлэхээс гадна ээжид нь давхар 3-5 хоногийн акт бичиж өгч байна. Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотойгоор 20 гаруй ээж ажлаасаа чөлөө авахаар өрхийн эмнэлэгт хандсан” тухай тус хорооны өрхийн эмч ярилаа. Өрхийн эмнэлэгт хүүхдээ үзүүлж буй ээж Д.Бямбасүрэн “Гадуур ханиад томуу ихтэй байна. Тиймээс эцэг, эхчүүдэд шаардлагатай тохиолдолд цалинтай чөлөө өгөх нь зөв. Миний хувьд одоо жирэмсний амралттай байгаа. Манай бага хүүхэд ханиадтай учраас өрхийн эмнэлэгтээ үзүүлэхээр дугаарлаж байна” гэв.

Агаарын бохирдлоос үүдсэн харшлын чанартай амьсгалын замын халдварт өвчнөөр багачууд, хүүхдүүд өвчлөх нь ихэссэн. “Ханиад томуунаас болж манай өрхийн эмнэлгийн ачаалал их байгаа. Ханиад томууны дэгдэлт өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Өдөрт нэг эмч доод тал нь 20 хүүхдэд үзлэг хийж байгаа” талаар их эмч Д.Тэмүүлэн тайлбарласан юм.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны өрхийн эмнэлэгт ч ханиад томуунаас болж үзүүлж, харуулахаар ирсэн хүүхдүүд олон байна. Хүүхдээ үзүүлж буй ээжүүдэд эмч мэргэжилтнүүдийн зүгээс аньс, чацаргана, аарц зэрэг жимсний ханд өгч, гадуур авч явахгүй байхыг зөвлөж байв. Тус хорооны оршин суугч Д.Саарал “Цалинтай чөлөө олгох талаар тодорхой мэдээлэлгүй байна. Үүнд ажилгүй эхчүүд хамрагдахгүй гэж ойлгосон. Миний хувьд хувиараа ажил эрхэлдэг болохоор ийм чөлөө аваагүй. Нэг талаараа төсвийн байгууллагад ажилладаг эцэг, эхчүүд цалинтай чөлөө авахын тулд ажил цалгардуулж ч болох юм биш үү гэж бодогдсон” гэв.

Харин дараагийн өрхийн эмнэлэг болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны “Энэр Ази” өрхийн эмнэлэгт очиход хүүхдээ үзүүлж буй эцэг, эхчүүд цөөнгүй байлаа. Гэвч хүүхдээ үзүүлээд, цалинтай чөлөө авч буй эцэг, эх таарсангүй. Уг өрхийн эмнэлгийн эмчийн үзлэгийн өрөө бүрт хүүхдээ тэвэрсэн ээжүүд суух аж. “Нэг эмч өдөрт 30-40 хүүхдэд үзлэг хийж байгаа. Үүний 80 хувь нь ханиад томуутай хүүхдэд байна. Бас цөөн тооны насанд хүрсэн хүмүүс ханиад хүрсэн хүмүүс хандаж байгаа. Сургууль, цэцэрлэг амарсантай холбоотойгоор энэ тоо арай багассан тухай тус өрхийн эмнэлгийн сувилагч ярилаа.

Хүйтний улиралтай холбогдуулан амьсгалын замын өвчнүүд, томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2017 оны нэгдүгээр сарын 2-оос гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртлэх хугацаанд тав хүртлэх насны хүүхдээ эмнэлэгт болон гэртээ гурваас тав хоног асарсан эцэг эхэд цалинтай чөлөө олгоно. Мөн энэ шийдвэрийн дагуу өрхийн эмнэлгүүд ч Бямба гариг бүр цагийн хуваарийн дагуу ажиллах юм.

Хүүхдээ асарч байгаа эцэг, эхчүүд хүүхдээ асрахын тулд ажлаасаа чөлөө авч чаддаггүй, хүүхдийнхээ ханиадыг бүрэн эдгээлгүй цэцэрлэгт нь явуулдаг, дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн тасгууд ачааллаа дийлэхгүй байгаа зэрэг асуудал олон байгаа учраас эцэг, эхчүүд энэ шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.

“Ханиад томууны дэгдэлттэй холбоотойгоор хүүхдээ асарч буй ээжүүдэд лист бичиж өгөхгүйгээр акт бичиж өгч байгаа. Сүүлийн хэд хоног 10 гаруй ээжид акт бичиж өгсөн. Өнөөдөр л гэхэд хоёр эцэг, эх акт бичүүлсэн” хэмээн их эмч Д.Баттуул хэлсэн юм.

А.СҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж