”Роснефть”-ийн 75 хувийг худалдана

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

”Роснефть”-ийн 75 хувийг худалдана

Орос ирэх жил төрийн өмчийн компани “Роснефть”-ийн 15 хувийг худалдахаар төлөвлөж байна. Түүнчлэн тус улсын Эдийн засгийн яамны үл хөдлөх хөрөнгийн хэлтсийн дарга Алексей Уваров 2017 он гэхэд Роснефтийн 75 хувийг хувьчлах асуудал Засгийн газрын төлөвлөгөөнд тусгагдсан байгааг мэдэгджээ.

Харин компанийн үлдсэн 25 хувь нь Засгийн газрын мэдлийн “алтан” хувьцаа болж үлдэх ажээ.

Зах зээлийн одоогийн ханшаар бол, тус компанийн 15 хувь нь 14 тэрбум ам.долларын үнэлэмжтэй болж байна.

Орос улс “Роснефть”-ээс гадна төрийн өмчийн уул уурхайн компани “Алроса”, “VTB” банк зэрэг нийт 14 гол компанийг шат дараатайгаар хувьчлахаар төлөвлөж буй бөгөөд хувьчлалаар жилд нэг их наяд рубль буюу 36 тэрбум гаруй ам.доллар босгохоор тооцоолж буйг Уваров мэдээлсэн байна. Энэхүү хувьчлалын “аян”-ыг Ерөнхийлөгч Дмитрий Медведев эдийн засаг дахь төрийн эзлэх хүрээг багасгах бодлогоор Засгийн газарт үүрэг болгосон ажээ.

Роснефтийн хувьчлал дөхөж буйтай холбоотойгоор тус компанийн хувьцаа энэ жилийн хугацаанд 10 орчим хувиар өсч, нэгж хувьцаа нь 8,9 ам.долларт хүрчээ. Тус компанийн зах зээлийн үнэлгээ одоо 2.6 их наяд рубль байгаа юм.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж