Б.Хурцыг Германы талд шилжүүлэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг Германы талд шилжүүлэхээр болжээ

Монгол, Английн хооронд дэгдсэн дипломат “дайн” үргэлжилж байна. Тагнуулын ажилтнууд Франц улсаас улс төрийн орогнол хүссэн гэх Дамирангийн Энхбатыг баривчлан авчирснаас хойш яг долоон жилийн дараа нөхцөл байдал дахин хурцадсан юм. Өөрөөр хэлбэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг өнгөрсөн оны есдүгээр сард Лондоны Хитроу нисэх буудлаас баривчилснаар асуудал улам сэдэрсэн гэсэн үг. Тэр цагаас хойш 11 сар өнгөрчээ. Английн нутагт дипломат эрх ямбатайгаар хөл тавьсан Б.Хурц Вандсворсын хорих газарт хоригдсоноос хойш бараг нэг жилийг ардаа орхиод байна. Шүүгчид анхан шатны шүүх хурлаас түүнийг Германы талд шилжүүлэхээр шийдвэрлэсэн ч тэрбээр давж заалдаад бас л багагүй хугацааг үдлээ. Тиймээс олон нийтийн дунд “Англичууд Монголоос чухам юу хүснэ вэ. Ингэхэд тэдний хүсэл Б.Хурцыг баривчлах явдал мөн байсан уу. Аль эсвэл манай улсын газрын ховор элементэд санаархав уу. Тэгээгүй бол юунд ингэж хүнд суртал гаргана вэ” хэмээх таамаглал үүссэн юм. Үнэхээр ч Английн шүүгчид энэ эрхмийн сэтгэл зүйгээр нэгмөсөн тоглож гүйцэх шиг боллоо. Шүүх хурлыг хэдэнтээ хийж, хэдэнтээ хойшлуулан “Германы талд шилжүүлнэ” хэмээх шийдвэрийнх нь эсрэг давж заалдсан өргөдлийнх нь хариуг ч өгөлгүй удав.

Англичуудын хүнд сурталд өм­­гөөлөгч Алан Жонсын тэвчээр ал­дарсан уу, яасан “Б.Хурцыг Ев­ропын холбооны хуулийн дагуу баривчилсан тохиолдолд асуудлыг 90 хоногт, Их Британийн хуулиар бол 21 хоногийн дотор шийдэх ёстой. Гэвч хэрэг явдлыг сунжруулсаар байгаад гомдолтой байна” гэх утга бүхий гомдлыг Английн Хатан хааны дээд шүүхэд саяхан гаргасан. Гадаад харилцааны яамныхан ч иргэнээ эх оронд нь буцаан авчрахын тулд олон сар уйгагүй хөөцөлдсөн ч мөнөөх л англи маягийн хямсгар зантай нүүр тулсан билээ. Харь оронд олон сар хоригдсон Б.Хурц ч энэ бүхэнд аргаа барж “Намайг Германы талд шилжүүлж өгнө үү” хэмээн өргөдөл гаргахдаа тулсан гэдэг.    

Б.Хурцын хувь заяаг англичууд нэгмөсөн “дөнгөлж” гүйцжээ. Тэд түүнийг Германы талд шилжүүлэх эцсийн шийдвэрээ гаргажээ. Харин маргааш болох шүүх хурлын үеэр шүүгдэгчид энэ тухай танилцуулах юм байна. Холбогдох албаныхнаас энэ тухай тодруулахад “Английн шүүгчид өөрсдийгөө “Бид Засгийн газраасаа хараат бус ажилладаг” хэмээдэг. Харамсалтай нь тийм биш бололтой” гэж байв. Хачирхалтай байгаа биз. Англичууд үнэхээр “Хүний эрхийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр бамбай хийж, Б.Хурцыг улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байгаа хэрэг үү. Аль эсвэл их гүрний дээрэнгүй бодлогын илэрхийлэл юм уу. Энэ мэт олон асуулт таавар мэт үргэлжилж, Б.Хурц гэдэг хүний хувь заяан дээр хоёр улсын дипломат харилцаа “дэнжигнэж” байна.

Ингэхэд Б.Хурцаар өргөл барьц барих сонирхол Монголын улстөрчдөд бий юү. Энэ эрхэм, бас Дамирангийн Энхбатыг харь газраас баривчилж ирсэнтэй холбоотой архивын баримтыг өшөө авалтын “зэвсэг” болгох хүсэл чухам хэнд байна вэ. Б.Хурцыг харийнханд матаж, төрийн нууц задруулсан тэр эрхэм хэн бэ. Иймэрхүү утгатай олон асуулт эцэс төгсгөлгүй хөвөрсөөр л. Басхүү “Б.Хурц бол нууц албаны ажилтан байсан. Тиймээс энэ хүний нэр, ер бүх зүйл нууц л байх ёстой. Гэтэл түүнийг илчилж, хамаг хэргийг тохож байгаа нь увайгүй улстөрчдийн л үйлдэл” хэмээн буруутган ярих хүмүүс ч байх.  

Талийгаач Д.Энхбат бол онц ноцтой гэмт хэрэгтэн байсан, түүний өмгөөлөгчөөр ажилласан Л.Санжаасүрэнгийн хувьд үзэл санааны хоригдол, харин Б.Хурц хүн хулгайлагч… Одоогоос найман жилийн өмнө болсон хэрэг явдлын дараа энэ эрхмүүд ийм л тодотголтой үлдэж. Харин Д.Энхбат агсны хүүхдүүд хэдхэн сарын өмнө Монголын төрөөс гурван сая еврогийн нөхөн төлбөр нэхэмжилсэн. Гэвч англичуудын өмнө хүчин мөхөстсөн эрх мэдэлтнүүд эл асуудлыг хэрхэн шийдэх нь тодорхойгүй хэвээр. Ямартай ч Б.Хурцтай холбоотой хэрэг явдал ирэх сонгуулийн үеэр дэлгэх нэгэн “хөзөр” болох нь тодорхой. Монголын тагнуулч хүн хулгайлсан гэм буруутан мөн юм бол манай улсад Элчин сайдаар ажиллаж байсан англи ноёнтон Уилъям Диксоныг ч барьцаа болгон нэхэмжлэх хэрэгтэй болох нь. Учир нь тэрбээр Б.Хурц Англи улсыг зорих болсон талаарх мэдээллийг Лондонд хүргүүлж, дипломатч “тагнуулч”-ийн үүргээ гүйцэтгэсэн билээ. Мэдээж хэрэг, хэргээ бүтээсэн англичууд түүнийг эх орон руу нь тэр дор нь эгүүлэн татсан. Харин одоо англичуудын хүнд суртал, хатуу занд “алгадуулсан” Монголын тал германчуудтай ойлголцох л үлджээ. Монголчууд Лондон биш, Берлиний зүг чих тавих хэрэгтэй болох нь.      

С.БАТТУЛГА

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж