”Монголд үгүйсгэгчид олон болжээ”

Хуучирсан мэдээ: 2017.01.16-нд нийтлэгдсэн

”Монголд үгүйсгэгчид олон болжээ”

Түүнийг хошин урлагийн анхдагчдын нэг Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Хүрэлхүүгийн охин гэдгээр нь хүмүүс илүү танина. Мэдээж түүний аав Монголын хошин урлагт төдийгүй дэлгэцийн бүтээлд олон сайхан дүрээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин учраас тэр биз. Жүжигчин Д.Хүрэлхүүгийн том охин Х.Намуун одоо гоо сайхны Wolarsen” брэндийн үүсгэн байгуулагч болж, хүсэл мөрөөдлөө биелүүлж яваа хөдөлмөрч бүсгүй болжээ. Түүнтэй ярилцахад хүсэл мөрөөдөлтэй, зорилготой хүнд туулах даваа болгон шагнал болдгийг ойлгуулах шиг… Ингээд түүний хүсэл мөрөөдөл амжилтад хэрхэн хөтөлж буй талаар Х.Намуунтай ярилцснаа хүргэж байна.


-Гавьяат жүжигчин Д.Хүрэлхүүгийн охин гэдгээр чинь хүмүүс чамайг сайн мэддэг болсон. Харин сүүлийн үед “Wolarsen” хэмээх гоо сайхны брэндээр чинь илүү таньдаг болжээ. Уншигчдынхаа өмнөөс өөрийн нэрийн гоо сайхны брэндтэй болсонд баяр хүргэе?

-Маш их баярлалаа. Миний хувьд гоо сайхны бүтээгдэхүүний судалгааны ажлаа эхлүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Харин хэрэглэгчдэдээ өөрийн бүтээгдэхүүнээ хүргээд найман сар болсон байна. Энэ хугацаанд маш завгүй өдрүүдийг өнгөрүүллээ.

-Нягтлан бодогч мэргэжилтэй гэж сонссон. Ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн юм уу?

-Хүмүүс намайг аавыгаа дагаад жүжигчний мэргэжил эзэмшсэн гэж боддог юм шиг байна лээ. Би нягтлан бодогч мэргэжилтэй. Ээж маань бас банкны салбарт ажилладаг. Хэдийгээр эзэмшсэн мэргэжлээрээ дагнаад ажиллахгүй байгаа ч бизнесийнхээ төлбөр тооцоог хийхээс эхлээд эзэмшсэн мэргэжлээ ашиглаж л байна.

-Гоо сайхны брэндээ гаргахын тулд Сингапур, Солонгос, Турк зэрэг олон оронд очиж, судалгаа хийсэн гэсэн. Монголд энэ чиглэлийн мэргэжилтэн, тоног төхөөрөмж гэх мэт зүйлс хараахан байддаггүй гэсэн үг үү?

-Би одоогоор гоо сайхны бүтээгдэхүүнийг төгс хийдэг тийм мэргэжилтэнтэй таараагүй байна. Магадгүй миний ярилцлагыг уншаад хамтарч ажиллах санал тавихыг үгүйсгэхгүй. Монголдоо гар аргаар хийдэг арьс, бие арчилгааны бүтээгдэхүүнийг хийх боломжтой. Яг косметик тал дээр арай л хөгжөөгүй байна. Гоо сайхны бүтээгдэхүүний түүхий эд, мэргэжилтэн, тоног төхөөрөмжийн аль нь ч байхгүй. Тиймээс эхлээд гадны орнуудтай хамтарч дараагаар нь Монголдоо нэвтрүүлэх талаар судалж байгаа. Тэгээд ч би энэ чиглэлээр туршлага бага байна. Гоо сайхны ертөнц маш өргөн хүрээний, мэдлэг, ур чадвар шаарддаг учраас алхам бүртээ л бэрхшээлтэй тулгарч байлаа. Ер нь би бүхий л төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг туршиж, хэрэглэж үзсэн. Тэгээд Солонгост эхэлж очоод уруулын будгийнхаа орц найрлагыг нь гаргуулсан. Дараа нь өөрөө хянаад, дээрээс нь илүү няхуур хандах үүднээс давхар Турк улсад шалгуулж, Хонгконгт сав баглаа боодлыг нь савласан. Хонгконгт байгуулсан жилийн гэрээ маань саяхан дууссан байгаа. Удахгүй сарын дараа Солонгос руу явж бүтээгдэхүүнийхээ ажилд орно.

-Эмэгтэй хүн бүр өөрийн гоо сайхны брэндтэй болохыг хүсдэг. Өөрийн чинь хувьд энэ брэндийг гаргах санаа цэвэр өөрийн хүсэл байв уу. Эсвэл хэн нэгэн хамтарч ажиллахыг санал болгосон уу?

-Би энэ ажлыг цэвэр өөрийнхөө хүслээр, өөрийнхөө хүчээр эхлүүлсэн. Үүнийг эхлүүлэхэд хэн ч надад тусалж дэмжээгүйд жаахан гомдолтой л байдаг. Надад бэрхшээл тулгарах тусам бууж өгөхийг хүсээгүй ээ. Ер нь хүн дуртай зүйлээ хийхдээ ямар аргаар хамаагүй хийчихдэг юм билээ. Би энэ бүхнийг хийсний дараа өөрөө өөртөө баярлаж байлаа.

Монголын охид бүсгүйчүүд маань намайг маш их дэмжсэн

-Хэдий өөрийн брэндээ хэрэглэгчдэдээ хүргээд удаагүй байгаа ч 2016 онд “Wolarsen” брэнд 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн гаргасан гэсэн. Цаашдаа охид, бүсгүйчүүдэд ямар бүтээгдэхүүнээр бэлэг барих гэж байна вэ?

-Би хамгийн анх хүн бүрийн сайн мэддэг матт уруулын будгийг хийхийг зорьсон. Тэр үед дараа дараагийн бүтээгдэхүүнээ хийнэ гэж бодож байсангүй. Гэтэл монголын охид бүсгүйчүүд маань намайг маш их дэмжиж, брэндээ өргөжүүлэхэд минь тусалсан. Намайг маш олон хүн дэмжсэн учраас миний ажил амжилттай явж байна. Цаашдаа монгол хүний арьсны онцлогт тохирсон бүх төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хийхийг хүсч байна.

-“Wolarsen” брэндийн нэрний талаар яриач. Ямар утгатай үг юм бэ?

-Ер нь брэнд гэдэг утгаараа тэр чигээрээ л онцлог шүү дээ. Гоо сайхны бүтээгдэхүүн маань дахин давтагдашгүй бүтэц найрлагатай, савлагаатай учраас хаана ч байхгүй. Харин нэрний хувьд ямар ч утгагүй, орчуулагдахгүй үг юм. Би одоогоос дөрвөн жилийн өмнө инстаграм хуудас нээх гээд болохгүй байсан. Тэгээд нэг зүйлийн нэрийг нь өөрчлөөд тэрийгээ солихоо мартчихсан байсан. Нэг ёсондоо миний инстаграм хаягийн нэр гэж ойлгож болно. Намайг ойр дотныхон маань ч энэ нэрээр минь дууддаг.

-Гоо сайхны “Wolarsen” брэнд хэрэглэгчдэдээ хүрч, охид, бүсгүйчүүд маань ч ам сайтай байна. Тун удахгүй брэндийнхээ хоёр дахь салбарыг нээх гэж байгаа гэсэн үү. Охиныхоо хийж буй энэ сайхан ажлыг гэр бүлийнхэн нь илүү ойлгож, дэмждэг болсон биз дээ?

-Гэрийнхэн маань эхлээд миний ярьсныг ойлгохгүй байсан. Тэдний толгойд нь нэг л бууж өгөхгүй байсан юм шиг байна лээ. Эхлээд санаагаа хэлэхэд “Юу яриад байгаан бэ ажлаа хий” гэж байсан. Харин одоо намайг сэтгэл зүрх, хөрөнгө мөнгөөр маш сайн дэмжиж байгаа. Анхны нэрийн дэлгүүрээ нээгээд гурван сар болж байна. Удахгүй хоёр дахь салбараа нээх гэж байгаа. Дараа дараагийн ажлууд маань амжилттай бүтэж байгаа нь сайхан байна.

-Монголын охид бүсгүйчүүд гоо сайхны бүтээгдэхүүндээ их анхаардаг болсон байна. Охид, бүсгүйчүүддээ хандан гоо сайхны зөвлөгөө өгөхгүй юу?

-Манай охид, бүсгүйчүүд маань гоо сайхны бүтээгдэхүүндээ анхаардаг болсон нь анзаарагддаг. Тэр хэрээрээ гоо сайхны бүтээгдэхүүний маш сайн мэдлэгтэй болсон байна. Цэвэр төгс будалт цэвэр арьсан дээр маш сайхан харагддаг. Тийм учраас охид, бүсгүйчүүд маань цэвэрхэн гоё арьстай байгаарай. Мэдээж цэвэрхэн сайхан арьсны нууц нь зөв хооллолт байдаг. Наанаа мянган сайхан будаг түрхсэн ч сайхан арьстай байх нь хамгийн чухал. Надад ч энэ асуудал тулгардаг.

-Аавтайгаа анх удаа “Тагнуулч аав” уран сайхны кинонд хамтран тоглосон. Дараагаар нь “Шуугиан таригч”, “Галзуу зугаалга” зэрэг кинонуудад тоглосон байсан. Багаасаа урлагт ойр өссөн учраас кинонд тоглох санал их ирдэг үү?

-Тийм. Надад кинонд тоглох санал их ирдэг. Мөн мэргэжлийн бус хүнийг “Чи чадна, болно” гээд сонгож байгаа найруулагч, кино багийнханд их талархдаг юм. Би жүжигчний ур чадварын тал дээр сураагүй учраас мэдэхгүй шүү дээ. Гэхдээ би дотроо дахин нэг хүн босгож, тоглохыг хүсдэггүй. Хамгийн гол нь найруулагчийнхаа үгийг маш сайн сонсоод л “Хэрэв надад ийм зүйл тохиолдсон бол би яах байсан бэ” гэж бодоод л дүрдээ орчихдог /инээв/.

-Мэдээж, аав чинь сайн зөвлөгч болдог биз дээ?

-Би ч аавдаа хэлэхгүйгээр кинонд тоглочихдог. инээв Аав маань дуртай ханддаггүй юм. Тэгэхдээ кинонд тоглохдоо “Хамгийн гол нь үнэн байгаарай. Хүнд битгий худлаа нүд гаргаарай. Үгээ их тод хэлээрэй” гэдэг үгийг л хэлдэг. Тэрнээс биш яг зохиол дээр суугаад чи энд хэсэгт ингээрэй гэж хэлдэггүй.

-Аавын тань тоглосон тайз, дэлгэцийн олон сайхан уран бүтээл бий. Аавынхаа ямар дүрд нь илүү хайртай вэ?

-Би аавынхаа тоглосон бүх л дүрд хайртай. Тэр дундаа залуудаа тоглож байсан “Шинэ үсгийн багш”, “Ядуугийн зовлон” зэрэг дүрүүд нь их сайхан санагддаг. Аав маань хамгийн сүүлд “Ядуугийн зовлон 2” уран сайхны кинонд тоглосон шүү дээ.

-Хошин урлагийн тоглолт хэр үздэг вэ?

-Би хошин урлагийн тоглолтуудыг алгасалгүй үздэг. Хамгийн сүүлд аав маань “Х-Түц” продакшны уран бүтээлчидтэйгээ хамтран хоёр ч тоглолтод оролцож, тоглосон.

Японы гоо сайхны компаниас хамтран ажиллах санал ирүүлсэн

-Саяхан өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан өөрийн брэндийнхээ талаар албан ёсны мэдэгдэл хийсэн байсан. Уг мэдэгдэл нь ямар учиртай юм бэ?

-“Сайны хажуугаар саар” гэгчээр намайг гүтгэсэн мэдээллүүд их гарч эхэлсэн. Зарим хүмүүс намайг хэзээ ч явж байгаагүй газруудаар явуулж бүтээгдхүүнээ хийлгэсэн, өөр гоо сайхны бүтээгдэхүүнийг дууриалгасан зэргээр санаанд оромгүй гомдмоор мэдээллийг бичсэн. Би өмнө нь энэ бүхнийг тэвчээд л дуугүй явдаг байлаа. Миний хувьд өөр зүйлд анхааралгүй ажлаа хийх нь чухал байсан. Гэвч сүүлийн үед арай л хэтрээд байгаа юм шиг санагдаад фэйсбүүктээ мэдэгдэл бичсэн юм. Ер нь одоогийн залуус хоёр бүлэгт хуваагдсан юм шиг санагддаг. Нэг хэсэг нь улс орондоо хувь нэмэр оруулж, хөдөлмөрлөж байхад нөгөө хэсэг нь өөрсдөө юу ч хийхгүй атлаа нэгнийхээ хийснийг доромжилж гутааж, үгүйсгэж суудаг болж. Ядаж хийх ажилгүй юм аа гэхэд хоббитой байгаарай гэж хэлмээр байна.

-Цаашдаа өөрийн үүсгэн байгуулсан гоо сайхны “Wolarsen” брэндээ улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Нууц биш бол гадаадын компаниудтай хамтран ажиллах санал хүлээн авсан уу?

-Би брэндээ гаргаад есөн сар болж байна. Би аливаа зүйлд шууд дээшээ гарахыг хүсдэггүй. Өөрөө тэр шат болгоноор алхаж, тулгардаг бэрхшээл, сайн сайхныг мэдэрч хийхийг хүсдэг. Мэдээж энэ бүхэнд их хугацаа шаардлагатай байх. Миний хувьд энэ брэндээ хэзээ ч орхихгүй, үргэлжлүүлэн хөгжүүлэх болно. Надад одоогоор Япон, Хятад, Оросоос хамтарч ажиллах санал ирсэн байгаа. Мөн гадаадад амьдарч буй монголчуудаас бүтээгдэхүүнийг маань хэрэглэх хүсэлт ихээр ирдэг. Харин Японы нэгэн гоо сайхны компаниас хамтран ажиллах санал ирүүлсэн.

А.ЦЭЭСҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж