Нэгдүгээр сарын 20-ныг хүртэл согтууруулах ундаа худалдахгүй

Хуучирсан мэдээ: 2017.01.18-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сарын 20-ныг хүртэл согтууруулах ундаа худалдахгүй

  • Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт таван хүн архинд хордож нас барсан. Мэргэжлийн хяналтын газрын хувьд үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан нийт 247 улсын байцаагч, ажилтан ажиллаж, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг 761 газрыг хамруулан шалгалт хийж, сэжиг бүхий 3363 шил архийг битүүмжлэн лацаджээ. Мөн 52 дээжийг итгэмжлэгдсэн лабораториудад хүргүүлэн шинжлүүлж эхлээд байгаа юм.


  • Нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр мэдээлэл хийлээ. Ингээд 2017.01.17-ны өдрийн 18.00 цагаас 2017.01.20-ны өдрийг дуусах хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг бүрэн хориглох шийдвэр гаргаж буйгаа танилцууллаа.


  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Нийслэлийн эрүүл мэндийн газар зөвшилцөж, сурагчдын амралтыг нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл буюу долоо хоногийн хугацаатайгаар сунгахаар болсныг яамнаас албан ёсоор мэдэгдлээ. 


  • Сонгинохайрхан дүүргийн хороодын сонгогч, сонгогчдын эрх ашгийг хамгаалах түр хорооноос өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг дарга нарыг хууль зөрчин сонгож байна гэлээ.

Тэдний тайлбарлаж байгаагаар МАН-аас томилогдсон Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхцэцэг нь 2016 оны арваннэгдүгээр сарын 25-ний өдрөөс Иргэдийн Нийтийн хурлын тамгыг хураан авч, Иргэдийн Нийтийн Хурлыг эрх зүйн чадамжгүй болгосон гэж тайлбарлажээ.


  • Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, шилдэг жүдоч Сайнжаргалын НЯМ-ОЧИР их спортоо орхилоо. Зодог тайлах ёслол өчигдөр Спортын төв ордонд болов. Тэрбээр өчигдрөөс эхлэн дасгалжуулагчийн албанд шилжиж байна.


  • Нэн ховор монгол бөхөн бог малын халдварт мялзан төст өвчний улмаас олноор үрэгдсээр байна. Мялзан өвчний улмаас 727 бөхөн, гурван хар сүүлт үхэж хорогдсон гэх урьдчилсан тоог албаныхан хэлж байсан. Тэгвэл энэ тоо 62-оор нэмэгдэж, 789 болсон тухай Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэргэжилтэн Д.Байгалмаа мэдээллээ.


  • ХХОАТТХ-ийн дагуу орлогын албан татвар төлсөн тайланг хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсаар гаргаж, өөрийн амьдран суудаг харьяа татварын албанд 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх талаар өчигдөр мэдээллээ. ХХОАТ төлөгч нь хуулийн 16.1.12 дахь хэсэгт заасны дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж