Парламентын хамгийн залуу гишүүн Д.Гантулгатай ярилцлаа. Ярилцлагаа улс төр, эдийн засгийн сэдвээр биш зөвхөн түүний амьдралын замнал, амжилтанд хүрсэн нууц, ирээдүйн зорилгын талаар хүүрнэсэн юм. Энэхүү ярианаас “Би мөрөөдлөө бусадтай хуваалцдаг. Жишээ нь, оюутан залуучуудынхаа лидер болно гэдгээ бусдад хэлсэн. Хүн хүсэл мөрөөдөл зорилгоо ил хэлчихээр өөртөө хариуцлага хүлээж эхэлдэг” гэдэг санаа залуучуудад үлгэр жишээ болж, хэрэгжүүлж болохуйц санагдлаа. Ингээд та бүхэнд ярилцлагаа хүргэж байна.
-Энэ парламентын хамгийн залуу гишүүн нь та. Тангараг өргөж гишүүн болсноос хойш ажилдаа хэр зэрэг дадлага туршлагатай болж байна вэ. Сурч мэдэх зүйл олон байна уу?
-УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл, түмэн олны үзэл бодлыг илэрхийлэх индэр юм. Бид санаа бодлоо уралдуулаад, хууль боловсруулаад бодлого гаргадаг. Парламентад олон салбарын мэргэжилтэй, янз бүрийн насны хүмүүс бий. Тэдний дунд би харьцангуй залуу учраас аль болох залуучуудын туулж байгаа амьдрал ахуй, үзэл бодлыг нь илэрхийлэх үүрэгтэй. Мэдээж надад итгэл хүлээлгэж сонгосон тойргийнхоо иргэдийн дуу хоолой болох нь чухал. УИХ-ын гишүүн бол төгс төгөлдөр хүн биш. Зүгээр л салбар салбарын мэргэжилтэй, нутаг нутгийн төлөөлөл. Тийм учраас би залуучуудын дуу хоолой болох гэж хичээж байна. Надад маш олон хүмүүс тус дэм болж байгаа. Яагаад гэвэл, залуу хүн алдчих вий, мэдэхгүй чадахгүй зүйл гарах вий, бид залуу хүн учраас залуучуудаа дэмжих хэрэгтэй гэдэг хандлагаар туслах хүмүүс байна. Би УИХ-ын гишүүн болоод зургаан сарын хугацаанд хийсэн ажлынхаа тайланг гаргаж танилцуулсан. Ер нь гишүүд тайлан гаргаад танилцуулаад байдаггүй юм байна лээ. Дөрвөн жилийн дараа тойрогтоо очоод ялалт байгуулвал сайн ажилласан, ялагдвал муу ажилласан гэдэг дүн авдаг. Би бол тойрогтоо хамгийн олон удаа очиж ажилласан гишүүнээр тодорч байна. 14 удаа очиж ажиллаад тойргийнхоо иргэдийн санал, бодолтой танилцаж, төсөвт суулгасан. Эхнээсээ ганц нэг бүтээн байгуулалтын ажил хийж, хэд хэдэн тууз хайчлаад амжсан. Дээр нь гадаад томилолтоор найман улсад 41 хоног ажилласан. Тэгэхээр өнгөрсөн хагас жилд багагүй ажил амжуулсан он цаг байсан байх гэж бодож байна.
-Өнгөрсөн зургаан сарын хугацаанд тойрогтоо 14 удаа очсон, найман оронд 41 хоног ажилласан гэлээ. Гэтэл таныг чуулгандаа ирэхгүй байна. Батлан даалтад авах хэрэгтэй гэх мэт санал чуулганы индэр дээрээс гарч байсан. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
–Ц.Нямдорж дарга надад маш их итгэдэг, зөвлөдөг. Намын Удирдах зөвлөлийн хурал дээр намайг дэмжсэн. Би бол улс төрд суралцаж яваа хүн. Тэр утгаараа Ц.Нямдорж дарга намайг аль болох чуулгандаа сууж, үзэл бодлоо илэрхийлдэг байгаасай гэж хүсч байгаа. Гэхдээ зарим үед үг хэлээд байх шаардлагагүй байдаг. Орж ирж байгаа хуулийн төсөлтэй холбоотой салбар салбарын төлөөлөл нь үзэл бодлоо илэрхийлээд явдаг. Миний хувьд бүрэн эрхийнхээ эхний хоёр жилд нь хууль, бодлого гаргах зарчим системийг мэдэж авах ёстой гэж боддог. Сүүлийн хоёр жилд нь судалж мэдсэн судалгааныхаа үр дүн дээр суурилсан хууль, бодлого гаргахын төлөө зүтгэнэ. Ер нь хууль боловсруулах батлах ажилд сэтгэл хөөрлөөр хандаж, нэг хоёр хоногийн дотор хийдэггүй. Бидэнд тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг хурдан давж гарах хэрэгцээ юм. Тиймээс миний хувьд чуулганы танхимд олон үг хэлэхээс илүү хийхийг илүүд үзэж байна. Энэ чуулганд зүгээр л үг хэлэхийн төлөө суудаг гишүүн олон байдаг. Хэлсэн үгээ фейсбүүк твиттерээр цацаж, түүндээ мөнгө төлж баахан boost хийгээд өөрийгөө од болсон мэт мэдрэмж авдаг байх жишээтэй. Нэгнийхээ явуулж байгаа бодлогыг унагаах гээд өдөржин О.Баасанхүү гишүүн шиг яриад байж болохгүй. Би заримдаа дургүй хүрээд байдаг шүү. Юуны төлөө ярьж байгаа юм. Үнэхээр бодлого төлөвлөгөө нь буруу байвал ганцаараа гараад жагсаж болно. Л.Гүндалай гишүүн байхдаа яаж ганцаараа тэмцдэг байлаа. Яруу найрагч О.Дашбалбар гуай улс төр, нийгмийн төлөө хэрхэн тэмцдэг байв. Энэ мэт тэмцэгчдийн олон жишээ бий. Гэтэл зүгээр л эсэргүүцээд яриад байдаг гишүүд байх юм.
-УИХ-ын гишүүн болгон улстөрч байдаггүй гэж зарим хүн ярьдаг. Тэгвэл энэ парламентын гишүүдээс хэнийг бэлтгэгдсэн улстөрч гэж харж байна вэ? Аль гишүүнээс үлгэр жишээ авдаг вэ?
-Хүн алхам тутамдаа суралцаж байдаг. Заавал өөрөөсөө илүү хүнээс суралцах албагүй. Энэ 75 гишүүний сайн сайхан, муу муухай бүрээс сургамж авч өөрөө өөрийгөө бүтээж байгаа. Тэгэхээр хүн бол заавал хэн нэгнийг шүтэж, даган баясаж болохгүй. Ер нь ийм байдалтай олон хүн фракцалж байна. Тухайн фракцийн зүг чиг заагч нь үгүй болоход нуран унадаг. Бүхэл бүтэн улс төрийн нам нэг хүний амжилтгүй байдлаас болж нурж байгааг бид харж байна. Тэгэхээр өөр өөрийнхөө өнгөөр солонгорох ёстой. Ялангуяа парламентад энэ маш чухал. Бие биенийгээ дагаад, адилхан болох гээд яваад байвал олон түмний санаа бодлыг илэрхийлдэг парламент биш болчихно.
-Та яг жилийн өмнө ямар ажил хийж байсан бэ? Тухайн үед ямар зорилго өмнөө тавьж өглөө сэрдэг байв?
-Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард Монгол Улсын Шадар сайдын зөвлөх хийгээд, Монгол Төрийн ордонд үнэмлэх үзүүлж орох эрхээ авчихсан байсан. Дээр нь Шадар сайдын албаны харьяа агентлаг газарт хамааралтай шинэ хуулийн төсөлд санаа оноогоо хэлэх юмсан, ажлын хэсэгт орох юмсан гээд явж байлаа. Тухайлбал, Оюуны өмчийн хуульд өөрчлөлт оруулж, тэр газрыг өргөжүүлмээр юм байна гэх мэт. Түүнчлэн намын Удардах зөвлөлийн гишүүн болчихсон нам сонгуульд ялахын төлөө оюутан залуусыг уриалж, ялалтын төлөө юу хийж болох вэ гэж бодож энд тэнд лекц, илтгэл уншиж явлаа.
-Илтгэл гэснээс та УИХ-ын гишүүн болоод илтгэлээ уншсан уу?
–Илтгэлээ уншина. Одоо ч уншиж байгаа. Сүүлд TEDx-ийн арга хэмжээг манай нутгийн залуучууд санаачилж, Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулсан. Энэ арга хэмжээ яг олон улсын стандартаар болсон. Надаас гадна дөрвөн илтгэгч оролцсон. Бид олон улсын стандартын дагуу 18 минутад ярьсан. Миний хувьд туулсан амьдрал, бодол санааныхаа илэрхийллийг дурдсан. Олон хүн үзэж, өөрийнхөө давуу тал үнэт зүйлийг ойлгоод, хөгжихийн төлөө нэг ч гэсэн санаа аваасай гэж бодож сошиалд тавьсан байгаа. Ер нь цаашид илтгэл лекц уншина. Хүмүүс хоорондоо ярилцах хэрэгтэй. Би мөрөөдлөө бусадтай хуваалцдаг. Жишээ нь, оюутан залуучуудынхаа лидер болно гэдгээ бусдад хэлсэн. Хүн хүсэл мөрөөдөл зорилгоо ил хэлчихээр өөртөө хариуцлага хүлээж эхэлдэг. Харин зорилгоо хуваалцчихаад, хэлсэндээ хүрэхгүй байвал утгагүй. Тэгэхээр үзэл бодлоо илэрхийлж, зорилгоо бусдад хуваалцана гэдэг нь хүн өөрөөсөө урвахгүй байх шалтгаан юм. Өнгөрсөнд юу мөрөөдөж байснаа мартахгүй байх эргээд өөрийнхөө эхэлж байсан цаг хугацааны алдаа оноог олж харах олон том боломж юм. Тийм учраас би хааяа Youtbue дээр байгаа Гантулга гэж хүний илтгэл, яриаг үзэж суух дуртай. Тэгж байж өөрийгөө хэн байсан, юу мөрөөдөж байснаа мартахгүй өөртэйгөө уулзах боломж олддог юм.
-Ардын нам бодлогоороо залуучуудыг дэмжиж, мэргэшүүлэх тал дээр анхаарч эхэлж байх шиг байна. Үүний нэг жишээ бол залуу генсектэй боллоо. Харин намын залуу гишүүд хэр зэрэг чадамжтай байна вэ?
–Манай намыг ахмадуудын нам, удаан нам гэх мэт шүүмжлэл хэлдэг. Гэтэл яг үүний эсрэг нам юм шүү. Ардын нам сүүлийн үед лидерүүдээ олон удаа сольсон. Тэр бүхэнд шинэ залуучууд гарч ирж байсан. Шинэ бодлого хөтөлбөр хэрэгжиж байсан. Залуу гишүүдийн байгууллагыг дэргэдээ байгуулсан. Энэ нь нэг талдаа залуучуудад боломж олгож, нөгөө талдаа тодорхой цаг хугацаанд шалгаж байсан. Тэр шалгуурыг давж чадвал улс төрийн том босгоор оруулж ирдэг, төрд ажиллах бололцоог олгодог. Харин унах юм бол тэндээс нь буцаадаг. Бусад намуудын дэргэд залуучуудын байгууллага гэж алга. Нэр төдий байгууллага байна. Бусад намын туршлагатай улстөрчид нь залуучуудаа туршиж чадахгүй байна. Иймээс авлига авч баригдаад намынхаа нэрийг унагаж байна. Зарим бэлтгэгдээгүй хүмүүс нь төрийн ажлыг унагаж, олон түмний цэнзүүрт тэнцэхгүй байна. Тэгэхээр бусад намууд тэр дундаа Ардчилсан намыг хөгжөөсэй гэж боддог. Ардчилсан нам өөрчлөгдөж шинэчлэгдээд, залуучуудын байгууллагаа аятайхан болгох хэрэгтэй. Тус намын залуучуудын байгууллага нь фракц тойрсон хэдэн агаа нарын тоглоомын бай болоод байгаа учраас хөгжиж чадахгүй байна. Бусад нам сайн хөгжиж чадахгүй бол манай нам мөн адил хөгжихгүй. Яагаад гэвэл өрсөлдөөн байхгүй болно. Тиймээс би Ардчилсан намын залуучуудын байгууллагад санаа зовдог.
-Та хэр зэрэг ном уншдаг вэ? Одоо таны ажлын ширээн дээр ямар ном байна вэ?
-Би бол ном бага уншдаг хүмүүсийн тоонд орох байх. Яагаад гэвэл, УИХ-аар маш олон хуулийн төсөл хэлэлцэж байна. Яг үнэндээ бүх цаг заваа зарцуулж хуулийн төсөл уншсан ч зарим хуулийн төслийг уншиж амждаггүй. Тийм олон хуулийн төсөл цаг наргүй хэлэлцдэг юм байна. Тиймээс би ном уншихтай манатай л байна. Одоо бол хуулийн төслүүдээс амьдралд ойрхон санаа оноо өгч магадгүй гэсэн төслийг сугалж аваад ажиллаж байгаа. Жишээ нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Залуучуудын хөгжлийн тухай хуулийн төсөл, Инновацийн хуулийн хэрэгжилт гэх мэт зүйлд анхаарч байна. Өнөөдрийн хувьд миний ширээн дээр Монголын нууц товчоог бичсэн түүхийн талаар нэг номыг нутгийн ах бэлэглэсэн, хараад сууж байна даа.
-Та бага байхдаа ямар сурагч байсан бэ? Нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байсан уу?
-Би салааны даргаас эхлээд ангийн дарга, сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга, аймгийн хүүхдийн байгууллагын тэргүүн, Олон улсын оюутны байгууллагын ерөнхийлөгч хийж явсан. Миний амьдралын ихэнх цаг хугацаа олон нийтийн байгууллага дунд өнгөрсөн. Тиймээс магадгүй олон нийт, залуучуудын байгууллага дунд өөрийн гэсэн орон зай байр суурийг олж авсан байх. Тэр байр сууриндаа итгэл үнэмшилтэй хандаж, төр түмний төлөө зүтгэж чадах юм байна, надад авьяас билэг байж мэдэх нь гэж өөртөө итгүүлсэн. Энэ итгэлээ олон түмэнд хэлж явдаг байсан. Тиймээс магадгүй сонгуульд ялалт байгуулах, залуу гишүүн болох, төр барьж байгаа намын Удирдах зөвлөлийн гишүүн, дэргэдэх залуучуудын байгууллагын ерөнхийлөгч болох боломж олдсон байх. Энэ бүгд бага насандаа олон нийтийн ажилд идэвхтэй оролцож явсантай холбоотой. Би олон ярилцлагадаа дурдаж байсан. Сургуульд байхдаа захирлын өрөөнөөс нэг дахин том хэмжээтэй хүүхдийн байгууллагын өрөөг гаднаас нь түлхүүрээр онгойлгож орох эрхтэй аймгийн Хүүхдийн байгууллагын дарга байсан. Сая сургуулийнхаа 15 жилийн ойн арга хэмжээнд очоод захиралтайгаа өнгөрсөн түүхээ ярьж суухад захирал маань “Би хүртэл гаднаас ордог түлхүүргүй байлаа” гэж байсан. Тэгэхээр би есдүгээр ангид байхдаа захирлын өрөөнөөс хоёр дахин том өрөөнд суудаг хүүхдийн байгууллагын дарга байж дээ.
-Бага байхаасаа л өөртөө зорилго тавьж, зорилгоо биелүүлэхийн төлөө зүтгэдэг хүүхэд байжээ. Тийм үү?
-Би хүүхэд байхдаа ирээдүйн мэргэжлийнхээ тухай нэг зохион бичлэг бичсэн байдаг. Тэр бичлэгт том болоод цагдаа болно. Тэтгэвэрт гарахдаа хогны машины жолооч болно гэсэн байгаа юм. Одоо бол тэр мөрөөдлөөсөө огт урваагүй гэж боддог. Яагаад гэвэл цагдаа болно гэдэг хүсэл бол тухайн үед гардаг байсан “Сансрын нисгэгч Волтрон” хүүхэлдэйн кинотой холбоотой. Киноны гол баатар нь гариг ертөнцийг хамгаалдаг сансрын цагдаа. Тэгэхээр олон түмний төлөө зүтгэдэг, хамгаалдаг, сайн үйлс бүтээдэг хүнийг хүүхдүүд баатар, цагдаа гэж боддог байсан байх нь. Одоо том болоод цагдаа болох цаад хүсэл мөрөөдлөөсөө урваагүй. Харин улстөрч болно гэдгийг цагдаа болно гэж төлөөлүүлж хэлж байсан байна гэж боддог. Одоо докторт сурч байгаа. Судалгааны ажлаа хийж байна. Залуу уяачдын холбоог удирдаж, лекц илтгэл уншаад явдаг хүний хувьд хөгширсөн хойноо ч нийгэмд үүрэг оролцоотой байх юмсан гэж боддог. Ядаж хогны машины жолооч хийх дайны амьтан байх юмсан гэж багадаа мөрөөдсөн юм болов уу. Яагаад гэвэл тэр үеийн ихэнх өвгөд нуруугаа үүрээд, таягаа тулаад, гудманд даалуу нүүгээд, тамхи нэрээд, талханд яваад, хүүхэд хараад байж байхад миний мэдэх нэг өвөө хогны машин жолооддог байсан. Тэр хүн бусад өвөө нараас илүү нийгэмд үүрэг гүйцэтгэж, амьдралын зорилготой мэт санагдсан. Тиймээс би ядаж л хогны машин жолоодох хэмжээний оролцоотой хүн байхсан гэж бодож тэр зохион бичлэгийг бичсэн байх. Тэгээд одоо бол лекц илтгэл уншаад нийгэмд үүрэг оролцоотой судалгаа зөвлөгөө өгөөд суудаг хүн болох байх гэж бодож байна.
-Бага насны амьдрал хэрхэн өнгөрсөн талаар ярихгүй юу?
-Би олон сургууль шилжсэн. Нийслэлийн VI сургуульд орж, дараа нь Эрдэнэт хотын VIII бага сургуульд хоёр, гуравдугаар ангиа төгсөөд, дөрөвдүгээр ангидаа Хэнтий аймгийн I арван жилд суралцсан. Ингээд долдугаар ангидаа Хэнтий аймгийн IV арван жилийн шинэ сургуульд орж, тэндээ суралцаж төгссөн. Багын махлаг хүүхэд байсан. Хүмүүс намайг бондгор гэж шоолдог, хааяа нэг барилддаг байлаа. Огт дуулж чаддаггүй болохоороо солгой хоолойтой гэж шоолуулна. Бага зэргийн сахилгагүй ч олон нийтийн ажилд идэвхтэй, бүх хичээлээр олимпиадад бэлдэж оролцдог хүүхэд байсан. Бага байхдаа өөрийгөө их л супер хүүхэд гэж боддог байлаа. Ангийн даргын сонгуультай, сургуулийн шилдэг хүүхэд, аймгийн шилдэг хүүхдээр шалгарч байсан болохоор тэрэндээ урамшдаг байсан юм шиг байгаа юм. Амжилтаа бага багаар ахиулаад ирэхээр хүн өөртөө итгэлтэй болдог. Амжилт бол хүнийг зоригтой болгодог юм байна гэж би боддог.
-Яагаад олон удаа сургууль сольж, шилжсэн юм бол?
-Хэнтий аймгийн Мөрөн суманд манайх амьдардаг байсан. Намайг сургуульд ороход Хэнтийн Дэлгэрхаанд нүүж ирсэн. Манайх нэлээд олон малтай байж байгаад эмээ бурхан болоход бүх малаа ах дүү, хамаатан садандаа тарааж өгсөн. Учир нь ээж маань ”Энэ мал ахуй зөвхөн бидний юм биш ээ. Том ажаагийн чинь юм. Тиймээс нутаг усныхан, хамаатан садандаа тарааж өгнө” гээд тарааж өгсөн. Ингээд цөөхөн малтай үлдсэн. Ээж, аав маань намайг бага байхад салчихсан учраас манай том ах манай гэрийн аавын үүргийг гүйцэтгэдэг байлаа. Ах маань тухайн үед наймдугаар ангид сурч байгаад сургуулиа орхисон. Бас нэг ах маань нэгдүгээр ангид ороод сургуулиа орхисон. Хоёр эгч айлын бэр болоод явчихсан. Ингээд ээж маань дөрвөн хүүтэйгээ үлдсэн. Ах нар маань ээжид дараа болчихгүй амьдралаа авч явахын тулд сургуулиа орхисон байх л даа. Ингээд би хотод байсан эгчийндээ ирж, сургуульд орсон. Тэгсэн манай эгч маш олон удаа нүүсэн. Учир нь багш хүн хөдөө ажиллах тусам цалин нэмэгдэж, нийгмийн хангамж сайжирдаг. Энэ утгаараа олон удаа нүүсэн. Тэгж байгаад намайг дөрөвдүгээр анги төгсдөг жил Баян-Овоо сум руу нүүгээд явчихсан. Ингээд би тавдугаар ангиасаа эхлээд 20 гаруй айлаар амьдарч байж сургуулиа төгссөн дөө. Тэгээд л янз бүрийн хүмүүстэй харьцаж, ая эвийг нь олж сурсан. Тухайн үед гэртээ харих гэж яардаггүй, номын санд сууж хичээлээ хийнэ, олон нийтийн ажил хийнэ. Айлд байдаг хүүхэд чинь гэрт ороод суваг булаацалдаад, дуртай зүйлээ үзэж чадахгүй, намайг хүн загнахгүй ч нэг эвгүй. Хүний хийж өгсөн хоолыг идчихээд хааяа усанд явж, түлээ хагална. Надад бол олон нийтийн ажилд оролцоод явж байх нь илүү амар санагддаг байсан.
-Тэгвэл зарим нэг хүний төсөөлөлд УИХ-ын гишүүн Гантулга арай өөрөөр бууж байсан байх. Таныг өнгөрсөн амьдралдаа үзэж туулсан бүхнийг сонсож дуулаагүй нэгэн үлгэр жишээ авч өөрийгөө дайчилж зоригжуулмаар жишээ байна.
-Одоо ч хүртэл ээж тэтгэвэрт, аав айлын мал маллаад, ах нарын зарим нь барилга дээр ажиллаад, эгч маань эрдмийн ажлаа хийгээд явж байгаа. Эгэл жирийн Монгол ахуй амьдралын нэг өнгө төрх байхгүй юу. Гэхдээ намайг УИХ-ын гишүүн болсон чинь аав руу олон хүн ярьсан гэсэн. “Миний хөгшин морио унаад яваад байх юм уу, хүү чинь гишүүн болчихсон машин унах болоогүй юм уу” гэж. Аав хариуд нь “хүү маань олон түмний итгэл хүлээж төрийн түшээ болсон болохоос тэрбумтан болж, цалин орлого нь ихсээгүй. Тиймээс би юу гэж морио унахаа болих вэ дээ. Морио унаад л явж байна” гэж хэлсэн гэдэг. Манай ах эгч нарт мөн адил “дүү чинь гишүүн болсон хэзээ том байшин авах гэж байна” гэх мэт хатгаас ирдэг гэсэн. Манай ах, эгч нараас монгол гэрт амьдарч байгаа хүн бий.
Монгол төрийн түшээ бол бүх асуудлыг шийддэг дохиур барьсан шидтэн биш. Би одоо 1 сая 400 мянган төгрөгийн цалингаа аваад, ажлаа хийгээд явж байна. Харин гишүүн болсноос хойш миний үгийг арай олон хүн сонсож, намайг арай олон хүн мэддэг болсон байж магадгүй.
-Таны яриаг сонсоод байхад дөрвөн хүү, хоёр охиноо хүний зэрэгт хүргэсэн ээж тань их мундаг хүн шиг санагдлаа. Та бүгдэд юу гэж сургадаг байсан бэ?
-Би аливаа зүйлийг их сонин өнцгөөс хардаг. Жишээ нь аав, ээж хоёрыг салсанд баярладаг. Хоорондоо ойлголцохгүй үргэлж хэрүүл маргаан хийгээд, тэгсэн атал үр хүүхдээ өнчрүүлэхгүйн төлөө хамт амьдарч байгаа өрх гэр олон бий. Ийм гэр бүлд өссөн бол өдийд хэн ч болох байсан юм билээ. Ойлголцох үедээ ойлголцоод зургаан хүүхдийн ээж аав болсон дурсамжтай сайхан цаг үе бий. Хэдийгээр салсан ч гэсэн аль алиндаа дэмтэй тустай амьдраад л ирсэн. Гэхдээ би бусдыг сал гэж уриалж байгаа юм биш. Аав, ээж маань өдийг хүртэл дүр эсгэж амьдарсан бол утгагүй. Олон түмэнд сайхан гэр бүл болж харагдахын тулд хэн хэнийгээ зовоож амьдраагүйд нь би баярладаг. Манай ээж биднийг тэгж амьдар, ингэж хий гэж хэлдэггүй байсан. Биднийг бага байхад ээж дөрвөн хүүдээ “манайхаан цасанд гарах уу” гэж хэлнэ. Бид дөрөв тоглоод хэн нь ч гарахгүй. Тэгтэл ээж шуудай үүрээд цасанд гарангуут бид дөрвүүлээ уралдаж босоод “Ээжээ ор оо” гэж хэлээд өөрсдөө цасанд явдаг байсан. Нэг үгээр хэлбэл чи цасанд гар, чи тийм юм хий гэдэггүй. Биднийг ухаан, үйлдлээрээ хүмүүжүүлсэн.
-Олон эрэгтэй хүүхэдтэй айлд өссөн бол их хоолонд дуртай байдаг шүү дээ. Харин та бага байхдаа ямар хоолонд дуртай байсан бэ?
-Цуйван, ширмэн тогооны хусамд дуртай. Хусам хусч иднэ гэдэг бол хамгийн гоё амттан байсан. Цуйвангаа жаахан түлж хийгээд, идэх дуртай байлаа. Жирийн монгол ахуйгаар өссөн айлын хүүхдүүд дээ.
-Анх 2008 оноос хойш илтгэл тавьж эхэлсэн байна. Сүүлд улстөрчдийн үгийг бэлддэг, пиар тал дээр ажилладаг болсон гэж сонсож байсан. Энэ салбар луу яаж орсон бэ?
-Есдүгээр ангид байхад 2004 оны тавдугаар сарын 31-ны өдөр “Нэг өдөр” гэдэг арга хэмжээ болсон. "Дэлхийн зөн" олон улсын байгууллагын дарга нарын ажлыг хүүхдийн байгууллагын хүүхдүүд солигдож хийсэн юм. Одоо УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ах тухайн үед "Дэлхийн зөн"-гийн техникийн зөвлөлийн даргаар ажилладаг байсан. Ингээд би Л.Оюун-Эрдэнэ даргын ажлыг хийж үзсэн. Тэр өдөр Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Амжилтынхаа хаалгыг итгэлтэйгээр тогш. Тэгвэл чиний өмнө тэр нээгдэх болно” гэсэн үгтэй ил захидал бэлэглэсэн. Тэр үед сонгууль болж байсан юм. Яг сонгуулийн ид үед Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Миний дүү хэзээ нэгэн цагт улс төрд орж ирвэл ах нь чиний менежерээр ажиллана” гэж урам өгч байлаа. Ингээд 12 жилийн дараа хоёулаа Хэнтий аймагт ялалт байгуулаад ирлээ. Дараа нь би Илтгэх урлагийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнд орж тэргүүн байр эзэлсэн. Тэр өдөр хоёрдугаар байранд одоогийн Н.Учрал гишүүн орж байсан юм. Ингээд 2006 онд үндэсний шилдэг илтгэгч болж, Монголын лектор төвд ажиллах урилга авлаа.
Нэгдүгээр курсын оюутан байхдаа Монголын лектор төвд цагийн багш, хоёрдугаарт курст үндсэн багш, гуравдугаар курст сургалт хариуцсан захирал болсон. Сургалт хариуцсан захирал болоод, 2008 оны УИХ-ын сонгуулиар хэд хэдэн гишүүнтэй хамтарч ажилласан. Бидэнтэй ажилласан хүмүүс бүгд гишүүн болсон. Ингээд дараа жил нь зөвлөгөө өгдөг байгууллагыг өөрөө байгуулж, МАН-д элсэж, оюутны байгууллагад орж ажилласан.
-Таны зөвлөгөө нэлээн үнэтэй гэж сонссон. Үнэн үү?
-Илтгэх урлаг гэдэг бол сайн ярих биш. Сайн ярих тал дээр Цоодол ахыг гүйцэж гоё ярих хүн Монголд олдохгүй. Гэхдээ Цоодол ах гишүүн биш байгаа биз. Тэгэхээр сайн ярина гэдэг бол үр дүнтэйгээр үзэл бодлоо олон түмэнд ойлгуулахын нэр. Үр дүнтэй ярих, итгэл үнэмшилтэй үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг бол бүхэл бүтэн шинжлэх ухаан юм. Энэ бол боловсролын салбарын анхдагч ухаан. Би бол салбартаа үр дүнтэйгээр зөвлөгөө өгч чадах гурав, дөрөвхөн хүний нэг гэж өөрийгөө боддог.
-Тэгвэл оюутан байхдаа хүний гар харахгүй өөрийгөө аваад явах чадвартай болчихсон байж ээ.
-Би оюутан байхдаа "Дэлхийн зөн" олон улсын байгууллагын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга охинтой үерхдэг, хамтдаа хажуу өрөө түрээслэдэг байлаа. Бид хоёр 9811-тэй хос дугаар барина. Өдөр бүр “Зөөлөн”, “Хар сувд”, “Романс” ресторанд хоолоо иднэ. Гэхдээ одоо ч гэсэн түрээсийн байранд амьдардаг хэвээрээ шүү.
-Хэзээ өөрийн гэсэн байртай болно гэж бодож байна вэ?
–Байртай, өмчтэй байх хэрэгтэй эсэх тухай их боддог. Өмч хөрөнгө бол чухал биш.
-Амьдралын хамгийн чухал зүйл нь юу гэж боддог вэ?
-Өнгөрсөн амьдралдаа сэтгэл, итгэл, дурсамж бахархал дүүрэн байх. Ирээдүй итгэл төгс байх юм бол амьдрал утга учиртай байна гэж боддог. Миний хүсэл мөрөөдөлдөө хүрсэн замнал миний үр хүүхдийн бахархал болж үлдэх ёстой. Түүнээс биш баахан юм бэлдчихээд түүнийгээ заавал эдэл, хэрэглэ гэж зовоогоод байж болохгүй. Жишээ нь, бид маш их малтай байж болно. Гэтэл хүүхэд нь малчин болох сонирхолгүй байхад малаа өвлүүлчихээд хүүхдээ зовоогоод байж болохгүй. Хүүхэд нь аав ээжийнхээ насаараа малласан малыг нь зарна гэхээр хэцүү байдаг. Малаа маллаад амьдарна гэхээр хүсэл мөрөөдөл нь өөр байдаг. Ийм байвал хэцүү биз дээ. Гол нь үр хүүхдэдээ юм өвлүүлэхийн төлөө биш үр хүүхдээ хүсэл мөрөөдөлтэй, өөртөө итгэлтэй болгохын төлөө амьдрах хэрэгтэй. Харин хүүхэд маань “Аав аа, би төгөлдөр хуур тоглож сурмаар байна” гэхэд нь мөнгөгүй байна гэж хэлэхгүй байхын төлөө хариуцлага хүлээх ёстой. Түүнээс биш хүүхдээ хүсээгүй байхад нь өөрийнхөө ертөнцөд хүлээд байх болохгүй.
Би УИХ-ын гишүүн болж, олон залуусыг улс төрд дурлуулсан байх. Залуучууд болно, чадна гэдэг мөрөөдлөөр улс төрд битгий шуураасай. Яагаад гэвэл хүн өөрийнхөө дуртай зүйлийг хийх нь чухал. Хүн бүр улстөрч болох албагүй. Зарим нь бизнес хийх хэрэгтэй, зарим нь эрдэмтэн судлаач хийх хэрэгтэй. Тиймээс залуучууддаа хандаж хэлэхэд, юу юугүй улс төрд битгий дурлаарай. Хүн бүр хүсэл мөрөөдлөө олж, дурлах ёстой зүйлдээ дурлаасай гэж бодож байна.