Эмнэлгүүд хүүхдийн тасгаа өргөтгөж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.01.17-нд нийтлэгдсэн

Эмнэлгүүд хүүхдийн тасгаа өргөтгөж эхэллээ

ХУРЛЫН ЗААЛ, ХУВЦАСНЫ ӨРӨӨГ ЗАСЧ, ХҮҮХДИЙН ТАСАГ БОЛГОЖЭЭ
 

“Саяхныг хүртэл ханиадтай хүүхдээ тэвэрсэн ээжүүд энэ урт коридоор эгнэн хэвтдэг байлаа” хэмээн Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгийн чанарын менежер М.Энхцэцэг ярив. Харин өнөөдөр тэр коридорт эмчлүүлэгчид байх шаардлагагүй болжээ.

Энэ мэтчилэн ханиад томууны ид дэгдэлтийн үед эмнэлгүүдийн ачааллыг хуваалцах зорилгоор хүүхдийн ор нэмж, шинээр тасаг байгуулсан хоёр жишээг бид өнөөдөр онцлон сурвалжиллаа.

Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн нэгдсэн эмнэлгээс сурвалжлагыг бэлтгэв.

Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг өмнө нь ба одоо

ХҮҮХДИЙН ШИНЭ ТАСАГ 30 ОРТОЙ
 

Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг 30 ортой шинэ тасгийг нээн, ашиглаж эхэлжээ.

Өнөөдөр /2017.01.17/ 11.00 цагийн үед очиход коридорт ямар ч өвчтөн харагдсангүй. Өмнө нь ачааллаа 50 гаруй хувиар нэмж ажиллаж байсан уг эмнэлгийн хувьд одоо харьцангуй байдал сайжирчээ. Энэ нь хүүхдийн тасаг шинээр нэмсэн, мөн хүүхдүүдийн амралт эхэлсэнтэй холбоотой гэж эмч нар тайлбарлав. 

Хүүхдийн тасаг болгон тохижуулсан хэсэгт өмнө нь хоёр хурлын заал, хувцасны болон өлгүүрийн өрөө байжээ. Энэ өрөөнүүдийг суллаж, 30 ортой шинэ тасаг байгуулсан байна.

М.Энхцэцэг “Нэг үеэ бодвол ханиад, томуугийн тархалт арай гайгүй болж, ачаалал багассан. Гэхдээ ирсэн хүүхдүүд хүндрэл ихтэй. Уушгины доод замын хүндрэл, хатгаатай ирж байна. Цаашид сургууль, цэцэрлэг орохоор нөхцөл яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй. Тиймээс бид эм, тариа, орны нөөцөө бэлдсэн. Одоо нөөцөнд 100 гаруй ор бий. Манай эмнэлэг 22 эмч, 40 орчим сувилагчтайгаар ажиллаж байна. Ханиад томууны хүндрэлийн үед хүүхдийн чиглэлээр сурч буй резидент эмч, сувилагч нарыг нэмэлтээр ажиллуулж байгаа. Мөн жижүүрт хоёр эмч гардаг байсныг дөрөв болгож нэмсэн. Ачааллаа дотооддоо сайн зохион байгуулж байна. Мөн эрүүл мэндийн төвийн амбулаторийн хүүхдийн дөрвөн эмчийг амралтын өдөр нэмэлтээр ажиллуулж байгаа. Дүүргийн хэмжээнд хүүхдийн түргэний эмч гэж байдаггүй. Өрхийн эмнэлэг хагас сайнд ажиллана. Бүтэн сайнд ганцхан манай эмнэлэг ажилладаг тул энэ үеэр ачаалал нэмэгддэг” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг /2017.01.17/

Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг /2017.01.17/

Ханиад, томуугийн тархалт нэмэгдэж, аюултай түвшинд хүрсэн энэ үед тус эмнэлгийнхэн өөрсдөө, дотооддоо зохион байгуулалтаа хийж, ийн хүндрэлгүйгээр ажиллаж болж байна. Мөн ачаалал ихтэй нөхцөл байдлыг ойлгон, хувь хүн, албан байгууллагууд эмнэлэгт тусламжийн гараа сунгаж эхэлсэнд талархлаа илэрхийлж байлаа. Тухайлбал, УИХ-ын нэр бүхий гишүүд Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт ус цэвэршүүлэгч, дулаан хөнжил, хөшиг зэрэг хэрэгцээтэй зүйлсийг хандивлажээ. Мөн “Бяцхан агаар 100” нэгдлийн залуус зургаан ширхэг агаар цэвэршүүлэгч, хувь хүмүүс нэгдэн хүчилтөрөгч өтгөрүүлэгч, Монголын Улаан загалмайн нэгдлээс 60 ширхэг хөнжил, гудас, дүүргийн Засаг дарга 50 ширхэг ор хандивласан нь хүүхдийн тасгаа өргөтгөхөд тус болжээ. 


ЦЭРГИЙН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСАГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
 

Цэргийн эмнэлэгт шинээр хүүхдийн тасаг байгуулж, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн найман хорооны хүүхдийг эмчлэхээр боллоо. Тасгийн нээлт өчигдөр /2017.01.16/ болсон. Хүүхдийн тасаг нь Цэргийн нэгдсэн эмнэлгийн хуучин байрны хоёр давхарт байрлаж байна. Энэ хэсэгт өмнө нь Мэдрэлийн тасаг байсныг засч, тохижуулан, хүүхдийн тасаг болгосон байна. Хүүхдийн тасагт есөн эмч, есөн сувилагч ажиллаж байгаа гэв. 

Өнөөдрөөс иргэд бага насны хүүхдээ Цэргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж эхэлжээ.

Эрүүл мэндийн яамнаас зохицуулалт хийж, тус тасгийг Чингэлтэй дүүргийн эмнэлгийн харьяа болгосон тул улсын эмнэлгийн журмаар иргэдэд үйлчлэхийг санууллаа. Гэхдээ Баянзүрх дүүргийн 8, 10, 13, 16, 17, Чингэлтэй дүүргийн 9, 10, 13 дугаар хорооны хүүхдүүдэд үзлэг хийнэ гэдгийг анхаараарай. 

Хүүхдийн эмч Д.Мөнхжаргал

Хүүхдийн эмч Д.Мөнхжаргалын хэлж буйгаар тус тасагт өчигдрөөс хойш шөнөдөө гурав, өглөө хоёр хүүхдийг үзүүлжээ. Тэрбээр “Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эмнэлгийн ачааллыг бууруулах зорилгоор бид ажиллаж байгаа. Эцэг, эхчүүдэд хүүхдийн тасаг ажиллаж байгаа зар, мэдээллээ хүргэн ажиллаж байна. Өнөөдөр үдээс хойшдоо эхлээд ачаалал нэмэгдэх хандлагатай байна” гэлээ.

Энэ тасаг нийт 50 ор, 11 өрөөтэй. Энэ нь сардаа 250-300 хүүхдийг хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай гэсэн үг. Эрүүл мэндийн яамнаас 67.8 сая төгрөгийн хүүхдийн яаралтай тусламжийн төрлийн тоног төхөөрөмжийг суурилуулж өгсөн байв. Тухайлбал, амьсгалын аппарат, судасны шахуурга, өвчтөний монитор, соруулгын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч зэрэг багтаж байгаа ажээ. 

Цэргийн төв эмнэлгийн Поликлиникийн дарга, дэд хурандаа Г.Тунгаамаа

Хүүхдийн тасаг нээснээр эмч, сувилагч нарын тоо нэмэгдэж, шинэ ажлын байр нэмэгджээ.

Эрүүл мэндийн хөгжлийн төвд бүртгэлтэй байдаг хүүхдийн эмч, сувилагч нараас туршлага, ур чадварыг нь харгалзан энд ажиллуулахаар сонгож авсан байна.

Цэргийн төв эмнэлгийн Поликлиникийн дарга, дэд хурандаа Г.Тунгаамаа “Хэдийгээр ханиад томууны үед хүүхдийн тасаг нээн ажиллуулах болсон ч цаашид тогтмолжуулахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, Цэргийн эмнэлэгт цаашид ч хүүхдийн тасагтайгаар үйл ажиллагаа явуулахыг эрмэлзэж байна. Цэргийн эмнэлэг зөвхөн цэргүүдээс гадна тэдний ар гэрийнхэнд үйлчилж, хүртээмжээ нэмэх ёстой гэсэн чиг шугамыг барьж ажиллана” гэдгийг онцолж байлаа.

Цэргийн эмнэлэгт хүүхдийн тасаг байгуулах ажлыг 24 хоногийн хугацаанд яаралтай зохицуулжээ.

Гол нь нүдээ олсон зөв шийдвэр, мөн Батлан хамгаалах яамны зүгээс зохион байгуулалтыг маш сайн хийсэн учраас энэ ажил хурдан бүтсэн гэдгийг эндхийн эмч, мэргэжилтнүүд сайшааж байв. 

Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг /2017.01.17/

Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг /2017.01.17/

Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг /2017.01.17/

Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг /2017.01.17/

Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг /2017.01.17/

Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг /2017.01.17/

Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг /2017.01.17/

Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг /2017.01.17/

Цэргийн нэгдсэн эмнэлэг /2017.01.17/

Цэргийн нэгдсэн эмнэлэг /2017.01.17/

Цэргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг /2017.01.17/

Цэргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг /2017.01.17/

Б.ЗОЛЗАЯА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж