-Барак Обама төгсгөлийн үгэндээ Орос, Хятад хоёрыг АНУ-ын өрсөлдөгчөөр нэрлэжээ-
Хамгийн анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтоны тогтоож өгсөн уламжлалын дагуу АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама төрийн тэргүүнийхээ хувьд сүүчийн үгээ улс орондоо хандан хэллээ. АНУ-ын түүхэн дэх африк гаралтай америк анхны ерөнхийлөгчийн үгийн гол утга санаа нь албан ёсоор ардчиллыг хөгжүүлэн дэмжихэд бүх иргэд эрх тэгшээр оролцох тухай байсан юм. Үнэн хэрэгтээ Обама одоо хамгийн чухал болоод байгаа нийгмийн хагарал, хөндийрлийн талаар ярьжээ.
Бусад олон ерөнхийлөгч нарын адил тэрбээр үгээ Цагаан ордноос биш АНУ-даа хамгийн томд орох Чикаго хотын конгресс төвөөс хэллээ. 2008 оны сонгуульд ялсан ялалтаа ч багийнхныхаа хамт тэнд тэмдэглэсэн түүхтэй. Сүүлчийн үг нь тэр ялалтын шөнө сонсогдож байсан U2 хамтлагийн "City Of Blinding Lights» ("Гялбам гэрэлт хот») дууны ая эгшиглэсэн өмнөх жаргалтай мөчийнх нь дурсамж болов.
Сүүлчийн үгийг нь сонсохоор ирсэн хэдэн мянган хүмүүс нэлээдгүй урт хугацаагаар түүнд ярих боломж өгөлгүй уухайлан алга ташиж байлаа. “Дахиад дөрвөн жилдээ үлдээч” гэсэн үг ч сонсогдож байв. Обама тэгж болохгүйг хэлсэн юм. Харин тэр өмнө нь CNN телевизид ярихдаа, Хэрэв Дональд Трамптай өрсөлдсөн бол ялах байсан гэдэгтээ итгэлтэй байлаа. Эцэст нь тэр шууд нэвтрүүлэг явж байгаа учраас цагаа барихыг сануулаад яриагаа “Би “хазгар нугас” гэдэг нь шууд л ойлгомжтой учраас хэн ч миний зааврыг авахаа больжээ” гэсэн шоглоомын үгээр үгээ эхэллээ.
Ерөнхийлөгч болохын өмнө сенатор нь байсан Иллинойс муж Чикагохот амьдралд нь чухал байсныг тэр дахин сануулав. Тэр дөнгөж 20-тойдоо энд ирсэн, улс төрийн карьераа энд эхэлсэн, энд л “ердийн хүмүүс”ухамсарлан нэгдэж зорилгодоо хүрэх цагт өөрчлөлт шинэчлэл хэрэгтэйг Обама ойлгосон гэлээ. Өөрчлөлт шинэчлэл, хөгжил нь энгийн хүмүүсийн идэвхитэй оролцоогүйгээр явахгүй гэсэг санаа түүний сүүлчийн үгийн гол утга нь байлаа.
Амьдрах, эрх чөлөөтэй байх, эрх, аз жаргалын төлөө эрмэлзэх нь ойлгомжтой ч тэр бүтэн аяандаа бүтдэггүй, харин “Бид, ард түмэн манай ардчилсан механизмын тусламжтайгаар илүү төгс холбоог бүтээж чадна”хэмээн Обама итгэлээ илэрхийлэв.
Ерөнхий үнэт нэгэн зүйлст үндэслэсэн үндэстнээ бүтээх үйл ажиллагааны үеийг дурьдахдаа Обама хоёр чухал утсыг хөндөв. Цагаачлалыг ярихдаа дүрвэгсэд зөвхөн “далайн чанадаас” ирээгүй бас Рио-Грандын зүгээс ирсэн мексикчууд, латин америкчууд байсан гэлээ. Бас сексийн цөөнхийн эрхийн төлөөх тэмцлийг дэлхийн дайны Норманд, Ивозима, өнгөөгийн Ирак, Афганистанд дайтаж байсан цэргийн баатарлаг эр зоригтой зүйрлүүлэв.
Дараа нь Обама өөрийн ололт амжилтаа дурьдлаа. Америк их зогсонги байдлыг туулна, өөрийн авто аж үйлдвэрийг дахин ажиллуулна, Кубын ард түмэнтэй харилцааны шинэ хуудсыг нээнэ, эдийн засгийн түүхэнд ажлын байрны хамгийн урт хугацааны өсөлтийг гаргана, буун дуу гаргалгүйгээр Ираны цөмийн хөтөлбөрийг зогсооно, 2001 оны оны есдүгээр сарын 11-ний террорыг үндэслэн өдөөгчийг устгана, эмнэлэгийн даатгалд 20 сая хүнийг хамруулна гэх мэтээр найман жилийн өмнө хэлж байсан бол түүнийг хэрээс хэтэрсэн зүйл ярилаа гэж буруутгах байсан биз.”Бид үүнийг хийсэн, Та нар түүнийг бүтээсэн, та нар өөрчлөлт болцгоосон” гэж тэр өөрийн ололтыг сонгогчтойгоо хуваалцлаа.
Ардчиллын байдлыг тэрбээр дараагийн удаад онцлов. Ардчилалд гурван үндсэн аюул учраад байгаа гэж тэр үзлээ. Нэгдүгээрт, эдийн засаг ба чинээлэг амьдрал гэв. Энд бас өөрийн гавъяагаа хэлэн эдийн засгийн тэнцвэргүй байдалтай тэмцэх ёстойг анхаарууллаа. Ардчиллын хоёр дахь аюул нь үндэстэн ястны харилцааны асуудал гэнэ. Энэ талаар байдал сайжирсныг Обама дахин хэлж байлаа.
Дараагийн том аюул нь терроризм гэж тэр үзлээ. “Исламын улс” гэх үзэгдэлтэй тэмцэх талаар дэлгэрэн задлан яриагүй ч Ерөнхийлөгч болгоомжтойгоор нэг зүйлийг дуулган Орос, Хятад хоёр АНУ-ын гол өрсөлдөгч гэхдээ Америк өөрийн сонголтоо барьж байгаа цагт тэр хоёр биднийг гүйцэхгүй гэлээ.
Ардчиллын гол аюулуудыг нэрлээд Обама тэдэнтэй тэмцсэн ололтоо хэлэхээ мартаагүй. Энэ чиглэлээр цаашид хэрхэн ажиллах талаар зөвлөхдөө байнгын хувийн оролцоо хэрэгтэй гэсэн байлаа.
Ерөнхийлөгч үгийнхээ төгсгөлд өөрийн эхнэр Мишель Обама, дэд ерөнхийлөгч Жо Байден, өөрийн багийнханд, мөн америкчуудад талархлаа дахин дахин илэрхийлээ. “Тийм ээ, бид чадна. Тийм ээ, бид чадлаа, Тийм ээ, бид чадна” гэсэн уриагаар 44 дэх Ерөнхийлөгч салах ёслолоо төгсгөлөө.
Гэллапын хүрээлэнгийн явуулсан шинэ санал асуулгын дүн Обамагийн үйл ажиллагааг америкчуудын талаас илүү хувь дэмжиж байгааг харууллаа.
Төрийн тэргүүний албан тушаалаа орхиж байгаа Ерөнхийлөгч Барак Хусейн Обамагийн нэр хүндийн чансаа 58 хувийн дэмжлэгтэй байгаа бол тэргүүн хатагтай Мишелийн чансааны үзүүлэлт 68 хувь хувь хүрчээ. Нэгдүгээр сарын 4-8-ны хооронд АНУ-ын 1032 иргэний дунд явуулсан санал асуулга дээрхи үзүүлэлтийг гаргажээ. Санал асуулгад зөвхөн насанд хүрэгчид хамрагджээ.
Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр, Обамагийн чансаа сүүлийн үед ялимгүйгээр унажээ. Дональд Трамп сонгуульд ялсны дараа Обамагийн чансаа бага зэрэг өсөн 62 хувьд хүрсэн байна. Тэрбээр анх ерөнхийлөгч болсон үед чансаа нь 69 хувь болон оргилдоо хүрсэн байлаа. Энэ санал асуулгаар дэд ерөнхийлөгч Жозеф Байден 61 хувийн дэмжиглэгтэй байж чаджээ.
Ш.МЯГМАР