Алмата хот “Универсиад”-д бэлэн

Хуучирсан мэдээ: 2017.01.17-нд нийтлэгдсэн

Алмата хот “Универсиад”-д бэлэн

КАЗАХСТАНЫ АЛМАТА ХОТНОО ӨВЛИЙН “УНИВЕРСИАД-2017” НААДАМ УДАХГҮЙ НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

 

УНИВЕРСИАД НААДМЫН ХУГАЦАА, ХЭДЭН ХҮН ОРОХ ВЭ?

Дэлхийн Оюутны Спортын өвлийн “Универсиад” 28 дугаар их наадам 2017 оны 1 сарын 29-ноос 2 сарын 8-нд Казахстан улсын Алмата хотноо Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ), Казахстан улсын Засгийн газрын ивээл дор зохиогдох гэж байна. Наадамд 5 тивийн 57 орны 3,000 тамирчид, төлөөлөгчид спортын 12 төрөлд оролцон, 10 өдрийн туршид  86 багц медалийн төлөө хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөнө. Наадамд ИДС-ийн өдрийн ангид суралцдаг, 17-28 насны оюутан тамирчид улс эх орноо төлөөлөн тухайн орны Оюутны спортын холбооны удирдлага дор оролцдог юм.

АЛМАТА ХОТ ӨВЛИЙН “УНИВЕРСИАД”-ЫН ЭРХ ХЭРХЭН АВСАН БЭ?

ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны Бельги улсын Брюссель хотноо 2011 оны 11 сарын 29-нд явагдсан хурлаар буюу 6 жилийн өмнө Дэлхийн оюутны спортын 28 дугаар зуны “Универсиад” их наадмыг Казахстаны Алмата хотноо зохион байгуулах эрхийг олгосон билээ.  Тэд Швейцарийн Вале хоттой өрсөлдсөн билээ. Хуучин ЗХУ-ын харьяанд байсан Казахстан улс 1991 оны 12 сарын 16-нд тусгаар тогтнолоо зарлаад 26 жилийн ой дээрээ ийнхүү дэлхийн оюутны спортын өвлийн “Универсиад” 28 дугаар наадмыг анх удаагаа эх орондоо зохион байгуулах болсон юм. Наадмын эрх авахад 2011 онд тус хотод Азийн өвлийн спортын 7 дугаар наадам болж байсан нь давуу тал болж байв.

 Ийнхүү бага олимп хэмээх “Универсиад” их наадмыг ЗХУ-д 1973 онд Москва хотноо, ОХУ-д 2013 онд Казань хотноо 2 удаа явуулж байсан бол анх удаагаа ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бусад 14 бүгд найрамдах улсуудаасаа анх түрүүнд Казахстан улс энэхүү наадмын эрхийг авч, зохиох болсон нь өнгөрсөн жилүүдэд тухайн орон нь улс төр, эдийн  засгийн хувьд ихээхэн үсрэнгүй хөгжиж байгаа илэрхийлсэн томоохон үзүүлэлт болж байгааг харууллаа.  Өвлийн "Универсиад- 2017" наадмын эрхэм зорилго бол дэлхийн оюутан залуучуудыг нэг дор нэгтгэн цуглуулж, олон үндэстэн угсаатны өв соёлыг таниулах, эв нэгдэл, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, спортоор өрсөлдөн шилдэг тамирчид, шинэ одуудыг төрүүлэн гаргаж, оюутны спортыг сурталчилах явдал юм.  

КАЗАХСТАН УЛС БА АЛМАТА ХОТ

Казахстан улс нь төв Азид оршдог, дэлхийд газар нутгаараа 9 байрт ордог улс юм. Нийтдээ 17 сая хүн амтай. Байгалийн баялаг, түүхий эд ихтэй улс юм. Эдийн засаг, нийгмийн хөгжлөөрөө төв Азийн орнуудын дотор тэргүүлэх байр суурьтай байдаг. Алмата хот нь 1997 оныг хүртэл Казахстан улсын нийслэл хот байсан юм. Алмата хотын нэр нь “алим” жимс гэсэн утгаар орчуулагддаг түүхтэй. Алмата хот нь одоо Казахстан улсын хамгийн их хүн амтай, эртний түүхэн хот бөгөөд эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын томоохон төв хот болон хөгжсөөр байна. Сүүлийн жилүүдэд Алмата хот эрчимтэй хөгжиж байгаа ба 2016 онд Алмата хот үүсэн байгуулагдсаны түүхт 1000 жилийн ойг тус улс, хотын иргэд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлжээ. Алмата хотод хэл ёс заншил, соёл, шашин шүтлэг зэргээрээ ялгаатай 100 гаруй үндэстний 1.7 сая хүн амьдардаг. Энэ хот нь Казахстаны  хамгийн цэвэр цэмцгэр, ногоон байгууламж ихтэй хотуудын нэг ажээ. Алмата хотод 9,0 гаруй гадаадын компани үйл ажиллагаа явуулдаг байна. Тус хотод 31 музей, 29 театр, 2000 гаруй ресторан, 60-н олон улсын зэрэглэлийн зочид буудалтай ажээ.

Алмата хот нь “Тянь Шань” мөнх цаст уулсын бэлд, байгалийн үзэсгэлэнд газарт оршдог ба далайн түвшинээс 800 метрт өргөгдсөн байна. Цаг уурын хувьд дулаан ба жил бүрийн 1 сард дунджаар -4-6 градусын хүйтэн байдаг. Тус хотод ЗХУ-ын үеэс алдартай өндөр уулсын дунд 1691 метрт орших мөсөн гулгуурын   “Медео” цэнгэлдэх хүрээлэнг 1972 онд ашиглалтанд оруулсан ба тус хотод очсон хүн бүрийн очиж үзэх дуртай газрын нэг болсон байдаг. Энэхүү цогцолбор нь 10,0 кв.м хэмжээтэй том байгууламж бөгөөд жил бүрийн 10 сараас дараа жилийн 5 сар хүртэл гулгаж болдог онцлоготой, Тяньшан уулсын хамгийн өндөрлөг хэсгийн дунд,  байгалийн үзэсгэлэнт газарт оршдог юм. Алмата хотын музейд эртний түүх архелоги, архитектур, соёлын дурсгалын үнэт зүйл олноороо байдаг. Алмата хотын  38 их, дээд сургуульд 137,000 оюутан сурч байна.

"АЛМАТА-2017" НААДМЫН СПОРТЫН ТӨРЛҮҮД

Казахстаны Алмата хотноо болох Универсиад наадам нь өвлийн спортын түүхэнд хамгийн олон буюу 12 спортын төрлөөр явагдах бөгөөд 57 орны 3,000 орчим төлөөлөгчид очихоор мэдүүлгээ өгсөн нь тус наадмын түүхэнд шинэ дээд амжилтыг тогтоосон үзүүлэлт болохоор байна. Учир нь өвлийн Универсиад наадам 1960 оноос хойш явагдсан түүхэндээ 2011 оны Туркийн Эрзурум хотноо болсон наадамд 53 орны баг тамирчид орж байсан бол Италийн Трентино хотноо 2013 онд болсон наадамд 2,668 төлөөлөгчид очиж тус тус дээд амжилт тогтоож байсныг Алмата-2017 наадам эвдэх төлөвтэй байна.

Наадам өвлийн Универсиадын албан ёсны үндсэн 8-н төрөл болох уулын цана, гүйлтийн цана, биатлон, сноуборд, кёрлинг, хоккей, уран гулгалт (уран сайхны гулгалт), шорт трекийн төрлүүдээр заавал зохиогддог. Үүнээс гадна  Казахстаны ЗБХорооны хүсэлтээр нэмж 4 төрлийг трамплин, цанын 2 төрөлт, тэшүүр, фристайлыг наадмын хөтөлбөрт оруулж явуулахаар болсон.

"АЛМАТА-2017" УНИВЕРСИАДЫН ТАНИХ ТЭМДЭГ БА БЭЛЭГДЭЛ

ОУОСХ-ны ивээл дор зохион байгуулагдаж буй аливаа оюутны спортын арга хэмжээний таних тэмдэг нь заавал "U" үсгийг  зайлшгүй багтаан оруулах  уламжлалтай.

Универсиад наадмын таних тэмдэг нь "Универсиад", Алмата,  "2017" гэсэн бичлэг болон ОУОСХ-ны брэнд болсон 5-н таван хошууг оруулан батлуулжээ. “U” үсэгний арын хэсэгт дэвэн нисч буй шувууны далавчын дүрсийг оруулжээ. Энэ нь оюутан залуучуудыг жигүүрээ дэлгэн нисч буй эрч хүчтэй, цог золбоотой байдлаар илэрхийлж, хөгжил дэвшил, өндөр дэвэн гарахыг бэлэгджээ. Таних тэмдэгийн өнгө нь Казах үндэстэний бэлэгдэл, төрийн далбааны өнгө болсон цагаан цэнхэр өнгийг Универсиадын таних тэмдэгт  шингээж өгсөн.

Наадмын бэлэгдлээр Казахстан улсын үндэсний билэг тэмдэг шонхор шувууг сонгон авчээ. Сэргэлэн, цовоо, хөгжилтэй шонхор шувууны гарт наадмын бамбарыг бариулан дүрсэлж, галын дөл бадарч, өөрийг нь  далавчаа дэлгэн, дэвэн дүйлэх байдлаар дүрсэлжээ. Шонхор шувуунд малгай өмсүүлж, хүзүүнд нь ороолт зүүлгэн ОУОСХ, наадмын таних тэмдгийг байрлуулсан нь өвлийн Универсиадыг харуулсан байна.

ОУОСХ-НЫ  ОЛОН ТӨРЛИЙН ХУРЛУУД БОЛНО

Их наадмын үеэр буюу ОУОСХ-ны Удирдах зөвлөл, Гүйцэтгэх хорооны хурал нь “Рахат” зочид буудлын цогцолборт 1 сарын 25-28-нд болно. Харин Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүдийн хурал 1 сарын 30-31-нд Алмата хотын Захиргаанд болно. ОУОСХ-ны эрдэм шинжилгээний их хурал 2 сарын 3-6-нд Алмата хотын Биеийн тамир, спортын академи дээр явагдах юм. Эрдэм шинжилгээний их хуралд 30 гаруй орны 150 эрдэм шинжилгээний илтгэл ирүүлсэн байна. Эдгээр илтгэл нь үндсэн ба салбар хорооны хурлаар хэлэлцүүлэгдэн бусад илтгэлийг ханын самбарт байрлуулан олон нийтэд дэлгэн харуулж, сурталчлан мэдээлэх юм.

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО БА БЭЛТГЭЛ АЖИЛ

Өвлийн Универсиадын Алмата 2017 наадмын бэлтгэл ажлыг Казахстан улсын Ерөнхийлөгч Н.Назарбаевийн зарлигаар 2012 онд байгуулагдсан Зохион байгуулах хорооудирдаж байна. Даргаар нь Казахстан улсын Ерөнхий сайдын орлогч И. Тасмагамбетов ажиллаж байгаа ажээ. ЗБХ-ны орлогч даргаар Алмата хотын дарга Бауыржан Байбек, Казахстаны оюутны спортын холбооны дарга К.Закыряанов, Гүйцэтгэх захиргааны даргаар Наиль Нуров нар ажиллаж байна.

Алмата 2017 Универсиадыг Казахстаны Ерөнхийлөгч Н. Назарбаев ойр ойрхон шалгаж, өөрийн биеэр очиж наадмын бэлтгэл ажилтай газар дээр нь танилцан үүрэг, чиглэл өгч ажилладаг. Наадмын бэлтгэл ажлыг Засгийн газрын түвшинд Боловсролын яам, Спортын яам, Засгийн газрын бусад гишүүд өөр өөрсдийн чиглэлийн ажлаа хариуцан, үйл ажиллагааг зохицуулан, Алмата хотын захирагаа дийлэнх ажлыг удирдаж байна.  

Наадмын өдөр тутмын ажлыг наадмын Гүйцэтгэх захиргаа хариуцаж, даргаар нь Алмата хотын захиргаанд олон жил ажилласан Н. Нуров томилогдон ихээхэн ажлыг амжуулдаг ба одоо тэмцээний Гүйцэтгэх захиргаа нь 500 орчим байнгын ажилтантай 10 гаруй газрын захирлуудтай үүргээ гүйцэтгэдэг. Универсиадын бэлтгэл ажлыг ОУОСХ-ны Ерөнхийлөгч О.В. Матыцин  болон хянан шалгагч нар, ОУОСХ-ны ажилтнууд, ОУ-ын өвлийн спортын мэргэжлийн хүмүүс хуваарийн дагуу шалгалт үзлэгээ байнга явуулж ирсэн. Одоогоор бэлтгэл ажил 98% тай хангагдсан. Бүх ажлууд хувиарын дагуу хийгдэж, үлдэж буй хугацаанд бүх ажлууд бэлэн болох аж. Наадмын тэмцээнийг Олон улсын спортын холбоодын томилогдсон 127 шүүгчид, ОУОСХ-ны техникийн хорооны хүмүүс, нийтдээ 600 шүүгч, дотоодын шүүгчид, техникийн ажилтанууд шүүн явуулна. ЗБХороо нь Универсиад наадмыг маш өндөр түвшинд, сайн зохиохоор амлав.

АЛМАТА  ХОТ ХӨГЖИЖ, ДЭД БҮТЭЦ НЬ САЙЖИРЧЭЭ

Универсиадын бэлтгэл ажлын хүрээнд Алмата хот танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн. Хотын гудамж, талбай, орон сууцны барилгууд бүгд өнгөө засчээ. Дэд бүтцийн чиглэлийн байгууламжууд болох засмал зам тавигдан зарим хэсэг нь шинэ уулзвар тавигдаж, замын дээгүүр болон доогуур нүхэн гарцнууд хийгдэж, хотын авто замын сүлжээг улам бүр сайжирчээ. Галт тэрэгний буудалд их засвар хийж, хуучин нисэх буудлыг өргөтгөн, нислэгийн зурвасыг нэмэгдүүлсэн байна.

"УНИВЕРСИАД"-ЫН ТАМИРЧДЫН ТОСГОН

Универсиадын тамирчид нэг дор байрлана. Энэхүү тосгон нь нэг дор 5,000 хүнийг хүлээн авна. Тосгонг шинээр барьж, 2016 онд ашиглалтанд оруулжээ. Тосгон нь 21,5 га газарт баригдаж, 23,977,66 кв.м талбайгаас энэхүү байгууламж бүрджээ. Тамирчдын тосгон нь 1 сарын 24-нд нээгдэж, 2 сарын 10-нд хаагдана. Тосгон дотроо 2 үндсэн хэсэгтэй, олон улсын төв ба амьдрах байруудын хэсэг гэж хуваагдана. Тосгоны барилгууд 25 том, жижиг байруудтай ба үүнээс 15 давхар 8 байшинд тамирчид амьдрана. Тосгонд цагдаа, эмнэлэг, банк санхүү, худалдаа, үйлчилгээ зэрэг бүх төрлийн газруудтай ажээ.

Наадмын дараагаар энэхүү тосгоныг Алмата хотын их, дээд сургуулиудын оюутнуудын нэгдсэн хотхон болгож, оюутнууд амьдрах байгууламж болох юм. Тосгонд тамирчдын бие халаалт хийх задгай цэнгэлдэх хүрээлэн, усан бассейн, тренежерийн заал, бэлтгэлийн төвүүдийг оролцуулан байгуулжээ. Тамирчдын тосгонд байрлах “Олон улсын төв”-д ОУОСХ-ны удирдлагын төв байрлан, тамирчдыг ЗБХ-ноос хүлээн авах, бүртгэх төвүүд байрлаж наадамд оролцох эрхийг ОУОСХ-ны хяналтын хорооноос олгоно.

НААДМЫН СПОРТЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖУУД

Өвлийн спортын 8-н цогцолбор барилга байгууламжид спортын тэмцээнүүд явагдана. Наадмын үйл ажиллагаанд шаардлагатай байсан 3-н спортын барилгыг шинээр барьж байгуулжээ. Зарим спортын ордон, заалыг өргөтгөн засч, тохижуулж бэлтгэсэн юм. Алмата хотноо “Алмата Арена” 12,000 хүний суудалтай спортын ордон, “Халык Арена” хэмээх хоккейн ордон нь 3,000 хүний суудалтай их танхим, 300 суудалтай бага хоккейн заалтай юм. Тамирчдын тосгонг 5,000 хүний ортой шинээр баригджээ. Эдгээрээс хамгийн том байгууламж нь 12,000 хүний суудалтай “Алмата Арена” бөгөөд үүнд наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагааг зохион байгуулахаас гадна их танхимд нь уран гулгалт, бага танхимд нь кёрлингийн тэмцээнийг явуулна.  Энэ байгууламж нь  олон улсын стандартыг бүрэн ханган 2016 онд баригдсан байна. Энэ төвд төрөл бүрийн спорт, урлаг, соёл, худалдааны арга хэмжээнүүд явагдах олон төрлийн зориулалтай баригдсан хамгийн том байгууламж ажээ. 

Эдгээр спортын барилга, байгууламжаас гадна уулын цанын “Шымбулак” бааз,  цана, биатлоны “Алатау” цогцолбор, “Балуан Шолак” спортын ордны их танхимд эмэгтэй хоккей, бага танхимд шорт трекийн төрлийн тэмцээнүүд болно. Алмата хотын захад ойрхон орших олон улсын трамплины төв “Сункар”-т трамплин, цанын 2 төрөлтийн тэмцээний харайлтууд явагдана. “Табаган” өвлийн спортын төвд сноуборд, фристайлын төрлийн зарим тэмцээнүүд болно.  Өнгөрсөн 6 жилийн дотор эдгээр төвүүдэд Казахстаны УАШТэмцээнүүд, Европ, дэлхийн аварга, оюутны ДАШТэмцээнүүдийг удаа дараа явуулж, олон улсын туршилт, арга хэмжээг явуулж байсан юм.

НЭЭЛТ, ХААЛТЫН ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА

Универсиадын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа Алмата хотноо “Алмата Арена” 12,000 хүний суудлатай спортын ордонд болж Казахстаны алдарт хөгжмийн зохиолчид, уран бүтээлчид, алдартай найруулагчын удирдсан менежментийн баг наадмын ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах эрхээ авчээ. Наадмын нээлтийн ёслол нь  1 сарын 29-нд 19:00 цагаас эхлэнэ. Нээлтийн үеэр Казахын ард түмний соёлын түүхэн өв, уламжлалыг харуулсан үзүүлбэрүүд, үндэсний болон орчин үеийн урлагийн тоглолт, дуу, хөгжим тоглох ба спортын төрлүүдийг харуулсан арга хэмжээг үзүүлэх юм. Бусад ёслол нь  ОУОСХ-ны протоколын дагуу явагдна. Энэхүү ордонд байрлуулсан тусгай саван дотор “Универсиад”-ын галыг асаах ба наадмын турш бадамлан асах ажээ. Хаалтын ажиллагааг  2 сарын 8-ны өдрийн 19:00 цагт явуулж Казахын эстрад, урлагийн одууд оролцсон залуусын дуу хөгжим, шоу наадмын арга хэмжээ зохиохоор төлөвжээ.

АЛМАТА ХОТНОО СОЁЛЫН "УНИВЕРСИАД" БОЛНО

Наадмыг зөвхөн спортын арга хэмжээ бус соёлын “Универсиад” болгоно хэмээн Алмата 2017 Универсиад наадмын зохион байгуулагч нар амлаж байна. Универсиадын үеэр тамирчдын тосгонд болон хотын соёл, үйлчилгээний бүх газруудад зочид төлөөлөгч нарт зориулан бэлтгэсэн урлагын наадам, тоглолт, үндэсний урлагийн болон циркийн үзүүлбэр, кино гаргах, музей түүх дурсгалын газрууд үзүүлэх төрөл бүрийн хөтөлбөр гарган бэлтгэсэн байна. Наадамд зориулан Казах үндэсний эртний өв уламжлал, авьяас чадварыг харуулсан цуврал тоглолтуудыг соёл, урлагийн газруудад явуулах юм.

НААДМЫН ГАЛТ БАМБАРЫН АЯЛАЛ

Наадмын бамбарын аялал нь Астана хотоос гараагаа 1 сарын 25-нд эхлэнэ. Бамбар нь Казахстаны зэрэг 16 мужаар дамжин Алмата хотноо хүрнэ. Энэ хугацаанд нутгийн засаг захиргааны нэгж, газруудаар аялуулан наадмын нээлт болох Алмата хотын “Алмата арена”-д галт бамбар 1 сарын 29-д хүрэлцэн ирж, 100 гаруй хүний гар дамжин бамбарын аялал энэ хотод болно. Бамбарыг угтсан болон ирэх үеэр нь тухайн газруудад олон төрлийн баярын арга хэмжээнүүд зохион байгуулан явуулж, шилдэг тамирчид, иргэд, оюутан залуус бамбарын аялалд оролцоно. Бамбар 22,500 км газар туулах ба “ Айр Астана” онгоцоор нисч мужуудаар болон томоохон хот, газруудаар дайран өнгөрөх юм. Наадмын галт бамбарыг дамжуулахаар олон алдартай хүмүүс, олимп, дэлхийн аварга тамирчид зохион байгуулагч нар нэрсээ ЗБХ-д өгчээ. Наадмын бамбарын аялалд оролцсон хүмүүст дурсгал болгон сертификат гардуулах ажээ. Бамбарын аялал нь 1 сарын 25-нд Астана хотоор аялалаа эхлэх болох дараах өдрүүдэд доорх хотуудаар аялана.Үүнд:

  • Нэгдүгээр сарын 26-нд Усть-Каменогорск, Павлодар, Кокшетау, Петропавловск, Костанае, Караганде хот;

  • Нэгдүгээр сарын 27-нд Актобе, Уральск, Атырау, Актау хотод очино;

  • Нэгдүгээр сарын 28-нд Кызылорд, Шымкент, Тараз, Талдыкорган хот;

  • Нэгдүгээр сарын 29-нд Алмата хотноо Аль-Фарабигийн нэрэмжит Казахстаны үндэсний их сургуульд ирж тус хотоор аялан нээлтийн ажиллагаа болох “Алмата Арена”-д очих хөтөлбөртэй байгаа юм.

НААДАМД ОРОЛЦОХ ЗАРИМ ОРНЫ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Наадамд ирэх орнуудын дотроос БНХАУ-ын баг 119 тамирчидтай 12 спортын төрөлд бүхэлд нь оролцоно. ОХУ, Казахстан, БНСУ, АНУ, Канадын багууд хамгийн олон төлөөлөгчидтэй орнуудын тоонд орж, бүх төрөлд өрсөлдөхөөр мэдүүлгээ гаргажээ. Итали  улс 62 тамирчидтай энэ наадамд хүчээ сорих бол Монголын баг цана, тэшүүрийн 2 төрөлд 10 тамирчинтай энэ наадамд төлөөлөгчидөө илгээж байна.

"УНИВЕРСИАД"-ЫГ 1000 ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД СУРВАЛЖИЛНА

“Алмата товер” байрлах олон улсын хэвлэлийн төвд 30 орчим орны 1000 гаруй сэтгүүлч, хэвлэлийн  ажилтан нар сурвалжлан ажиллана. Энэ төвд нэгэн зэрэг 300 хүн ажиллах боломжтой ажээ. Телевизийн дамжуулах төвд 200 хүн ажиллах багтаамжтай гэнэ. Тэд олон улсын хэвлэлийн төвд ажиллаж өдөр, цаг тутамд мэдээлэлээ дэлхийн 80 гаруй орны 1 тэрбум телевиз үзэгч, олон нийтэд хүргэхээр зориж байна. Олон улсын хэвлэл мэдээллийн төвд гадаадын 300 гаруй сэтгүүлч нар ажиллана. Их наадмын үйл ажиллагааг гадаадын олон орны Евроспорт, ССТВ, Матчспорт зэрэг томоохон телевиз, сувгууд шууд дамжуулан, олон мэдээллийн агентлагууд ирэхээр гэрээ байгуулжээ.

ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ХАРУУЛ ХАМГААЛАЛТ

Универсиадын ЗБХороо нь Казахстаны “Вираж” компанитай автомашин, автобусаар төлөөлөгчдөд үйлчлэхээр гэрээ байгуулан бэлтгэжээ. Эдгээр машинуудад Универсиадын лого, бэлэгдлийг байрлуулсан байна. Тамирчидын тээврийн асуудлыг 400 хүний бүрэлдэхүүнтэй жолооч нарын баг гүйцэтгэнэ. Тэд тэмцээн, бэлтгэлийн байр, үзвэр соёлын зэрэг газрууд руу 50 орчим чиглэлд төлөөлөгчдийг хүргэн ажиллах ажээ. Наадмын аюулгүй байдал, харуул хамгаалалтыг 6,500 гаруй цагдаа, цэргийн хүчин хамгаалан зогсохоор болж, олон арван аюулгүй байдлын техник хэрэгслийг ашиглахаар бэлтгэжээ. Наадмын тэмцээний орох, гарах хэсгийг өндөр зэрэглэлийн хамгаалалтанд тусгай албаны хүмүүс ажиллан мандат, билетээр нь шалган оруулах ажээ.

ЭМНЭЛЭГ, ДОПИНГИЙН ТЕСТ АВНА

Наадмын үеэр тамирчидын тосгонд эмнэлгийн 24 цагаар ажиллах поликлиник байгуулан, тамирчидад үйлчилнэ. Алмата хотын нэр бүхий 8 эмнэлэг, түргэн тусламжын төвүүд бэлэн байдалд ажиллаж үйлчилгээг ойролцоо тэмцээний газруудаас ирсэн тамирчидад үйлчилнэ. Мөн тэмцээн, бэлтгэлийн газруудад эмч, сувилагч нар анхан шатны үйлчилгээг үзүүлнэ. Тэмцээн, бэлтгэлийн газар бүрт эмнэлгийн пункт ажиллана. Наадмын үеэр Казахстаны допингийн эсрэг төвөөс ОУОСХ-ны эмнэлгийн албатай хамтран сорил авах ажлыг хийнэ. Бүх тэмцээний газруудад допинг авах байр ажиллуулна. Сорилыг олон улсад бүртгэлтэй тусгай лабораторид үр дүнг гаргана. 

"УНИВЕРСИАД"-ЫН ТҮНШҮҮД

Универсиад наадмын албан ёсны  түнш байгууллагаар “Айр Астана” нисэхийн компани, банкны үйлчилгээг Астана банк, “Coca Cola” ундаа, усны компани, “Samruk Kazyna”, “TechnoDom”, “Demeu Food” компани, “МЕГА” компани, “Technogym” фитнес, “Kcell” харилцаа, холбоо зэрэг хэд хэдэн томоохон байгууллагууд хамтран ажиллаж байна. Түүнчлэн компани 30 орчим үйлдвэр, газрууд албан ёсны түншээр ба хамтран ажиллагчаар компаниуд орж байна.

НААДМЫН ХУВААРЬ ГАРЧ, БАГИЙН СУГАЛАА БОЛЖЭЭ

Наадмын 12 спортын бэлтгэл болон тэмцээний цагийн хуваарь аль хэдийнээ гарч www.almaty2017.com вэб сайтанд нь байрласан байна. Наадмын тэмцээнүүд 1 сарны 28-ны өдрөөс эхлэнэ. Оролцох төлөөлөгчдийн ахлагч нарын хурал 2016 оны 9 сарын 14-18-нд Алмата хотноо болсон ба 30 гаруй орны төлөөлөгч нар оролцсон багийн ахлагч нарын хуралд сууж, наадмын талаар урьдчилсан мэдээллээ авчэ. Энэ хурлын үеэр наадмын бэлтгэл ажлын явц, байдлыг газар дээр нь танилцуулан тэмцээн болох газруудыг үзүүлжээ. Энэ үеэр наадамд оролцох багийн спортын төрлүүдийн сугалаа хоккей, кёрлингийн төрлүүдээр болсон байна.  

ТАМИРЧДЫН ХООЛОНД АНХААРЧ БАЙНА

Наадмын үеэр тамирчид 24 цагаар үйлчлэх, нэг ээлжиндээ  1000 хүн хүлээн авах хүчин чадалтай хоолны газарт тамирчдыг хооллуулна. Баг тамирчдын захиалгын дагуу тэмцээний тэмцээний газар луу “Ланч бокс” бэлтгэн явуулах үйлчилгээ гарчээ. Мөн зохион байгуулагч, сайн дурын ажилтан, харуул хамгаалалтын ажилтанууд, жолооч, спортын ордон байрны техникийн болон үйлчилгээний ажилтануудыг нэг өдөрт 3 удаа хооллохоор хангах ажлыг зохион байгуулсан байна. Хоолны амт, чанар, аюулгүй байдлыг ихээр анхаарч байгаа юм. Хоол бэлтгэх үйл ажиллагаанд 70 гаруй компани байгууллагууд оролцож байна. Наадмын үеэр 400 гаруй нэр төрлийн Европ, Ази, Казах, Халал, цагаан хоолоор тамирчидийг дайлах юм.

САЙН ДУРЫН АЖИЛТАН

Универсиад-2017 Алмата наадамд сайн дураараа ажиллахаар дэлхийн 20 гаруй орны болон Казахстаны 16 мужаас 24,000 оюутнууд  онлайнаар бүртгэл, хүсэлтээ явуулснаас ярилцлага, шалгалтанд  тэнцсэн 3,000 сайн дурын ажилтан, оюутнуудыг шалгаруулан авчээ.  Универсиад наадмын Гүйцэтгэх захиргааны дэргэд Сайн дурын ажилтан нарын хороо байгуулагдан сонголтоо хийжээ. Сайн дурын ажилтанууд 40 гаруй чиглэлийн ажил, үйл ажиллагаанд оролцохоор хуваарилагдсан байна. Үүнд: баг тамирчдтай ажиллах, тосч аван үдэн гаргах, хүндэт зочид, тамирчдын тосгон, нээлт хаалтын ажиллагаа, мандат бүртгэл, хэвлэл мэдээлэл зэрэг олон хэсэгт хуваагдан ажиллана.  Тэд “Универсиад”-ын өмнө Алмата хотноо болсон олон арван сорилт тэмцээнүүд дээр ажиллаж, хэлний сургалтанд сууж туршлага хуримтлуулсан байна.   

БИЛЕТИЙН БОРЛУУЛАЛТ САЙН БАЙНА

Наадмын билетийн үнэ спортын төрөл, урьдчилсан ба шигшээ тоглолтоос шалтгаалан 300-3,500 тенге байна. Нэг ам доллар нь 338 тенге тэнцэнэ /2016 оны 9 схрын байдлаар/ Зохион байгуулагч нар иргэд ялангуяа оюутан залуусыг тэмцээн, наадмыг өргөнөөр үзүүлэх боломжыг нээж сугалаат билет зарж эхэлжээ. Сугалааны хонжворт гадаадад явах эрхийн бичиг, 2 өрөө байрны хонжвор ч байгаа юм. Нээлт, хаалтын ёслолын арга хэмжээний билет нь 15,000 тенге гэнэ. Эрэгтэй хоккей, уран гулгалт, цана, биатлон, кёрлинг зэрэг спортын шигшээ тэмцээний билет эрэлт хэрэгцээ өндөр байна. Учир нь Сочи 2014 олимпийн наадмын хүрэл медальт, Казахстаны эрэгтэй уран гулгагч Денис Тений үзүүлбэрийг олон нийт ихээхэн сонирхож байгаа гэнэ. Түүнчлэн Казахстаны эрэгтэй хоккейн баг наадмын шигшээд шалгарах хүчтэй баг тул өөрийн дэвжээн дээрх аваргын төлөө тоглолтыг олон мянган  үзэгчид ирж үзэж сонирхохоор төлөвлөжээ. Зохион байгуулагч нар олон зуун мянган билет борлуулахаар төлөвлөсөн ба билетийн борлуулалт сайн байгаа юм. Наадмыг Казахстан болон хөрш зэргэлдээ төв Азийн орнууд, ОХУ-ын олон хот, газруудаас ирсэн 30,000 үзэгчид, жуулчид зохион байгуулалтай үзэхээр болжээ.

"УНИВЕРСИАД"-ЫН ӨВ ҮЛДЭНЭ

Өвлийн Универсиад- 2017 наадмын ач буянаар Алмата хот дэлхий нийтэд өөрийгөө таниулах сайхан болж нээгдэж байна. Алмата хот нь дэлхийд улам бүх нээлттэй болж, олон улсын өвлийн спортын төв болж өргөжин хөгжих бололцоотой болно. Цаашид Универсиадад зориулан барьсан спортын барилга байгууламжууд нь 2026 оны өвлийн олимпод Алмата хотыг нэр дэвшихэд ихээхэн туслалцаа үзүүлэх юм. Учир нь Алмата хот 2022 оны өвлийн олимпийн эрхийн төлөө БНХАУ-ын Бээжин хотноо 4 саналын зөрүүтэй ялагдал хүлээж байсан юм.  Наадамд зориулан барьсан 5,0 оюутны хотхонд Алматагийн ИДС-ийн оюутнууд үргэлжүүлэн амьдрана. Алмата хот дэлхийн наадам зохион байгуулах асар их практик туршлагатай болж үлдэнэ. 

Универсиад наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг
www.fisu.net болон www.facebook.com/mongolianstudentsportsfederation хаягаар орж үзнэ үү.

Гавьяат дасгалжуулагч, доктор Д.ЖАРГАЛСАЙХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж