Талбайн тенниний энэ оны анхны “Их дуулга” болох Австралийн нээлттэй тэмцээн өчигдөр /2017.01.16/ Мельбурн хотноо эхэллээ. Ийнхүү талбайн теннисний шилдэг теннисчид Австралид цуглаад байна.
Энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээний шагналын нийт сан 50 сая австрали доллар /ойролцоогоор 29,4 сая фунт/ болсон нь өнгөрсөн жилийнхээс 14 хувиар өссөн дүн юм. Ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тамирчин 3,7 сая австрали доллар халааслах бол нэг ялалт авч, 64-д үлдсэн теннисчин 50 мянган австрали долларын шагнал хүртэнэ.
Өчигдөр эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тоглолтууд эхэлж, хоёрдугаар тойрогт өрсөлдөх теннисчид эхнээсээ тодорч эхэллээ. Эрчүүдээс Их Британийн Энди Маррей, Чехийн Томаш Бердых, Швейцарийн Рожер Федерер, Японы Кей Нишикори нарын шилдгүүд эхний учраагаа хожиж, 64-д үлдээд байна.
Эмэгтэй теннисчдээс дэлхийн чансааг тэргүүлж буй Германы А.Кербер болон АНУ-ын эгч, дүү Уильясмсууд хоёрдугаар тойрогт үлдлээ. Мөн ОХУ-ын Кузнецова, Макарова, Испанийн Мугуруза, Их Британийн Конта нарын шилдэг теннисчид ч учраагаа хожжээ. Харин тэмцээний дөрөвт эрэмбэлэгдсэн Румыны С.Халеп АНУ-ын Рожерст 6:3, 6:1-ээр хожигдон, тэмцээнээ өндөрлүүллээ.
Австралийн нээлттэй тэмцээн нэгдүгээр сарын 29-д өндөрлөнө.
Ч.БОЛОР