Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй редакторууд нэгдэн өнөөдөр /2017.01.17/ клуб нээлээ. Редакторуудын клубийнхэн нийгэмд бугшсан асуудлыг хөндөн гаргаж, сэтгүүлч уран бүтээлчдийн хүчийг тэр зүгт хандуулахын дээр төр засгийн хийж хэрэгжүүлж буй ажлын алдаа оноог дэнслэн, болж бүтэж байгааг нь дэмжих үүднээс клуб байгуулж байгаа юм. Тус клубын гишүүдийн анхаарлаа хандуулж буй эхний асуудал Улаанбаатар хотын утаа. Редакторууд бүтэн жилийн турш утааны асуудлыг хөндөн бичих бөгөөд хэвлэл, мэдээллийн бүх редакци утааг бууруулах, улмаар арилгах гарцыг хамтдаа хайж байгаагаараа онцлог юм. Гадаадын улс орнуудын утаанаас ангижирсан туршлага хийгээд эрдэмтэн мэргэдийн судалгаа, зөвлөгөө, хөндлөнгийн дүгнэлт, мэргэжлийн байгууллагуудын хийж хэрэгжүүлж байгаа ажил, Засгийн газар, нийслэлийн удирдлагуудын мөрийн хөтөлбөрийн биелэлт гэхчилэн утааг арилгах боломж руу бүх хүмүүсийн анхаарлыг хандуулахыг редакторууд чухалчилж байна. Юун түрүүн Агаар орчны бохирдлыг бууруулах онцгой хорооны дэргэд Олон нийтийн зөвлөл байгуулж, тэрхүү зөвлөлд хэвлэл мэдээллийнхэн, тэр дундаа “Редакторуудын клуб”-ийн гишүүдийг оролцуулах байдлаар хамтран ажиллах саналыг Засгийн газарт уламжлах юм.
Хэвлэлийн салбар дахь редакторуудын хөндөн тавих асуудал ганц утаагаар хязгаарлагдахгүй. Цаашид төрийн албаны халаа сэлгээ, намаас үүдэлтэй хагарал гэхчилэн Монголын нийгэмд анхаарал татсан асуудлыг системтэйгээр, тууштай хөндөх юм байна.
Д.ЦЭЭЛ