Ц.Элбэгдорж, А.Ундрал нар Давост Монголыг төлөөлнө

Хуучирсан мэдээ: 2017.01.16-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж, А.Ундрал нар Давост Монголыг төлөөлнө

Ц.Элбэгдорж, А.Ундрал нар Давост Монголыг төлөөлнө

-Энэ жилийн форум нэгдүгээр сарын 17-нд нээгдэнэ. Форумыг уламжлал ёсоор үүсгэн байгуулагч профессор Клаус Шваб болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нар нээнэ. Манай урд хөршийн тэрүүн энэ жилийн Давосын гол сюрприз юм-

ШИДЭТ ХОТ

Дэлхийн улс төрийн лидерүүд, бизнесийн томчууд Альпийн нурууны Давос хэмээх тосгонд цуглан ертөнцийн хэргийг хэлэлцдэг болоод 46 жил болж байна. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хэмээн нэрлэгддэг энэ арга хэмжээг Германы бизнесмэн, Женевийн их сургуулийн профессор Клаус Шваб 1971 онд анх санаачлан, үүсгэн байгуулсан юм. Анх “Европын эдийн засгийн менежментийн форум” нэртэйгээр зохиогдож байгаад 1987 оноос Дэлхийн эдийн засгийн форум болон өөрчлөгдсөн.

Давос бол Швейцарийн зүүн хэсгийн Альпийн нурууны бүсэд орших тосгон. Далайн түвшнээс 1560 метрийн өндөрт оршдог, байнгын 11 мянга орчим оршин суугчтай. Европын хамгийн өндөрт оршдог хотын нэг. XIX зууны үеэс европчууд сувиллын газар гэдгээр нь мэддэг болсон. Өвлийн улиралд чийгтэй, жиндүү уур амьсгалтай Европ тивийнхэн уушгины хатгалгаа, сүрьеэд нэлэнхүйдээ нэрвэгдээд байсан бөгөөд эмч нар эрүүл цэнгэг агаартай газарт сувилуулахыг, тэр дундаа Альпийн хавьд очиж эмчлүүлэхийг зөвлөдөг байжээ. Давосын эрүүл сайхан агаар, үзэсгэлэнт байгаль өөрийн эрхгүй хүний сэтгэлийг татаж, ирсэн гийчний ухаан цэлмэдэг. Алдарт зохиолч Томас Маннын 1924 онд бичсэн “Шидэт хот” өгүүлэл нь Давост зориулагдсан юм.

Тиймээс ч эдүгээ дэлхийн улс орны удирдагчид, үндэстэн дамнасан корпорациуд, нөлөө бүхий том компаниудын төлөөлөл жил бүрийн өвлийн эхэнд Давост ирж, ухаан санаагаа уралдуулж, гарц шийдэл хайдаг биз. Давосын форумыг дэлхийн улс төр, бизнесийнхний албан бус байдалд уулзах боломж олгодог цорын ганц газар гэж үздэг.


УДИРДАГЧДЫН ХАРИУЦЛАГА ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

Энэ жилийн форум нэгдүгээр сарын 17-нд нээгдэнэ. Форумыг уламжлал ёсоор үүсгэн байгуулагч профессор Клаус Шваб болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нар нээнэ. Манай урд хөршийн тэрүүн энэ жилийн Давосын гол сюрприз юм. Өөр нэг содон гийчин бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг энэ нэгдүгээр сарын 1-нээс хүлээн авсан Антонио Гутереш.

Жил бүрийн форум өөрийн гэсэн сэдэвтэй байдаг. Энэ жилийн сэдэв бол “Хариуцлага, удирдагчийн хариуцлага”. Монголд хомсдоод байгаа удирдагчийн хариуцлага дэлхийд ч бас тулгараад байгаа асуудал ажээ. Өнгөрсөн онд дэлхийн улс орнуудад болсон удирдагчдын сонгууль, мөн ёс зүй, нийгмийн чиг хандлага нь аль хэдийнэ төлөвшсөн гэгддэг орнуудад, тэр дундаа Европ тивд популистуудын эзлэх жин нэмэгдсээр байгаа нь удирдагчдын хариуцлагын талаар эргэцүүлэхэд хүргэж байна. “Дэлхий ертөнц маш хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж байна. Бид эгзэгтэй цаг үед тулж ирээд байна. Нийгмийн уламжлалт зарчим, хөдөлмөр эрхлэлтийн мөн чанар, үндэсний төрт улсууд бүгд сорилтын өмнө ирлээ. Олон хүн амгалан тайван бус байдлыг, бүүр аюулыг мэдэрч байна. Хариуцлагын болон хариуцлагатай удирдагчийн шинэ загвар бидний нүүр тулаад байгаа бэрхшээл сорилтыг даван туулахад хэрэгтэй” хэмээн Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч профессор Клаус Шваб илгээлтийн үгэндээ онцолжээ.

100 орчим орноос 3000 орчим төлөөлөгч оролцохоор хүлээгдэж байгаа энэ жилийн чуулга уулзалтаар үндсэн сэдвээс гадна Сирийн нөхцөл байдал, дүрвэгсдийн асуудал, хүрээлэн буй орчныг хамгаалах, алан хядагчдын аюул гээд дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа амин чухал асуудлуудаас гадна үйлдвэрлэлийн дөрөв дэх хувьсгалыг эхлүүлэх тухай, баялгийн тэгш бус хуваариалалт буюу том бизнесийн ирээдүйн талаар, дижитал эрин дэх санхүү, эдийн засгийн талаар зэрэг сонирхолтой сэдвүүдээр хэлэлцүүлэг хийнэ.


ДАВОС БА МОНГОЛ

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэний дараахан 1991 энэхүү чуулганд оролцох урилгыг илгээж, тухайн үеийн тэргүүн Шадар сайд Да.Ганболдоор ахлуулсан төлөөлөгчилд анх удаа Давост хөл тавьж байжээ. Дараагийн Монголын төлөөлөгчид 1997, 1998, 2001-2003 онд Ерөнхий сайдын түвшинд оролцож байгаад 2009 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцжээ. Харин 2010 оноос хойш Ерөнхий Ц.Элбэгдорж энэхүү уулзалтад тасралтгүй оролцож байна.

Энэ жилийн Давосын форумыннэг онцлог улс орнуудын Залуу манлайлагчдын уулзалт юм. Энэ уулзалтад Монгол улсаа төлөөлөн Unread Media-г үүсгэн байгуулагчийн нэг Амарсайханы Ундрал оролцохоор уригдсан нь удирдагчийн хомсдолд ороод байгаа монголчуудын хувьд итгэл найдвар төрүүлэх сайхан мэдээ юм. Залуу манлайлагчдын уулзалтад дэлхийн улс орнуудын 50 гаруй залуу ирж оролцоно. Ингэснээр энэ жил Давост Монголыг албан ёсоор хоёр хүн төлөөлөн оролцож байна гэсэн үг.

АМАРСАЙХАНЫ УНДРАЛ

Төрсөн он – 1991
Нас – 25
Мэргэжил – Эдийн засагч, Сэтгүүлч
Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн.
Одоо эрхэлж байгаа ажил – www.unread.today /Санаачлагч, үүсгэн байгуулагч/

Facebook  Uundaa
Twitter @Uundaa

  • Дэлхийн эдийн засгийн форумын хамгийн залуу оролцогчдын нэг. Эдийн засгийн форумын дэргэдэх “Global Shapers Ulaanbaatar” нийгэмлэгийг төлөөлөн оролцож байгаа.  4000 гаруй шэйпэрүүдтэй залуустай өрсөлдөн, 50 оролцогчийн нэгээр шалгарсан.

ДАВОСТ ЗӨВХӨН ЯРЬДАГГҮЙ, БАС ХИЙДЭГ

Олон хүн Давосын форумыг ярьдаг газар гэж шүүмжлэх нь бий. Гэвч тийм биш. Түүх сөхвөл, 1988 онд Грек, Турк хоёрын үүсээд байсан дайны хурцадмал байдлыг энд зурагдсан “Давосын тунхаглал”-аар намжаах байсан. 1992 онд онд Нельсон Мандела Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Д.Клерктэй Давост гар барилцсан нь олон жилийн турш хар арьстнуудыг боолчилж, дарангуйлж байсан тус улсын түүхэнд цагаан арьстан удирдагч нь хар арьстан иргэнтэйгээ анх удаа гар барилцсан явдал байсан юм. Дэлхийн ядуу буурай орны хүүхдүүдийг үнэ төлбөргүй вакцинд хамруулах хөтөлбөрийг 2000 онд Давост баталж байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж