Өсвөрийн боксчид дэлхийн аваргын рингийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Өсвөрийн боксчид дэлхийн аваргын рингийг орхилоо

Казахстаны нийслэл Астана хотноо боксын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаанууд өнөөдрөөс эхэлж байна. Харин Монголын ширэн бээлийтнүүдийн хувьд гурван тамирчин шагналт тавдугаар байрт шалгарсан амжилттай энэ удаагийн дэлхийн аваргыг өндөрлүүлж байна. Дэлхийн 52 орны 360 өсвөрийн тамирчин оролцож буй энэ жилийн дэлхийн аваргад Монголын боксчид есөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсоноос 48 кг-ын жинд Г.Очир-Эрдэнэ, 60 кг-ын жинд А.Бадар-Ууган, 63 кг-ын жинд О.Батзориг нар шагналт байрт шалгарчээ.

Дэлхийн аваргын 48 кг-ын жинд нийт 24 тамирчин өрсөлдсөнөөс Г.Очир-Эрдэнэ эхний тойрогт хийлж, наймны нэг шигшээд Иракийн тамирчин Али Аль-Суданиг 7:5 харьцаатай ялснаар шөвгийн наймд шалгарсан байна. Улмаар медалийн төлөөх тулаанд ОХУ-ын боксчин Владислав Красношейнд 16:10 харьцаатай ялагдаж, шагналт тавдугаар байрт шалгарчээ. Харин 60 кг-ын жинд тулалдсан А.Бадар-Ууган 1/16 шигшээд Туркийн Мехмед Атесийг илт давуу буулган авч, дараа нь Болгарын Йосиф Пановыг 12:4 харьцаагаар ялсан. Харамсалтай нь, медалийн төлөөх тоглолтод ОХУ-ын тамирчин Шамил Малсаговт 14:6 харьцаагаар дийлджээ. Тэгвэл, 63 кг-ын жинд О.Батзориг эхний тойргийн тулааныг өнжиж, наймны нэг шигшээд Иракийн Мамуун Аль-Гбуриг 12:9 харьцаатай хожсон ч медалийн төлөөх тоглолтод Английн тамирчин Исаанк МакЛеодод 16:7 харьцаагаар ялагдсанаар тавдугаар байрт шалгарчээ.

Дэлхийн аваргын рингэнд тулалдсан Монголын бусад тамирчдын тухайд А.Доржнамжил /46 кг/, Х.Тулга /52 кг/, О.Норовбал /54 кг/, Б.Ням-Осор /57 кг/ нар нэг ялж, нэг ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол Х.Энхдэлгэр /50 кг/, Х.Ергат /66 кг/ нар эхний тулаандаа ялагдаж, дэлхийн аваргыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж