“Тэнгис” кино театрт оройн 17 цагийн орчимд хүүхэд, залуусын хөлд дарагджээ. Учир нь кино сонирхогчдын дунд нэлээдгүй хүлээлт үүсгээд байсан “Микроны босс” уран сайхны киноны хоёрдугаар анги “Приусны босс” өчигдөр /2017.01.13/ нээлтээ хийж буй нь энэ.
“Милл” кино компани, “Hulegu pictures”, “Нүдэн фильм” нэгдлийн хамтран бүтээсэн “Микроны босс” уран сайхны киноны дараагийн ангийг хийж, олны хүртээл болгоод байна.
Тус киноны өмнөх ангид гол дүрд тоглосон жүжигчин Д.Баттөмөр буюу Батаа, С.Батзориг буюу Ишчүү, реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ нар дахин тоглосон. Мөн шинээр жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Батмаа, Б.Болд нар тогложээ.
2013 онд нээлтээ хийсэн “Микроны босс” киноны үргэлжлэл “Приусны босс” киноны зохиолч, найруулагчаар Д.Мөнхбат, продюсераар Н.Отгонбат, Д.Мөнхбат, Д.Баттөмөр нар ажилласан байна.
Ингээд “Приусны босс” киноны гол дүрд тоглосон жүжигчдийн сэтгэгдлийг хүргэе.
“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр: “Микроны босс” киноны давалгаа одоо ч явж байх шиг байна
-Шинэхэн уран бүтээлээ нээх гэж байгаадаа баяртай байна. “Приусны босс” кино маань танхим дүүрэн үзэгчтэй, кино театруудаар тасалбар нь дуусчихсан байна. Уг киноны нэгдүгээр анги болох “Микроны босс” үзэгчдэд нэлээд хүрсэн учраас түүний давалгаа явж байх шиг байна. Бид бүхэн зохиол, найруулга дээрээ их анхаарч, хоёрдугаар ангийг нь илүү хийхийг хичээсэн. Үзэгчид маань киногоо үзээд өөрсдийн сэтгэгдлээ хуваалцах байх гэж бодож байна. Дараагийн ангид автобусны босс хийгээд л явах байх даа. /инээв/ Монгол хүн амны билгээс ашдын билэг гэдэг сайхан зүйл зөгнөж явбал болох байх.
-“Приусны босс” киноны найруулагч Д.Мөнхбат: Приус машин моодонд орж байсан учраас дараагийн ангиа “Приусны босс”-оор хийсэн
-“Микроны босс” уран сайхны киноны хоёрдугаар ангиа нээж байгаад баяртай байна. Үзэгчдийн хүлээлт ч их байжээ. Энэхүү киноны хоёрдугаар ангийг хийх бодол байсан. Тэгээд сүүлийн үед приус машин моодонд орж байсан учраас энэ сэдвийг барьж, дараагийн ангиа хийхээр шийдсэн байгаа.
Реппер Gee: Зураг авалтын үеэр жижиг хэмжээний осол гаргасан
-Сайхан байна. Том зурагтаар өөрийгөө үзэх гэж байна. Энэ киноны зураг авалтын үеэр нэг приус машиныг мөргөсөн жижиг хэмжээний осол гаргасан. Зураг авалтын хувьд өнгөрсөн есдүгээр сараас хойш сэрүүн, хүйтэн нөхцөлд явагдсан. Миний хувьд задгай шилгүй машинтай учраас хүндрэлтэй зүйл гарсан. Гэхдээ гайгүй ээ гайгүй. Ямар ч байсан киноныхоо их ажлын ард гараад киногоо үзэх гэж байгаадаа баяртай байна.
-Соёлын тэргүүний ажилтан Ц. Цэрэнболд: Миний тоглосон дүрийг үзэгчид үзэж байж дүгнэнэ
-Дэлгэцийн шинэ уран бүтээлд оролцож, тоглосондоо баяртай байна. Миний тоглосон дүрийг үзэгчид үзэж байж дүгнэх байх гэж бодож байна. Үзэгчдэд таалагдвал сайхан байна. Таалагдахгүй бол дэмий л юм хийсэн болж таарах байх.
Жүжигчин С.Батзориг: Манай киноны зураг авалтын 80 хувийг шөнө авсан
-Манай “Микроны босс” хэмээх уран бүтээл аль хэдийнээ монголчуудын үзэх дуртай кино болсон байна. Уран бүтээлч бидний хувьд энэ л том шагнал. Хоёрдугаар ангид микро машинаа зараад приус машин худалдан авч, хөгжилтэй адал явдлууд хөвөрдөг. Бид машины уралдаантай, шөнийн зураг авалтууд их байсан. Энэ удаагийн киноны 80 хувьд шөнийн зураг авалт эзэлсэн байгаа. Нэгэн зорилготой, үе тэнгийн залуустайгаа гурван жилийн дараа хамтран тоглоход сайхан байлаа.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Э.ЭНХБАТ