“Хүүхдийн ханиад анхаарал суларснаас хүндэрч байна”

Хуучирсан мэдээ: 2017.01.18-нд нийтлэгдсэн

“Хүүхдийн ханиад анхаарал суларснаас хүндэрч байна”

Нийслэлийн эрүүл мэндийн газрын Сувилахуйн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Сонгиносүрэнтэй ярилцлаа. Тэрбээр хүйтний улиралд хүүхдийн ханиадыг хэрхэн эмчилж, асаргаа сувилгаа хийх талаар зөвлөгөө өгсөн юм. Ингээд түүний ярианд анхаарлаа хандуулна уу.


-Хүйтний улиралтай холбоотойгоор гадуур ханиад томуугийн дэгдэлт их байна. Нийслэлийн хэмжээнд ханиад томуугийн дэгдэлт ямар байна вэ?

-Ер нь хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сараас ханиад томуугийн дэгдэлт ихэсдэг. Энэ жилийн хувьд ханиад томуу дэгдэлт харьцангуй их байлаа. Тэр дундаа 0-2 насны хүүхдүүдийн дунд өвчлөл маш их байсан. Үүнд нийт амбулаторийн үзлэгийн 10 хувь, эмнэлэгт хэвтэлтийн 15 хувийг эзэлж байсан бол одоо энэ тоо харьцангуй буурч байна. Ерөнхийдөө 2.2 хувиар буурсан. Гэхдээ ханиад томуугийн өвчлөлийн дуудлага их ирж байна. Эдгээр дуудлагын ихэнх хувийг ханиад томуу эзэлж байгаа.

-Эцэг, эхчүүд хүүхдээ ханиад хүрлээ гэхээр л шууд эмийн сан руу гүйж, эм худалдан авдаг. Харин мэргэжилтнүүдийн эмнээс татгалзахыг зөвлөж байна. Энэ оновчтой эмчилгээ болж чадах уу?

-Ханиад нь хамар, залгиур хоолойгоор дамжин уушги үрэвсэж, хатгалгаа болж хүндэрдэг. Эцэг, эхчүүд ханиадны эхний 3-5 хоногт хүүхдийн хоолой сөөж, халуурах зэрэг шинж тэмдэгүүд илрэхээр хурдан эмчлэхийн тулд эмийн санг зорьдог. Хамгийн эхэнд хүүхдийнхээ халууныг зөв хэмжих хэрэгтэй. Хүүхдийн нүүр улайж, бие нь хөлөрвөл хүйтэн жин тавьж, бүлээн шингэн зүйл уулгана. Эсрэгээрээ хүүхдийн гар, хөл нь хүйтэн царай нь цонхигор байвал дулаацуулж, спирттэй хөвөнгөөр арчих ёстой. Мөн эцэг, эхчүүдэд сануулахад хүүхэд тань 37-38 хэм хүртэл халуурвал биеийн халууныг нь механик аргаар буулгах нь зүйтэй гэж зөвлөмөөр байна.

-Тэгвэл эцэг, эхчүүд маань гэрээрээ хэрхэн эмчилгээ хийх вэ. Хүүхдээ асарч буй эцэг, эхчүүд юун дээр сайн анхаарах ёстой вэ?

-Гэрийн орчны дулаан 18-21 хэм буюу хэвийн байх ёстой. Өрөөний чийглэг 70-80 хувьтай байх нь зохимжтой. Мөн хүүхдэдээ хөнгөн, дулаан, даавуун хувцас өмсүүлээрэй. Хүүхдээ их бигнэхгүй, хэт дааруулахгүй жигд хувцаслах чухал. Ээж, аавууд маань хүүхдийнхээ хөлийг үргэлж хуурай байлгана. Хүүхдийнхээ насанд нь тохируулж зөв хооллох хэрэгтэй. Жишээ нь 0-6 сартай хүүхдүүдийг хамрыг нь сайн цэвэрлэж, 15-20 минут тутамд хөхөө сайн хөхүүлэх нь зүйтэй. Мөн зургаан сараас нэг нас хүртэлх хүүхдэд шингэн зүйл маш сайн уулгаж, өдөрт гурван удаа тогтмол хооллоно. Харин хоёроос дээш насны хүүхдүүдээ таван удаа хооллож, дуртай жимсний шүүсийг буцалсан усаар хандалж өгөх хэрэгтэй.

-Мөн ээж, аавууд ханиадтай хүүхдэдээ адууны махан, байцааны ороолт хийхээс гадна зөгийн балны татлага зэрэг уламжлалт арга хэрэглэж, улам хүндрүүлэх тохиолдол гардаг. Эдгээр уламжлалт аргууд нь хэр үр дүнтэй вэ?

-Юуны өмнө хүүхдийнхээ амьсгалыг маш сайн ажиглах хэрэгтэй. Нярай буюу 0-2 сартай хүүхдийн амьсгал 60-аас, нэг наснаас дээш хүүхэд 50-аас, таван наснаас дээш хүүхэд 40-өөс дээш амьсгалж, цээж хонхолзож байвал ханиад нь уушги руугаа орж, хүндэрсэн гэсэн үг. Тиймээс хүүхдээ сайтар ажиглаж, аль болох олон нийтийн газраар явуулахгүй байх нь зүйтэй. Мөн ээж, аавууд маань гэрийн нөхцөлд аль болох цээж, уушгинд ороолт хийх нь буруу. Эдгээр зөгийн балны татлага, ороолт гэх мэт уламжлалт аргуудыг эмнэлэгт хэрэглэдэггүй.

-Ханиадтай хүүхдэд цэгэн массаж хийх нь их үр дүнтэй эмчилгээ гэж дуулсан. Хүүхдэдээ цэгэн массажийг хэрхэн хийх вэ?

-Ер нь цэгэн массаж нь биеийн нөөц боломжийг идэвхжүүлдэг учир эмчилгээний болон урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Мэргэжлийн эмчээс цэгэн бариа заслын заавар зөвлөгөө авч, хүүхдэдээ хийж өгөх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд хүүхдийн хөл, нуруунд цэгэн бариа хийж, хамрын цэгэн массажийг хийж өгөх нь үр дүнтэй. Хүүхдээ бага зэргийн халуунтай ч гэсэн халуун, бүлээн усанд оруулж болно. Хамгийн гол нь хүүхдээ усанд оруулж, дулаан хувцаслах нь чухал гэдгийг хэлмээр байна. Бүх мэдрэлийн цэгүүд хөлийн уланд байрладаг учраас хүүхдийнхээ хөлөнд цэгэн массаж хийж, биеийн тосолж дулаан байлгах хэрэгтэй. Ээж, аавууд маань ажил төрөлдөө хэт анхаарч, бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа сулруулснаар хүүхдийн ханиадыг хүндрүүлж байна.

А.СҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж